Хелен Кларк Дэлхийн банкны судалгаанд илүү итгэдэг гэв
2011-10-19

Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхав. Тэрээр Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улсад урт удаан хугацаанд амжилттай ажиллаж байгаад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархаад харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байна гэлээ. Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт 66 хувьд хүрэн, эдийн засаг өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, ажилгүйдэл бууран, ажлын байр нэмэгдэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид эерэг энэ үзүүлэлтүүдийг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, иргэдийнхээ амьдрал, ахуйг сайжруулахыг зорьж байгааг тэрээр хэлэв. Засгийн газар уул уурхайн салбараас орж байгаа орлогоос “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хишиг, хувь хүртээж, хүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ дэд бүтэц, мал аж ахуй гээд бусад салбарынхаа хөгжилд зарцуулж байна. Мөн далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөнгөвчлөхийг зорьж байгаагаа ч Ерөнхий сайд дуулгалаа. Цаг зав гарган хүлээн авсанд нь НҮБХХ-ийн захирагч Хелен Кларк Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа орны нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Байгалийн баялаг ихтэй улсын хувьд энэ давуу талаа ашиглах, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар, экспортын бараа, бүтээгдэхүүний өсөлтийн үр шимийг нийгмийн салбарт түлхүү наалдуулах нь чухал гэж хатагтай Хелен Кларк үзэж байна. Иргэдийнхээ амьдрал, амьдрах орчинг сайжруулах, улс орноо хөгжүүлэх нь Мянганы хөгжлийн зорилтын гол зорилго. Зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хоёр талаас ажлын хэсэг гаргах, тодорхой бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тэрээр хэлснийг Ерөнхий сайд талархан хүлээж авлаа. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсад ядуурал 50 хувь буурсан гэсэн нь чухал үзүүлэлт. Сүүлийн үеийн өндөр технологи ашигладаг учир Дэлхийн банкны судалгаанд илүү итгэдэг, гэхдээ ядуурал байгаа гэсэн яриа хэвээр байгааг тэрээр хэлээд тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх чиглэлээр НҮБХХ хамтран ажиллахад бэлэн гэлээ. Талууд уулзалтын үеэр мөн байгаль орчин, жендэрийн тэгш байдлыг хангах талаар ярилцсан байна. Хатагтай Хелен Кларк айлчлалынхаа үеэр Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж үзүүлж байгаа хөгжлийн тусламж, төсөл,хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцахаар төлөвлөжээ. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол дахь НҮБ, олон улсын байгууллагууд, эмэгтэй лидерүүдтэй уулзаж, НҮБХХ-ийн байгаль орчныг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих төсөлд хамрагдсан малчдын бүлэг, нөхөрлөлийн ажилтай танилцах аж.
Shuud.mn
Сонин хачин