Сүүлд шинэчлэгдсэн: 8 цаг 25 минутын өмнө.
2013 оны 06 сарын 10. 18:30
Монгол Улсын иргэн болгон хүүхдийнхээ төлөө дуугардаг байя
  “Хүүхдийн эрх, хамгаалалд үүрэг хүлээгчдийн хариуцлага” улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнөөр Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, Хүүхдийн төлөө байгууллагын бүтэц тогтолцоо, ажилтны эрх зүйн чадамж, гэр бүлийн хүчирхийлэл, түүнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэв. Зөвлөгөөнд хүүхэд хамгааллын үндэсний бодлогыг тодорхойлохоор холбогдох яам, олон улсын болон ТББ, хөдөө орон нутгийн нийт 800-гаад төлөөлөгч оролцлоо.   Оролцогчид хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг зэрэг зүй бус бүхий л хандлага нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил хэмээн санал нэгдсэн ч өнөөдөр хүүхэд хамгааллын тогтолцоо бүрэлдээгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан. Хүүхэд хамгааллын бодлогыг цаасан дээр бус бодит  амьдралд нийцүүлж, хүүхэд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн бодлого бий болох ёстой хэмээн оролцогчид дүгнэсэн юм.   УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ үеэр “УИХ-ын чуулганаар Гэр бүлийн тухай болон бусад хуулийг авч хэлэлцэнэ. Хууль хэлэлцэхийн өмнө энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Хууль хэлэлцэх явцад цаг хугацаа давчуу, тэр бүр хэлэлцүүлэг явуулаад байх боломж бололцоо хомс байдаг. Тиймээс эцэг эхчүүд болоод шат шатны төлөөллийн санал дүгнэлтийг нэгтгэж байгаа маш том алхам. Хүүхдийн эрхийн зөрчлийг болж өнгөрсөн хойно нь бус харин болохоос нь өмнөх алхамуудыг харж төлөвлөдөг байх ёстой. Тухайлбал, хүүхэд маш хүнд нөхцөлд орсон үед ханддаг тусламжийн утас байх хэрэгтэй. Тэр утасных нь дугаар оршин сууж байгаа байрных нь хана дээр юм уу сургуулийнх нь үүдэнд ил харагдаж байдаг байх гээд олон асуудал дээр төвлөрч ярилцлаа” гэж дүгнэсэн.   Энэхүү зөвлөгөөний үеэр Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.   -Та өмнө нь Нийсэлийн V дугаар сургуулийн Пионерийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай хүн. Одоо ажиллаж байгаа нийгэмлэгийнхээ талаар танилцуулаач? -Манай нийгэмлэг бол цаг үеийн захиалгаар бий болж гарч ирсэн байгууллага. Боловсролын салбарт нийгмийн ажилтан гэдэг шинэ нэршил анх  1997 онд бий болсон. 2000 онд бүх боловсролын байгуууллагууд нийгмийн ажилтантай болсон. Би энэ байгууллагын тэргүүнээр томилогдоод 13 дахь жилдээ ажиллаж бйана. Өнөөдөр “Хүүхдийн эрх хамгаалал, үүрэг хүлээгчдийн хариуцлага” гэсэн цаг үеэ олсон чухал зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнд хэд хэдэн ач холбогдол өгч байна. Нэгдүгээрт “Хүүхдийн эрхийн конфенци-ийг хэн хийж, хэн баталсан юм бэ? Томчууд баталсан. Тэгээд хэнийг тодорхойлсон юм бэ гэхээр үүрэг хүлээгчдийг тодорхойлсон. Үүрэг хүлээгчид гэдэг бол хүүхдийн төлөө үүрэг хүлээн тэднийг ойлгож, дэмждэг хамтран ажилладаг байгаасай гэсэн үүднээс энэ конвенци бий болсон. Өнөөдөр энэ конфенцийн үзэл санаагаар үүрэг хүлээгчдийн хариуцлагын асуудлаар ярьж байна.   Хоёрдугаарт, өнөөдөр монголд хүүхэд хамгааллын асуудал шинэ биш. Монгол уламжлалаараа хүүхдээ хамгаалдаг эртний ёс заншилтай. 13 дугаар зууны үед Инжинааш “Хөх судар” романд хүүхэд хамгааллын асуудлаар маш тодорхой зүйлийг оруулсан байдаг. Хүүхдээ хаан мэт, хатан мэт хайрлаж  тахиж өсгө гэж оруулсан нь хүүхэд хамгааллын маш том үзэл санаа. Өнөөдрийн цаг үед хүүхэд хамгааллын асуудлыг дэлхий нийтийн хөгжилтэй холбож авч үзэх ёстой. Энэ хөгжлөө даган өнөөдөр монголд хүүхэд хамгааллын асуудлыг боловсронгуй болгох, тэр дотроосоо хүүхэд хамгааллын бодлого гэдгийг тодотгох ёстой. Байгуууллага болгон хүүхэд хамгааллын журамтай байж, иргэн болгон нэгддэг байх ёстой. Түүнчлэн монгол улсын иргэн болгон хүүхдийнхээ төлөө дуугардаг байя. Энэ нь бидний Олон улсын конвенцид нэгдсэний утга учир юм.   -Өмнөх нийгмийн үед хүүхдийн эрхийн зөрчил бага гардаг байсан гэж харагддаг. Харин өнөөдөр нийгэм өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээр хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдээд байх шиг. Энэ бүхнийг засч залруулах  ямар боломж байна вэ? -Өнөөдөр бид ардчилсан нийгэм байгуулаад 20 гаруй жил боллоо хэмээн цээжээ дэлдээд яриад явна. Гэтэл ардчилсан нийгмээс урган гарч байгаа асуудал, үзэгдэл болгон хүүхдийн нуруун дээр ачаа болж ирсэн. Хүүхэд хөдөлмөр эрхлэж ар гэрээ авч явдаг болсон. Хүүхэд хүний наймаанд өртөж, бэлгийн мөлжлөгт өртөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдйин тоо нэмэгдсэн. Нийгэмд байгаа энэ бүх асуудлуудаас хүүхдийг хамгаалах нь зайлшгүй шаардлага болоод байна. Хүүхдийн нуруун дээр хүндээр тусаад байгаа энэ асуудлыг томчууд бид нар яаж ойлгож  байгаа юм. Томчууд бид нар ямар хариулт өгөх юм. Тиймээс хүүхэд хамгааллын асуудал хүүхдийн нуруун дээр хүндээр тусаад байна шүү гэдгийг хэлэлцэх ёстой. Зарим нэг хүмүүс нийгмийн урсгалаар гарч ирж байгаа энэ асуудлыг дүгнэхдээ хүүхдийн байгууллагууд юу ч хийгээгүй юм шиг дүгнэж байгаад харамсаж байна.   Жишээ нь, өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг хүүхдийн байгууллагын 90 жилийн түүхийг үгүйсгэлээ. Өнөөдрийн хүүхдийн байгууллагын хийж байгаа ажил үүргийн өнцгөөс асуудлыг харж дүгнэж байгаа нь буруу. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд нийгэм нийгмийнхээ үзэгдэлд нийцүүлэн хүүхдийнхээ төлөө ярьсаар л ирсэн. Харин ардчилдсан нийгмээс хойш хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал яригдаад байгаа нь бидний хүүхэд хамгааллын бодлого болохгүй байна. Энэ асуудлаа илүү анхаарч, хүүхэд чиглэсэн зөв бодлого болвосруулах цаг нь иржээ. Мөн хүүхэд хамгааллын төлөө хүн бүхэн нэгдэх цаг нь иржээ гэдгийг л харуулж байна.   -Хүүхдийн төлөө Үндэсний газраас хүүхдийн утас ажлуулдаг гэдэг. Гэтэл энэ утас нь зүөвхөн долоо хоногийн эхний таван өдөр ажлын цагаар л ажилладаг. Төлбөртэй утас байгаа. Гэтэл хүүхдийн эрхийн зөрчил хэзээ ч тохиолдож болзошгүй цаг үе ирсэн гэдгийг олон баримтаас харж болно. Тиймээс төрийн байгууллагууд энэ асуудлаа хэрхэн шийдэх ёстой вэ? -Хүүхэд хамгааллын нэг чухал асуудал бол мэдээллийн тогтолцоо. Мэдээллийг авдаг, хариу үйлчилгээ үзүүлэдэг зөвлөгөө өгдөг тийм байгууллага байх ёстой. Гэтэл өнөөдөр 1979 хүүхдийн утас л байна. Өмнө нь цагдаагийн байгууллагын 123 гэсэн утас  байсан. Өнөөдөр энэ дугаар ажиллахгүй байгаа. Төр засаг хүүхдийн төлөө ажиллахгүй байгаа  гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ дугааруудаа ажилуулж, үйл ажиллагаагаа идвэхижүүлж 24 цагийн үйлчилгээтэй болгохгүй юм бол өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлыг яриад ч нэмэр байхгүй. Мөн энэ үйлчилгээгээ төр эргэн харж, төрийн бус байгууллагуудыг оролцуулдаг байх хэрэгтэй. Үнэндээ өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар их ярьж хийж байгаа хүмүүс бол ТББ-ынхан.     -Хүүхдийн эрхийн зөрчил гэр бүлд ихээр үйлдэгддэг.  Хамгийн сүүлд л гэхэд таван настай хүүхэд тохиолдсон явдал. Тухайн үед энэ асуудлаар сурвалжилж явахад зарим хүмүүс хүүхдийн эрх гэж хэт туйлширч байж дэггүй хүүхэддээ гар хүрч болохгүй болгочихов оо гэж шүүмжлэхтэй таарч байсан. Хүүхдэд заавал гар хүрч байж хүмүүжүүлэх ёстой гэж үү? -Хүүдэд гар хүрэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх ёсгүй. Манай монголын эртний уламжлалаас харахад хүүхдэд гар хүрэх, цохих аргыг хэрэглэж байгаагүй. Инжинаашийн сургаальд хүүхдийг хаан мэт өргөмжилж, хатан мэт энхрийлж өсгөх, 15 нас хүрэхээр нь нөхөр мэт дагуулж байж аливаад сургадаг хэмээн дурьдсан байгаа. Энэ бол хүүхдэд ойлгуулдаг, ухааруулдаг, дагуулдаг, үлгэрлэдэг  арга барилаар хүүхэд өсгөх олон аргын нэгээхэн хэсэг. Хүүхэддээ гар хүрэхгүй зэмлэлийн арга хэрэглэдэг байсан. Хүүхдийг зэмлэдэг 30 гаран арга байна. Энийг өнөөдөр ямар эцэг эх мэддэг, хэн хэрэглэж байгаа вэ гэдэг нь өөрөө асуудал. Нөгөө талаар хүүхэд гэр бүлийн бодлого монгол улсад алдагдсан гэдгийг үе үеийн Засгийн Газар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямартай ч сүүлийн жилд хүүхэд гэр бүлийг дэмжих төвүүд дүүрэг, орон нутагт бий болгож байгаа нь маш том амжилт. Учир нь өнөөдөр гэр бүлд чиглэсэн болон хүүхэд хамгааллын бодлого зайлшгүй хэрэгтэй.   П.Наран
Share
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Цагдаа нар цусаа бэлэглэлээ
9 цаг 22 минутын өмнө.
“Буруугүй буруутан” хэн бэ
9 цаг 36 минутын өмнө.
Осолдсон машины цуваа "явна"
10 цаг 4 минутын өмнө.
Өсвөрийн бөхчүүд Оросыг зорилоо
12 цаг 19 минутын өмнө.
Нэрэлхэхээ больжээ
16 цаг 2 минутын өмнө.
Нигер эболагаас салав
17 цаг 3 минутын өмнө.
Монголдоо ажиллаж, хөдөлмөрлөе
17 цаг 10 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдал
17 цаг 11 минутын өмнө.
Ирэх оны төсвийг хэлэлцэнэ
17 цаг 26 минутын өмнө.
Үхэр өдөр
17 цаг 31 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.