Леди Гагагийн үнэртэй ус өөр шиг нь содон уу?
2012-06-15

Өнгөрсөн хэдэн сарын турш хэд хэдэн тоглолтын хоригийг эс тооцвол чимээ ажиг багатай байсан дуучин Леди Гагагийн талаар шинэ мэдээ сонсогдлоо. Тэрээр  Vogue  сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрний зургийг энэ мягмар гаригт авахуулсан байна (Гага тус сэтгүүлийн гурав дугаар сарын дугаарын нүүрэнд гарсан нь сэтгүүлийн энэ жилийн хоёр дахь хамгийн их борлуулагдсан дугаар болгосон юм). Ингэснээр тус сэтгүүлийн борлуулалт болон өөрийн шинэ үнэртнээ зарахад нэмэр болох юм. Дуучны үнэртэй усны талаар хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ба, ойртох тусам дам яриа нэмэгдсээр байсан билээ. Түүний ус нь “цус болон эрэгтэй хүний үрийн шингэн”-ий үнэртэй гэсэн мэдээлэл байсан юм. Харин сүүлд дуучин өөрийнхөө усыг “өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч” шиг үнэртэй гэж хэлсэн байна. “Fame” нэртэй ус нь хар өнгөтэй шингэн бөгөөд арьсан дээрээ түрхэхэд өнгө нь хувирна хэмээн Daily Mail сонин мэдээлж байсан юм. “Миний цусны дээжээс гаргаж авсан учир намайг өөрийн арьсан дээр мэдэрнэ гэсэн үг. Молекулын бүтцийн хувьд цус болон үрийн шингэн шиг мэдрэмж төрүүлэхүйц нэгдлийг би хүссэн, харин үүнийг мушгиж цуу яриа гарсан бололтой. Үнэртэй усанд ийм бүтэц орсноос биш, үнэр нь тийм биш. Харин энэ ус өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч шиг үнэртэнэ” хэмээн Гага залруулга хийжээ. Хайрцагны ар талаас харахад найрлагад: Гувай хатны дусал, зэрлэг цахирмаа, нунтагласан чангаанз, зөгийн бал гэх зэрэг зүйлс орсон байлаа. Гэхдээ Гагагийн ДНК гэсэн зүйл харагдсангүй. Шилний хувьд ирээдүйгээс ирсэн нил ягаан өнгийн цох шиг хэлбэртэй бөгөөд, 2009 онд гарсан Thierry Mugler-ын “Alien” устай төстэй хэмээн үзэж байна. Ц.Цээгий
Shuud.mn
Сонин хачин