Өнөөдөр Хүүхдийн хүчирхийллийн эсрэг Олон улсын өдөр
2011-10-19

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 2007 онд Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлох Дэлхий нийтийн судалгаа явуулсны дүнд хүүхдийн хүчирхийлэл нь дэлхийн олон улс орнуудад нийтлэг тулгамдсан асуудал болж, үүнийг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалах тогтолцоог улам бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байсан. Үүнтэй холбогдуулан 2007 оноос эхлэн анх Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар жил бүрийн 10-р сарын 19-ний өдрийг “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг Олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд хүүхдийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн кампанит ажлуудыг өрнүүлж эхэлсэн юм. Монгол улсын хувьд энэ өдөрт 2007 оноос эхлэн нэгдэж, тодорхой аян хөдөлгөөнийг өрнүүлж байгаа бөгөөд хүүхдийн хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2010 оны 01 тоот Тогтоолоор “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стртатеги” /2010-2015/ баримт бичгийг батласан бөгөөд тун удахгүй уг бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх гэж байна. 2011 оны тухайд  “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ХТГ-ын дэргэдэх Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын төвөөр дамжуулан кампанит ажлыг өрнүүлж байгаа бөгөөд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй бүлгийн гэр бүл, эцэг эхэд зориулсан сургалт сурталчилгааг явуулж байна. Уг сургалт сурталчилгааны үр дүнд сургалтад хамрагдагч эцэг эхчүүд хүүхдээ зодож, шийтгэх бус эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилд суралцах боломжтой болох юм. Дашрамд дурьдахад, ХТГ-ын дэргэдэх Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын төвөөр дамжуулан 2011 оны эхний 9 сарын байдлаар нийт -    20417 хүүхэд, 429 өрхөд үйлчилгээ үзүүлж, -    25141 насанд хүрэгчид, олон нийтийг хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг аргын талаар чадавхижуулж, -    Хүүхдийн тусламжийн утасны 604 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэж, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 42 дуудлагад кейс менежментийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Shuud.mn
Сонин хачин