Монголчууд соёлын өвөөрөө ЮНЕСКО-д гайхагддаг
2012-05-22

Соёлын өв, биет болон биет бус өв гэж юу вэ. Соёлын өв гэдэг нь цаг үеийн шалгуурыг давсан, бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн, тухайн ард түмний оршин тогтнох үндэс болсон, түүх, соёл, угсаатан, шинжлэх ухаан, урлагийн ач холбогдолтой биет болон биет бус үнэт зүйлийг хэлдэг хэмээн тодорхойлдог  байна. Соёлын биет өвд эртний амьтан, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан газар, эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан дурсгалт газар, ашигт малтмал олборлож, боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисүүр, бунхан, оршуулга, тахилгын газар, онгон, буган болон хүн чулуу гэрэлт хөшөө, хадны зураг, бичээс зэрэг археологийн дурсгалт зүйлс ордог аж. Мөн эртний хот суурин газрын үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сүм дуган, хийд, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал. Түүхэн үйл явдалтай холбоотой газар, тахилгат овоо, Археологи, палеонтеологийн хайгуул, малтлага судалгаагаар илэрч олдсон бүх төрлийн олдворууд, эрдэс, үнэт, хагас үнэт чулууны олдвор, солир, угсаатны хувцас, чимэглэл, гэр болон аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг, хөгжмийн зэмсэг, түүнчлэн уламжлалт тоглоом, наадгай,  шашин шүтлэгтэй холбогдолтой эд өлгийн зүйл багтдаг. Түүнчлэн сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар, газрын зураг зэрэг бичгийн дурсгал, гэрэл зураг, кино, дүрс бичлэг тэдгээрт холбогдох эд өлгийн зүйлс, уран зураг, уран бичлэг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон керамик, шаазан эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүтээл, уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээ, сувилгааны арга барилд холбогдох багаж зэвсэг, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйлс, ургамал, амьтны цуглуулга, хатаамал, чихмэл зэрэг багтдаг байна. Харин соёлын биет бус өвийг тав ангилдаг. Үүнд эх хэл болон аман уламжлал, ардын язгуур урлаг, үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, ардын уламжлалт гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи ордог юм. Монгол Улсаас ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг /2008/, Монгол ардын дуу /2008/, Монгол наадам /2010/, Монгол ардын хөөмий /2010/, Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл /2010/ бүртгэгджээ. Мөн Монгол тууль /2009/, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг/2009/, Монгол бие биелгээ, уламжлалт бүжгийн урлаг /2009/, Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа /2011/ яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Харин дэлхийн баримтат өвийн жагсаалтад "Алтан товч" /2011/, Монгол Данжуур /2011/ бүртгэгдсэн байх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын "Соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билэг авъяастнуудын улсын жагсаалт"-ыг гаргаж, 65 авъяастныг бүртгэсэн байдаг бол 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар нэмж 35 авъяастныг бүртгэгджээ. Соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авьяастнуудад МУГЖ Б.Норовсамбуу гуай уран нугаралтаар, АЖ Ч.Шархүүхэн монгол ардын уртын дуугаар, А.Цэрэнхүү уран хатгамалаар, Ж.Пүрэв уран дарханаар, энэхүү жагсаалтад багтсан байдаг аж. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
s p s:
uur medeelel
2020-02-28
ochiroo:
oshoo olon goy medeelel oruulaarai
2020-01-23
тэмүүжин:
Маш их зүйл сурж авлаа маш их баярлаа
2018-11-05