Авлигатай тэмцэх туршлага судалжээ
2012-05-23

Гүрж Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж, Монголын төлөөлөгчдийг эх орондоо урьсны дагуу 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл тус улсын авилгатай тэмцэж буй туршлага, тогтолцоо, хүрсэн үр дүн,  олсон амжилтыг саяхан газар дээр нь үзэж танилцжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Баянгол дүүргийн прокурор Н. Энхтуяагийн мэдээлийг товчлон хүргүүлж байна. 2003 он гэхэд Гүрж   орон бүхэлдээ авлигад автсан байсан бөгөөд,  авлигатай тэмцэх ажлыг богино хугацаанд төрийн бодлого болгон хэрэгжүүлж чадсанаар авлигын индексийг тодорхойлогч олон улсын “Транспэрэнси интернэйшнл” байгууллагаас 2010 онд Гүрж улсыг авлигыг бууруулсан үзүүлэлтээр нь 1-р байранд оруулжээ. Авлигатай тэмцэх талаар улс орнуудад олон төрлийн арга хэмжээ авч ирсэн ч тэр бүр үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байсан нь  нь ховор байсан байна. Харин Гүрж улсад төрийн үйлчилгээ үзүүлэх бүх салбарт авлигатай тэмцэх бодлогыг нэг зэрэг явуулснаар авилгад идэгдсэн, эдийн засгийн хямралд орсон улс орноо түргэн хугацаанд хөл дээр нь босгож чадсан байна. Хамгийн түрүүнд замын цагдаа, гааль, эрчим хүчний хангамж, татвар, иргэний бүртгэл мэдээлэл, өмч болон бизнесийн бүртгэл, нийгмийн хангамжийн үйлчилгээ зэрэг төрийн байгууллагад гол анхаарлаа хандуулжээ. Түүнчлэн ил тод байдал гаднаасаа эхлэх ёстой гэсэн үзэл баримтлалын хүрээнд Хууль зүйн яам, дотоод хэргийн яам, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс тасгуудын албан контор нь шилэн ханатай бөгөөд тэнд ажиллаж буй албан хаагч нар юу хийж байгааг гадуур явж буй иргэд ч харж дүгнэх боломжтой болсон байна. Мэдээж, энэ бүх шинэчлэлт өөрчлөлтийг хийхэд төрийн бүх л байгууллага салбарыг цогцоор нь өөрчлөх шаардлага гарсан бөгөөд нэг өдөр замын цагдаагийн 16 мянган ажилтныг ажлаас нь халж байсан байна. Автын цагдаа нар дуртай цагтаа, дуртай газраа автомашиныг зогсоож, зөрчил гаргасан гаргаагүй хүссэн татвараа тэдэнд ноогдуулж байсны дээр явган зорчигчдыг ч өчүүхэн зүйлд буруутган мөнгө авч байжээ. Түүнээс гадна иргэний үнэмлэх авах, өмчөө бүртгүүлэх, бизнес эрхлэх, байшин барилга барих, худалдан авахад хүртэл авлига өгч байсан байна. Мөн хууль завхруулагчид төрийн түшмэдтэй хуйвалдан, хуурамч гэрээ хэлцэл хийн улсын мөнгийг шамшигдуулах явдал газар авсан байсан байна.

      2005 оноос өмнө нийт эрүүгийн хэргийн 10 хүрэхгүй хувь, иргэний хэргийн 3 хүрэхгүй хувь нь шүүхэд шилжиж шийдвэрлэгддэг байсан бөгөөд бусад нь мөрдөн байцаалтын буюу прокурорын шатанд замхардаг байсан байна. Түүнээс гадна иргэд хуулийн байгууллагад бус харин хууль завхруулагчдад хандаж асуудлаа шийдүүлдэг байсан байна.

      2003 онд замын цагдаа, гаалийн байцаагч болохын тулд 2-20 мянган ам.долларын такс төлж байснаас бөгөөд энэ нь юуны түрүүнд аль постонд гарахаас шалтгаалж үнийн дүн нь өөр өөр байдаг байсан байна.Харин шинэчлэл явуулсны үр дүнд уг албанд томилогдохын тулд өрсөлдөөн зарлаж тодорхой шалгуураар авдаг болжээ. Хууль сахиулах байгууллагын бие бүрэлдхүүнд 2003 онд 63 мянган албан хаагч байсныг 2011 он гэхэд 27 мянга болгон цомхотгосон байна. Төрөл бүрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгдөг нийт 909 төрлийн лиценз байсныг 137 болгон бууруулсан байна.

   2004-2005 онд авилгын хэргээр төрийн дээд албан тушаалтан, шүүгч, прокурор, цагдаагийн дээд тушаалын албан хаагч зэрэг 450 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхээс ял шийтгэл оногдуулснаас гадна тэдний хууль бус орлогоор бий болсон барилга, байшинг хураан авч улсын орлого болгон  одоо тэдгээр байшинд  хүүхдийн цэцэрлэг, асрамжийн газар зэргийг байрлуулсан байна.

        Гүрж улсад 2003 оноос өмнө прокурорын сарын цалин 50 ам.доллар, цагдаагийн албан хаагчийн сарын цалин 30 орчим ам.доллар байсан бөгөөд өнөөдөр тус улсын иргэдийн сарын дундаж цалин 250-300 орчим ам.доллар боловч хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг авилгаас ангид байлгах бодлогоор тэдний сарын цалинг 1500-1600 ам. доллар болгосон байна.

      Өнөөдөр Гүрж улсад 1 мянга гаруй камерийг гудамж талбайд байрлуулан, хэв журмын болон замын цагдаагийн үүргийг харуулын цагдаа нар гүйцэтгэж байна.Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар цагдаад итгэх итгэл нь тус улсад, Америк, Канад, Финлянд гэсэн 3 хөгжингүй орны хэмжээнд хүрчээ.

   Төрийн байгууллагууд, тухайлбал прокурор, шүүх. цагдаа, гааль, иргэний бүртгэл мэдээллийн газар гэх мэт ямар ч төрийн байгууллагад очсон бүх ажилтан, албан хаагчид нь  англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн, өөрсдийн хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар болон байгууллагын үйл ажиллагааг англи хэл дээр танилцуулж байсан нь боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэхэд анхаарсныг харуулж байна.

     Төрийн байгууллагууд авлигатай тэмцэх өөрийн хөтөлбөртэй, салбар хуулиудад авлигатай тэмцэх талаар хийх ажлыг тусгаж , жил бүр авлигатай тэмцэх  талаар хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар Ерөнхийлөгчдөө  тайлагнадаг тогтолцоотой болсон байна.

    Гүрж Улсын авлигатай тэмцэх талаар хийсэн ажлыг амжилтанд хүргэсэн арван алхмыг дараахь байдлаар тодорхойлжээҮүнд:

  1. Улс төрийн хүчтэй эрх чөлөө

Өөрөөр хэлбэл, шинэ удирдагчдын ард түмний тэдэнд өгсөн их итгэлийн дүнд тэд бодлогоо зөв тодорхойлж, шаргуу шийдвэр гарган, хэргэжүүлсэн нь амжилтынх нь гол үндэс болсон байв.

2. Анхнаасаа итгэл төрүүлэх:

Ард түмнийхээ итгэлийг олж авах, итгэлийг даахад бүх боломжийг ашигласан, авилгад идэгдсэн түшмэдүүд болон өндөр зэрэглэлийн гэмт хэрэгтнүүдийг баривчилж зохих ял шийтгэлийг оногдуулсан нь авлигатай тэмцэнэ, авлигыг устгана гэсэн бүрэн итгэлийг ард түмэндээ төрүүлсэн байна.

  1. Нүүр тулах

Стратеги боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх арга замыг боловсруулах, эдгээр асуудлын талаар хэлэлцэж зөвшилцөх зэргээр хугацаа алдахын оронд төрийн үйлчилгээ үзүүлэх бүх байгууллагад нэгэн зэрэг шинэтгэлийг эхлүүлж, хурдан хөдөлсөн бөгөөд ингэснээр хуучин төрийн түшмэдүүдэд эсэргүүцэх боломж олгоогүй байна

  1. Шинэ боловсон хүчнийг эгнээндээ татах

Сарнайн хувьсгалын удирдагчид гүйцэтгэх засаглалын цөмийг бүрдүүлж байсан бөгөөд шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд барууны орнуудад боловсрол эзэмшсэн өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийг өндөр цалинтайгаар эгнээндээ татан оруулж ажиллуулсан нь амжилтын бас нэг гол үндэс болсон.

  1. Төрийн үүргийг хязгаарлах

Иргэн, төрийн түшмэдийн хоорондын харилцан хамаарлыг багасгаж, хүнд суртлыг халах талаар тодорхой, үр дүнтэй ажлуудыг хийжээ .

  1. Уламжлалт бус аргуудыг ашиглах

Нөхцөл байдал шинэ чиг хандлагыг шаардаж байсан бөгөөд гадаадын тусламжтайгаар санхүүжилт хийх тусгай санг байгуулах, богино хугацаанд өндөр цалин, шагналыг хүмүүст олгож ажиллулахад түүнийг ашиглах явдал байв. Мөн авилгын хэргээр шийтгэгдсэн болон баривчлагдан хоригдож буй татвараас зайлсхийсэн түшмэдүүдэд өндөр торгууль оногдуулж суллах арга хэмжээг авсан байна.

7.Нягт зохицуулалт, ерөнхий зорилго дээр тулгуурласан нэгдмэл байдлыг бэхжүүлэх:

Ерөнхийлөгч тэргүүтэй бодлого боловсруулагчдын баг нь  шинэчлэлийн цөмийг бүрдүүлж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааныг өдөр тутам шахуу явуулж, парламент дахь холбоотнуудтайгаа байнгын харилцаа холбоотой байсан нь эрчимтэй зохицуулалт, шинэтгэлийг хийхэд түлхэц болж байсан.

8.Олон улсын туршлагыг орон нутгийн нөхцөл байдалд тохируулах

Засгийн газар нь шинэчлэлийг хийхдээ олон улсын туршлагыг зээлдэн авч өөрийн орны нөхцөл байдалд дасган зохицуулсан.

9.Шинэ технологийг ашиглах

Засгийн газар нь төрийн үйлчилгээг хялбар болгох үүднээс онлайн сүлжээг нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэн, татварын тайлан мэдээ болон бусад үйлчилгээг онлайнаар явуулах болсон нь авлигыг устгах бас нэг шийдэл болж чадсан. Мөн зам тээврийг бүрэн камержуулсан нь хууль сахиулагчдыг ард иргэдээс дураар авлига авдаг байдлыг таслан зогсоосон.

  1. Харилцаа холбооны хэрэгслийг стратегийн зориулалтаар ашиглах

Хэвлэл, мэдээллийг авлигатай тэмцэх нэг гол хэрэгсэл болгосон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан авлига авч буй, сэжиглэгдэж байгаа болон авлигад идэгдсэн гэмт хэрэгтэн, төрийн өндөр албан тушаалтнууд болон татвараас зайлсхийгсдийн талаар олон нийтэд мэдээлэх болсон нь авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.

    УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн алба
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ бол үнэхээр зайлшгүй хийгдэх ёстой зүйл ЭЗ ийн болон амжиргааны түвшингээр бараг ижил түвшинд байгаа Гүрж улсад саявтархан очоод Хүний эрх, эрх чөлөө,шударга ёсыг тогтоох, авилгыг устгахад маш их амжилт олсныг хараад үнэхээр гайхаж байлаа.Ёстой нүдээ олсон судалгаа хийсэнд баяр хүргэж байна.Одоо гагцхүү яаралтай цаг алдалгүй амьдралд хэрэгжүүлэх явдал маш чухал байна. Энэ бол үнэхээр амаргүй ажил байх болноо Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн гол нь ард түмэнд ил тодоор ухуулах соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хослуулан хэрэглэснээр үр дүнд хүрнэ. Нэгэнт эхэлсэн ажлыг дутуу алсан могой шиг гүйцэтгэх юм бол сөрөг үр дагавар нь маш хүнд байна гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Үнэндээ авилгыг таслан зогсоож дахин өндийх үндэс суурь нөхцөл бололцоог нь бүрмөсөн устгасанаар бидний хүсэн мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил, шударга ёс бий болно.Өнөө үед Монгол улсын цаашид орших эс оршихын амин чухал асуудал авилгатай хэр сайн тэмцэж чадахаас үнэхээр шалтгаалах болоод байна.
2012-05-23