Морин эргүүл ажиллаж байна
2012-06-13

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн жил нийслэлийн Засаг даргын санаачлагаар ажилгүй иргэдэд урамшуулал олгож, зуслангийн чиглэлд сайн дурын морин эргүүл ажиллуулж эхэлсэн. Уг  ажил энэ жил ч үргэлжилж, Шадивлан, Гүнт, Майхан толгой, Яргайт зэрэг зусланд морин эргүүл ажиллаж байна. Зуны цагт зусланд иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, элдэв зөрчил, ялангуяа байгаль орчин сүйтгэх, малын хулгай гарах нь нэмэгддэг.  Тиймээс дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих албатай ажилгүй иргэдийг сайн дурын үндсэн дээр энэ ажилд хамруулж байгаа. Морин эргүүлүүд уулын өндөрлөг дээрээс орчин тойрондоо хяналт тавьж, гэмт хэргийн болон сэжигтэй зүйлс ажиглагдвал цагдаагийн байгууллагад мэдээлэл өгдөг. Ингэснээр аливаа гэмт хэргийг зөрчлийн шатанд нь таслан зогсоох, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, иргэдийг аюулгүй, амар тайван орчинд амьдруулах бололцоог хангахад хувь нэмэр оруулж байгаа юм. Тэд өнгөрсөн жил гэхэд хулгайн мод бэлтгэж, тээвэрлэдэг бүлэг хүмүүс, хэд хэдэн малын хулгайн хэрэг, ойд зугаалж яваад түймэр тавьсан этгээдүүдийг илрүүлжээ.Мөн морин эргүүлүүд зусландаа гарсан айлуудад малын хулгай болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө, тараах материал өгдөг байна.  Одоо зуслангуудад сайн дурын морин эргүүлээс гадна цагдаагийн хөдөлдөөнт болон мотоциклтой эргүүлүүд ажиллаж байгаа аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин