Мэргэжлийн дасгалжуулагчдын тоо нэмэгдлээ
2012-06-07

Монголын Хөлбөмбөгийн Холбооны бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэгээхэн хэсэг бол дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн дасгалжуулагчдын тоо, чанарыг сайжруулах явдал юм. Энэ үүднээс Азийн Хөлбөмбөгийн Холбооноос он гараад “C”, “B” гэсэн дасгалжуулагч нарын сургалтыг аваад байгаа билээ. Дасгалжуулагч нар ур чадвар сайтай байж гэмээ нь авъяаслаг хөлбөмбөгчид олноор төрөн шигшээ багийн чанар чансааг нэмэгдүүлэх боломжтой. МХБХолбоо дотоодын дасгалжуулагч нараас ойрын 10 жилд AFC-ийн хамгийн өндөр зэрэглэлийн Pro ангиллын дасгалжуулагч төрүүлэн гаргахаар ажиллаж байгаа билээ. Дасгалжуулагч нарын ангиллаас товч танилцуулахад хамгийн өндөр зэрэглэл Pro ангилал байдаг бол доошлоод ирэхээр AFC-ийн “A” ангилал, “B” ангилал, “C” ангилал зэргүүдийн дасгалжуулагч нар байдаг. Үүнээс AFC-ийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд AFC-ийн “B” ангилалтай байхыг шаардаж эхэлсэн. Цаашдаа “А” болгох шаардлага ирэх бөгөөд үүнд бэлтгэх зорилготойгоор үечилсэн сургалтуудыг авч байгаа юм. Анх 2001 онд AFC-ийн B ангиллын сургалт явагдан нийт 5 хүн амжилттай суралцан төгсөж байсан. Одоогоор эдгээр ангилалтай дасгалжуулагч нараас 3 хүн дасгалжуулагчийн ажлаа хийж байгаа. Хоёр дахь удаагийн сургалтыг энэ онд авсан бөгөөд нийт 22 хүн хамрагдсанаас 14 дасгалжуулагч тэнцсэн сайхан мэдээг хүлээн авлаа. Энэ дотор эмэгтэй дасгалжуулагч байгаа бөгөөд Монголын анхны AFC-ийн “B” ангиллын эмэгтэй дасгалжуулагч боллоо. Ингэснээр МХБХолбоо нийт AFC-ийн B ангилалтай 19 дасгалжуулагчтай боллоо. Монгол Улс AFC-ээс зохион байгуулагддаг тэмцээн, уралдаанд нүүр бардам орох эрхтэй болж байна гэсэн үг. Цаашдаа МХБХолбоо дотооддоо тавигдаж байгаа шаардлагыг ч өндөржүүлж байгаа бөгөөд энэ жилийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээнд оролцох багуудын ахлах дасгалжуулагч нар AFC-ийн “B” ангиллын дасгалжуулагч байхыг шаардаж байгаа юм. МХБХ-ны Албан ёсны түнш АПУ Трейдинг ХХК-тай хамтран зохион байгуулдаг 16 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт хотноо эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд нийт 8 баг оролцохоор боллоо гэж Монголын Хөлбөмбөгийн Холбооноос мэдээллээ. А.Алт
Shuud.mn
Сонин хачин