Чөлөөтийн тамирчид эх орондоо ирэв
2012-05-31

МЧБХ-ноос манай бөхчүүд Япон улсын Токио хотод болсон Дэлхийн цомын төлөө тэмцээн, Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон анхдугаар Хари Рамын “Гранд-При” олон улсын тэмцээнд хэрхэн оролцсон талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ хэвлэлийн бага хурал дээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном мэдээлэл хийхдээ, “Япон улсын Токио хотод Дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй баг дөрөв дэх удаагаа оролцож ҮI байр эзлэлээ. Энэ удаа бид олимпийн наадамд оролцох бөхчүүдийнхээ бэлтгэлийг хангах, олимпийн наадамд оролцох гадаадын бөхчүүдтэй гар зөрүүлэх зорилго тавьж оролцлоо, гадаадын бөхчүүдийн судалгаагаа үргэлжлүүллээ. Гадаадын багууд шилдэг бөхчүүдээ ирүүлсэн байлаа. Манай багийн хувьд канадын багийг хожсон бол байраа ахиулах бололцоо байлаа, гэвч зарим жингийн бөхчүүд санаанд хүртэл барилдаж чадсангүй. Дэлхийн цомын тэмцээн ирэх жил манай оронд болно, нутаг дээрээ өндөр амжилт гаргахыг хичээх болно. Хэд хоногийн дараа манай бөхчүүд Болгар явна, 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж ирээд “Найрамдал” төвд олимпийн наадам хүртэл бэлтгэл сургуулилтаа базаана.” гэж өгүүллээ. Энэтхэг улсад болсон тэмцээнд багийн ахлагчаар оролцсон МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Монгол харвест” компанийн захирал Р.Ууганбаяр манай эмэгтэй багийн хүртсэн алтан цомыг үзүүлж “Манай бөхчүүд энэ тэмцээнд сайн барилдлаа, Ази тивд болсон анхны “Гран-При” тэмцээнд бөхчүүд маань 2 алт, 6 хүрэл медаль авлаа. Үүнд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 72 кг-ийн Гавьяат тамирчин О.Бурмаа хоёр алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Даваасүрэн, 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд спортын мастер Б.Номин, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр нар хүрэл медаль хүртлээ. Манай эмэгтэй баг 54 оноогоор нэгдүгээр байр эзэлж манай багийн дараа хоёрдугаар байрт АНУ-ын баг 53 оноо, 7 медальтайгаар, японы баг гуравдугаар байрт 49 оноо, 6 медальтайгаар орсон. Өнгөрсөн жил ОХУ-ын Улаан үд хотод болсон Буриад улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд манай эмэгтэй баг нэгдүгээр байр эзэлж байсан амжилтаа сая давтлаа. Эрэгтэй баг дөрөвдүгээр байрт орсон, дандаа залуу бөхчүүд очсон, 2 хүрэл медаль авч бусад нь медалийн төлөө барилдаан хийсэн, гэвч шүүгчдийн нөлөө орж амжилтаа ахиулах боломж олдсонгүй. Бидэнд туслалцаа дэмжлэг үзүүлж байсан тус улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон, элчин сайд С.Баяр нарт талархлаа илэрхийлж байна.” гэж онцлон дурдлаа. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
Buys:
Sedentary xuuxneer l nuuree tag lax my data zailuul
2013-05-07
Чөлөөтийнхэн Лондонгоос медаль авч дархан цолоо мандуулах хэрэгтэй. Зөвхөн урагшаа клуб
2012-06-12
naiz:
bayaraa mini saihan haragdaj baina doo
2012-06-02