Сүүлд шинэчлэгдсэн: 1 цаг 3 минутын өмнө.
2012 оны 08 сарын 21. 12:06
“Бороо гоулд” ХХК-ийн жишиг уурхайд хурал зохион байгууллаа
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Улс орны эдийн засгийн хамгийн том хөшүүрэг болж буй уул уурхайн салбарын түүхт 90 жилийн ойн хүрээнд салбарын яам, агентлагууд нь олон чухал үйл ажиллагаа зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь энэ сарын 16-17-ны өдөр “Бороо гоулд” ХХК-ийн уурхай дээр зохион байгуулагдсан юм.

Ашигт малтмалын газар, “Бороо гоулд” ХХК-ийн хамтран зохион байгуулсан “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба нөхөн сэргээлт-нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт бага хуралд Эрдэс баялаг эрчим хүчний яам, Уул уурхайн аврах алба, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Салбарын 180 гаруй төлөөлөгч оролцсон бага хурлын үеэр салбарын мэргэжлтэнүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хууль эрх зүйн орчны шинэчлэл гээд олон илтгэл тавьж байв. Энэ үеэр уурхайчид салбартаа тулгамдаж байгаа асуудлыг сэдэв болгон хөндөж, дарга цэрэг гэлгүй тогоон доторхоо уудалж, халуун уур амьсгалыг бүрдүүлж байлаа.

Бага хурлын үеэр хамгийн халуун сэдэв болон хөндөгдөж байсан зүйл нь байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал байсан. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгэн үеэ бодвол хариуцлагатай уул уурхай гэж юу байдгийг зах зухаас нь гадарладаг болсныг ярилцсан. Учир нь 10-аад жилийн өмнө Монгол Улсад нөхөн сэргээлт хийдэг уул уурхайн компани гэж бараг үгүй байв. Харин салбарын холбогдох байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж, байнга ярьдаг сэдэв болсноор аж ахуйн нэгжүүд ч үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлжээ.

Харин бага хурлыг зохион байгуулж байгаа “Бороо гоулд” ХХК-ийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа Монголын топ аж ахуйн нэгжүүдийн нэг гэдгийг хуралд  оролцогчид дуу нэгтэйгээр хэлж байв. Арга ч үгүй биз. Биднийг төлөөлөгчдийн хамт Бороогийн уурхайтай танилцахаар очиход л нөхөн сэргээлт гэдэг зүйлийг ямар өндөр түвшинд хийж, өвс ногоо, зүлэг мод тарьж ургуулсан нь шууд нүдэнд тусч байлаа.

“Бороо гоулд” ХХК Их даширын хөндийд олборлолт явуулж эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл 360 орчим га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь ойжуулалт. Харин тус уурхайд 2008 онд анхны мод үржүүлгийн талбайг байгуулжээ. Тэр жилдээ нөхөн сэргээлтийн явцад 10 орчим га талбайг ойжуулсан байна. Улмаар жил бүр нөхөн сэргээлт хийж буй талбайнхаа хэмжээг томруулдаг болсон аж.

Өнгөрсөн жилийн тухайд мөн л 10 га талбайг ойжуулах хэмжээний суулгац бүхий мод үржүүлгийн талбайг 70 сот газарт байгуулжээ. Ингэснээр дараа дараагийн жилд нөхөн сэргээлт хийж, ойжуулахад шаардлагатай модны суулгацыг өөрсдөө бэлтгэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, уурхай дотроо мод тарьж ургуулаад, ургуулсан модоо нөхөн сэргээлтийнхээ талбайд суулгаж, ойжуулна гэсэн үг. Энэ бол компанийн хувьд төдийгүй манай улсын уул уурхайн салбарт том ахиц, дэвшил юм. Иймээс ч хурлын төлөөлөгчид “Бороо гоулд” ХХК-ийн энэ туршлагаас судлахаар болж байсан.

Харин энэ онд 1200 орчим суулгацыг уурхайн талбайдаа тарьжээ. Үүн дотор шар хайс, чацаргана, хайлаас, сибир ширгэс, гүйлс, агч, монос гээд олон төрлийн суулгац ургаж байна. Гаднаас ирсэн зочдын нүдийг өөрийн эрхгүй татах эдгээр жимс, жимсгэний төрлийн суулгац байгалийн ой модноос нэг их ялгарахгүй харгадаж байсан юм.

Өнгөрсөн жил 60 зүйлийн ургамал, 76 зүйлийн шавьж нөхөн сэргэсэн болохыг олж тэмдэглэжээ. Шавжнуудаас шулуун далавчтан зонхилж буй нь бэлчээрийн хэв шинжид хурдацтай шилжиж байгаатай холбоотой гэнэ. Тухайлбал, шавж дотроос 11 өдрийн эрвээхэй тэмдэглэгдсэн нь нөхөн сэргээсэн талбайн цэцэгт ургамлын хөгжил сайн байгаатай холбоотой аж.

Энд шавжнаас гадна байгаль орчны аливаа сөрөг нөлөөлөлд эмзэг, өртөмтгий хоёр нутагтан, мөлхөгч амьтад монгол бах, гүрвэл, бамбай хоншоорт могой хүртэл суурьшжээ. Энэ мэтээр Бороогийн уурхайд 11 зүйлийн хөхтөн амьтан нутагшсанаас монгол тарвагыг уурхайн байгаль орчны хэлтсээс зориуд нутагшуулсан юм байна. Бусад нь байгалийн жамаар нутагшжээ. Нөхөн сэргээсэн талбайн ургамал, амьтны төрөл зүйл нь ингэж нэмэгдэж байгаа нь нөхөн сэргээлт дүнтэй байгаагийн илрэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Харин компанийн зүгээс мод суулгацаа тариад орхих биш байнга арчилж байдаг аж. Үүний хүрээнд нөхөн сэргээсэн ойжуулалтын талбайдаа зөвхөн орон нутгийн иргэдийг ажиллуулдаг гэсэн. Мэдээж нь энэ ажлын байр орон нутгийн амьдрал ахуйд маш том тус дэм болж байгаа нь ойлгомжтой.

Зочдын бас нэгэн анхаарлыг татсан зүйл нь ашигласан талбайгаа нөхөн сэргээгээд орхих биш, байнгын хяналт, шинжилгээний ажлыг тогтмол хийдэг явдал байв. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээсэн талбайн ургамлын хөгжил, ургамал, амьтны төрөл зүйлийн шинээр нутагшсан эсэхийг тогтмол хянаж, шинээр ямар ургамал, амьтан байршуулбал амьдрах боломжтойг судалдаг аж. Ингэхдээ нөхөн сэргээсэн газраа байгалийн талбайтай нь харьцуулах замаар ажиглалт судалгаа хийдэг гэнэ.

Судалгааны ажлаа ХААИС-ийн Биологийн тэнхим, ШУА-ийн шавж судлалын лаборатори, микробийн нийлэгжлийн лаборатори, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээрийн менежментийн холбоо гээд үндэсний байгууллагын эрдэмтэн, судлаачидтай хамтран хийдэг ажээ.

Хурлын төлөөлөгчдийн дараагийн очих цэг нь хаягдал далан байв. Доогуураа нэвчдэггүй хулдаасан дэвсгэртэй энэ байгууламж нийтдээ 135 га талбайг эзэлдэг. Одоогийн байдлаар хаягдал далангийн хэсгийн 15 га-д нь нөхөн сэргээлт хийжээ. Нэг хэсэг Бороогийн хаягдал далан газартаа нэвчиж байна гэх сөрөг мэдээлэл цацагдаж байсан ч мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар дээж авч шинжилснээр доошоо нэвчээгүй болохыг тогтоожээ.

Компанийн зүгээс долоо хоног бүр хаягдлын далангаас шүүрэлт үүсч буй эсэхийг далангийн биед суурилуулсан 13 ширхэг пизометрийн тусламжтайгаар хянадаг юм байна. Энэ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг уурхайчдын сонирхлыг бас л татаж байсан юм. Сар бүр хаягдлын тунасан уснаас дээж авч судлан энэ усаа эргээгээд үйлдвэрлэлдээ ашигладаг байна. Одоогийн байдлаар үйлдвэрээс гарч байгаа хаягдлыг хоргүйжүүлэх цехээр оруулж, хүнцлийг саяны нэг болтол бууруулж хаягдлын даланд хийдэг байна. Энэ мөн л “Бороо гоулд” ХХК-ийн уул уурхайн салбар хэрхэн хариуцлагатай ажилладгийн нэг жишээ аж.

“Бороо гоулд” ХХК-ийн уул уурхайн салбарт жишиг тогтоосон бас нэг зүйл нь аврах баг. Тус компанийн ажилтнууд өөрсдийн сайн дурын санал санаачилгаар аврах баг гэгчийг байгуулжээ.

Энэ үеэр аврах багийнхан осол гарсан тээврийн хэрэгслээс зорчигчийг аврах, гурван давхар цамхагаас хүний амь аврах, гал унтараах гээд хэд хэдэн үзүүлбэр үзүүлсэн. Хэдийгээр аврах багийнхан мэргэжлийн бус хүмүүсээс буюу ажилчдаас бүрддэг ч ямар ч нөхцөлд мэргэжлийнхнээс дутахгүй сайн ажиллаж чадаж байгааг Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчив хэлж байсан юм.

Учир нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн нэгэн бичил уурхайд гарсан ослын үеэр Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр Бороогоос 10 хүнтэй аврах баг ажиллаж, дөрвөн хүний алтан амийг аварчээ.

Мөн орон нутагт гарсан хээрийн болон ахуйн гал түймэр, ослын үед Бороогийн аврах баг бүрэлдэхүүнээр болон техник машин механизмын туслалцаа үзүүлдэг байна. Уурхайн аврах багийн хичээл зүтгэлийг үнэлж, 2008 онд МАОЭХ-оос ЭМААБО-ны шилдэг менежменттэй байгууллага, 2009 онд Эрдэс баялгийн салбарын аюулгүй ажиллагааны холбооны шагналаар шагнаж байжээ.

Өөрийн уурхайдаа сайн дурын ажилчдаас бүрдсэн аврах багийг бий болгосон “Бороо гоулд” компанийн хамт олон өнгөрсөн жил Киргиз улсын Кумторын уурхайд болсон олон улсын аврах багуудын нөхөрсөг тэмцээнд амжилт гаргаж, дэд байрын эзэн болжээ. “Бороо гоулд” ХХК-ийн аврах багийнхан жил бүр ОБЕГ, УУАА, уул уурхайн компаниудын аврах ангиудтай хамтран жил бүр нөхөрсөг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлал болсон нөхөрсөн тэмцээн удахгүй болно гэдгийг уурхайн аврах багийнхан хэлж байв.

Ийнхүү Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан бага хурал “Бороо гоулд” ХХК-ийн уурхай дээр хоёр өдөр үргэлжилсэн юм. Улс орны эдийн засгийн хөшүүргийн нэг болсон уул уурхайн салбарт хүчин зүтгэж яваа Монголын мянга мянган уурхайчдад дэлхийн стандартад нийцсэн жишиг уурхайг хөгжүүлэхийг уриалж байна.

“Бороо гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакофф:

 Нөхөн сэргээх чиглэлээр хийж байгаа ажлаараа маш их бахархдаг

 “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба нөхөн сэргээлт- нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт бага хурлыг зохион байгуулагч “Бороо гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакоффтой ярилцлаа.

-Уул уурхайн салбарын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон ажлуудын нэг хэсэг нь өнөөдөр “Бороо гоулд” ХХК-ийн уурхай дээр болж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй энэ компанийн удирдлагын хувьд  энэ үйл ажиллагааныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өнөөдрийн энэ үйл ажиллагаа уурхайн олборлолтын талбай дээр болж байна. Энэ бол “Сентерра гоулд”, “Бороо гоулд” компанийн хувьд маш том нэр хүндийн асуудал. Яагаад гэвэл энэ үйл ажиллагаа Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд манай компани дээр зохион байгуулагдаж байна.

Тиймээс бид аль болох сайхан зохион байгуулахаар бэлдсэн. Энэхүү үйл ажиллагаа маань “Байгаль орчин-аюулгүй ажиллагаа” гэсэн сэдэвтэй. Тэгэхээр бид энд хүрэлцэн ирсэн зочдоо нөхөн сэргээсэн талбай, хуучин шороон орд явуулж байсан талбайн сэргээлт, хаягдлын отваль, хаягдлын далан гээд бүхий л нөхөн сэргээсэн талбайгаараа дагуулж явж, үзүүллээ.

-Уул уурхайн салбарынхан хуран чуулсан “Байгаль орчин-аюулгүй ажиллагаа” сэдэвт бага хурлыг “Бороо гоулд” ХХК-ийн уурхай дээр зохион байгуулах санаачилгыг хэн гаргасан бэ?

-Ашигт малтмалын газраас манай компанитай холбогдож, ийм ажиллагааг танай уурхай дээр зохион байгуулж болох уу гэж асуусан. Мэдээж бидний зүгээс энэ саналыг маш таатайгаар хүлээж авсан. Ер нь хурал, семинар гэхээр зүгээр л нэг хурлын зааланд болдог.

Харин бид хурлын зааланд хэдэн хүн цуглуулчихаад сууж байхыг хүсээгүй. Тийм учраас энэ удаагийн хурал яг уурхайн орчинд нь, аюулгүй ажиллагаа гэж юу юм, нөхөн сэргээлтийг яаж хийдэг вэ гэдгийг газар дээр нь нүдээр үзэж, хоорондоо ярилцаж, санал бодлоо солилцож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.

-Танай компанийг Монголд нөхөн сэргээлт буюу хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоож байгаа гэж мэргэжлийн хүмүүс нэлээд ам сайтай байна?

-Уул уурхай дэлхий даяар байгаль орчин талаасаа их муу нэртэй байдаг л даа. Тийм болохоор бид байгаль орчин, үйлдвэрлэл хоёр нягт холбоотой ажиллах ёстой гэсэн зарчим баримталж ажилладаг. Манайх байгаль орчинд учирч болох хохирлыг аль болох бууруулхыг хичээдэг.

Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрээс гарч байгаа хаягдлыг хоргүйжүүлэх цехээр оруулж, цианит болон хүнцлийг саяны нэг болтол бууруулж байж хаягдлын даланд хийж чадаж байна. Нөхөн сэргээлт хийсэн талбайнууд ч гэсэн маш үр дүнтэй байгаа. Тийм учраас бид байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөрөө маш их бахархдаг.

-“Бороо гоулд” ХХК сайн дурын аврах баг байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Магадгүй энэ нь уурхай үйлдвэрлэлийн осол гэмтэлгүй ажиллахад маш том нөлөө үзүүлдэг байх. Ер нь өнгөрсөн хугацаанд осол гэмтлийн тоо хэр байв?

-Манай ажилчдын бас нэг бахархалтай зүйл нь хоёр сая цаг буюу хоёр жил ямар нэг осол гэмтэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Энэ бол уул уурхайн салбарынхны хувьд маш том амжилт юм. Ингэж осол гэмтэлгүй ажиллахад манай 500 орчим ажилчны хувь нэмэр, ажлын ур чадвар, дадал хамгаас чухал.

 Хамгийн гол нь зөвхөн Бороогийн ажилчид бус манай бүх гэрээт ажилчид ямар нэгэн осол авааргүй ажилласан гэдгийг онцлох хэрэгтэй.

Бид гэрээт ажилчдадаа ч аюулгүй ажиллагааны дүрэм журмыг маш өндөр сахиж ажиллах шаардлага тавьдаг. Бидний зүгээс манайд ажилласан хүмүүс ажлын байран дээрээ гэлтгүй гэр орондоо ч гэсэн ахуйн аюулгүй байдлаа хангаж, хэвшүүлээсэй гэж хүсдэг.

Share
Одоогоор 3 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
mongol xun бичсэн нь: /202.55.191.37/
2012/08/21 13:54:00
saindaa ch bishee zuv zugeer ochnoon tonn alt avchixsan umnuud xel amaa daldlax gej l xj bgaa ajil ni,daxiad unegui tatvargui altiig ni urgeljluuleed l zoox sanaatai bgaa ulsuud shuudee.
бичсэн нь: /202.170.93.2/
2012/08/21 14:29:38
Манайхан саяхан энэ уурхай дээр очсон. Тэр нөхөн сэргээлт бол үнэхээр овоо байна лээ. Эднийх 3 жил татвараас чөлөөлөгдсөн гэдгээрээ л адлуулдаг болхоос биш Монголд байхгүй уурхай юм байна лээ. Хамгийн гол нь менежмент сайтай. Энэ төрд байгаа хөлдүү толгойнууд уурхай дээр очих хэрэгтэй.
zochin бичсэн нь: /184.78.96.189/
2012/08/22 08:20:16
nuhun sergeelt sain hiisen n haragdaj baina.nuhun sergeelt hiihgui baigali suitgej baigaa busad kompaniud ulger jishee avah heregtei.
54.87.128.228
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Жолиг жирэмсэн гэв
6 цаг 11 минутын өмнө.
Хурим хийх өдрөө зарлав
6 цаг 28 минутын өмнө.
Украинд зэвсэг нийлүүлэхгүй
6 цаг 53 минутын өмнө.
ОХУ-д шинэ хориг тавив
7 цаг 33 минутын өмнө.
Бүх нийтээр амарна
1 өдөр 7 цагийн өмнө.
Үс засуулахад тохиромжгүй
1 өдөр 9 цагийн өмнө.
Такси № 110
2014 оны 12 сарын 19. 17:24
АН зөвшилцлөөсөө ухраад байна
2014 оны 12 сарын 19. 17:00
Урт цагааны замыг нээлээ
2014 оны 12 сарын 19. 14:33
Ялтан оргохыг завджээ
2014 оны 12 сарын 19. 12:00
Хуулиудын төслийг батлав
2014 оны 12 сарын 19. 11:59
Орос хэзээ ч ганцаардахгүй
2014 оны 12 сарын 19. 10:38
Чуулганы хуралдаан эхэллээ
2014 оны 12 сарын 19. 10:37
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.