Олимпийн тасалбартай болох сүүлчийн найдвар
2012-05-23

Лондоны олимпийн зохион байгуулах хороо (LOCOG) уралдаан тэмцээний тасалбарыг өнөөдөр орон нутгийн 11:00 цагаас эхлэн олон нийтэд худалдахаа зарлажээ. Энэ нь Улаанбаатарын 18:00 цагаас гэсэн үг юм. • Одоогоор хөнгөн атлеик, дугуй, морин спорт, теннис, усан спорт, нээлт болон хаалтын ёслол, каноэ, уран сайхны гимнастик, орчин үеийн таван төрөлт, триатлоны тасалбар бүрэн зарагджээ • Хөлбөмбөгийн тэмцээний тасалбар 20 фунт стерлингээс эхлээд янз бүрийн үнэтэйгээр байгаа аж • Хөлбөмбөгөөс бусад спортын хувьд гол төлөв хямд биш тасалбарууд нь үлдээд байгаа ч бокс, туялзуур сэлэм, ширээний теннис, тэквондо, волейбол, хүндийг өргөлт, жүдо, бөхийн тэмцээний 20 фунтын үнэтэй тасалбар цөөн тоогоор үлджээ. Харин байт харваа, бадминтон, сагсан бөмбөг, элсний волейбол, усанд үсрэлт, гандбол, талбайн хоккей, спорт алхаа, уулын дугуй, спортын гимнастик, сэлүүрт завь, далбаат завь, усны пологийн арай үнэтэй (45-450 фунт) тасалбар олдох боломжтой хэвээр байна. Гимнастикийн трамплин, буудлагын тасалбарыг 40-185 фунтын хооронд авч болох нь. Эдгээрээс тухайн спортын медалийн төлөө тоглолт, тэмцээний тасалбар нэн ховордсон дүр зураг харагдаж буй. Харин ямар нэгэн уралдаан тэмцээн үзэхгүйгээр зөвхөн Олимпийн паркт нэвтэрч, олимпийн орчинг дэргэдээс нь мэдрэх эрхийн тасалбар олноороо байгаа бололтой. Ингэхдээ нэг хүнд тухайн өдрийн дөрөв хүртэл тасалбарыг зарах аж. Харин хөлбөмбөгийн тэмцээний тасалбар ихээр үлдээд байгаа учраас нэг хүнд 20-30-ыг ч зарах гэнэ. LOCOG-ын худалдаа арилжаа хариуцсан захирал Крис Таунсенд “Бид юуны өмнө ноднин тасалбараа авч амжаагүй хүмүүст хүрч үйлчлэхийг хичээнэ. Хүн бүрт дөрөв хүртэл тасалбар зарснаар 150 мянган үзэгч нэмэхээр төлөвлөсөн. Үлдээд байгаа бүх тасалбарыг олон нийтэд худалдахаар гаргаж байна. Хэрэглэгчид ч ямар тасалбар үлдээд байгааг манай вэб хуудсаар 24 цагийн турш сонирхох боломжтой. Лхагва гаригийн тасалбар түгээлт маш шуурхай өрнөх байх” хэмээн өгүүлжээ. Нэг фунт стерлинг ойролцоогоор 2100 төгрөгтэй тэнцүү байна Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин