Баяртай Шева
2012-06-22

"Евро-2012"-ын хэсгийн тоглолтууд өндөрлөх мөчид нэгэн дуулиант үйл явдал болсон нь Укрианы шигшээ багийг олон улсын тавцанд гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн домогт хөлбөмбөгч Андрей Шевченко Англи-Укрианы тоглолтын дараа зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан явдал юм. Нэгэн цагт “Дорнын Рональдо” хэмээн нэрлэгдэж Укрианы ард түмний баатар болоод олон жилийг элээж буй түүний амьдрал, амжилтын замналыг уншигч танаа эргэн нэг сануулья. Эхлэл Өдгөө 35 настай Шевченко 10 наснаасаа эхлэн хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулсан аж. Черонобылийн атомын цахилгаан станцын сүйрэл Укрианыг эмгэнэлд автуулж байхад ойролцоох тосгонд нь амьдарч байсан Андрей хүүгийн гэр бүлийнхэн хот руу дайжин дүрвэжээ. Ингээд хөдөө нутгийн хүү улсынхаа нийслэлийн сургуульд суралцаж улмаар хөлбөмбөгийн багт нь тоглож эхэлсэн гэдэг. Улмаар Киевийн Динамо клубын залуучуудын шигшээд дуудагдаж домогт замналаа эхэлсэн ажгуу. Тэрбээр яах аргагүй дэлхийд данстай хөлбөмбөгч. Гэхдээ тэрбээр өөр шигээ хөлбөмбөгт алдар хүндээ цууриатуулсан олон тоглогчдоос өөр. 1990 онд ЗХУ задарсны дараа дэлхийн газрын зурагт дахин тэмдэглэгдэх болсон Укриан улсын хувьд 1996 онд Англид болсон Европын аваргын урьдчилсан шатны тэмцээнд хөлбөмбөгийн ядуухан туршлагатай Латвийн шигшээд хожигдож байсан цаг. Ийм үеийг төгсгөл болгож улсынхаа хөлбөмбөгийн түүхийг зузаатгасан алдартны тухай энд өгүүлж байна. Чухам тэр үеэс л хориодхон настай Андрей гялалзаж эхэлсэн гэдэг.   Алтан бөмбөг Динамо Киевийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж 117 тоглолтод оролцон Европын тавцанд өндөр амжилт үзүүлж эхлэв. Зургаан жил Динамогийн өрсөлдөгчдийн хаалганд 60 гоол оруулсны эцэст түүнийг Италийн алдарт АС Милан клуб урилаа. Роман Абрамович түүнийг Британид авчрахыг оролдож 60 сая ам.доллар амласан ч АС Миланы эзэн, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Андрейгийн толгойг эргүүлж дөнгөсөн аж. Ингээд Миланы довтлогчийн байрлалд укриан залуу долоон жил гялалзсан түүхтэй. Энэ хугацаандаа мань эр багаа “Сери А”-гийн аваргаар хоёр удаа, Италийн цом, супер цомд тус бүр нэг удаа, Аваргуудын лигийн аваргаар нэг удаа тодруулж дөнгөсөн юмдаг. Энэ үедээ 2004 оны “Алтан бөмбөг”-ийн эзнээр зүй ёсоор тодорч амжилтынхаа оргилд хүрч байлаа. Сильвио Берлускони Шевченког голландын алдарт Ван Бастентай зүйрлэж байсан гэдэг. Ван Бастен үүнийг нь сонсчихоод эгдүүцэх нь бүү хэл өөрөөрөө бахархсан гээд бодохоор Шевченкогийн хөлбөмбөгийн авьяас, алдар цуу ямархуу байсныг батлах мэт. Берлускони Шевченко хоёр нэлээдгүй дотны холбоотой. Италийн шуугиант ерөнхий сайд  Андрейгийн эцгийн зүрхний хагалгааны зардлыг бүрэн дааж байсан. Аваргуудын лигийн шигшээд Шевченко Ювентусыг буулгаж авсныхаа дараа өөрийн өмсгөлөө Берлусконигийн бага хүүд бэлэглэж байсан ч түүх бий. Миланы эгнээнд байхдаа Андрей Шевченко нийт 226 тоглолтод оролцож, 127 гоол оруулж байжээ. Мөн Аваргуудын лигийн түүхэнд 58 гоол оруулснаараа бүх цаг үеийн хамгийн олон гоолтой гурав дахь тоглогч болжээ. 2006-2009 онд тэрбээр Челсид хөлбөмбөгийн ертөнцөд ховорхон дуулдах их үнээр зарагдаж ирсэн ч будант Альбионд төдийлөн сайн идээшсэнгүй. Тиймээс Миланд эргэж очмогцоо удалгүй төрөлх Динамо Киевтээ ирсэн гэдэг.   Ардын баатар    Европын топ клубуудэд 10 жил тоглоод нутагтаа ирэхдээ тэрбээр хэдийнэ ардын баатар болсон байлаа. Шевченко шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 1995 оноос хойш довтлогчоор тоглохдоо өнөөг хүртэл 48 гоол оруулсан байдаг. Энэ 48 гоол түүнийг Укрианы ард түмний хамгаас хайртай хүү нь болоход хангалттай байжээ. Шевченкогоо бусдаас харамлах дуртай укрианчууд түүнийг 10 жилийн дараа нутагтаа эргэн суурьшихад нь тун ч их сэтгэл хангалуун байсан гэх. Мишель Платини нэгэнтээ түүнийг “Гандан бууршгүй хөлбөмбөгч Шевченко бол Орос-Зөвлөлтийн хамгийн шилдэг тоглогч” хэмээгээд укрианчуудад эгээ л толгойгоо тогшуулчихаагүй. Түүний талаар домогт дасгалжуулагч Валерий Лобановски “Зуун жилд ганц төрөх хөлбөмбөгч” хэмээж байсан нь ч учиртай гэнэ.   Хувийн амьдрал Андрей Шевченкогийн хувийн амьдрал даруухан. Бусад од хөлбөмбөгчдийн дэргэд даруухан гэдэг үг ч багадахаар. 2002 онд италид нэрт загвар зохион бүтээгч Жиоржио Арманигийн хувийн үдэшлэгт уригдах үедээ америкийн нэрт загвар өмсөгч Кристен Пазиктай танилцсан гэдэг. Хөлбөмбөгөөс өөр юунд ч сэтгэл зүрхээ зориулж яваагүй, дасгалжуулагчийнхаа дохио зангаанаас өөр "хэл" сонирхдоггүй Андрей Пазиктэй танилцсанаас хойш англи хэлэндээ махрах болсон гэдэг. Ингээд танилцсанаасаа хойш хоёр жил үерхсэний эцэст тэд 2004 оны долдугаар сард цуутай хурим хийжээ. Тэдний хуриманд итали, францын загварын ертөнцийн алдартнууд, улстөрийн хүрээнийхэн, спортынхон хүрэлцэн ирсэн. Тэр жилдээ шинэхэн хосууд хүүтэй болж мань Шевченко өөрийн биширч явдаг тамирчин болох домогт Майкл Жорданы нэрээр хүүгээ Жордан хэмээн нэрлэсэн ажээ. Мөнөөх Сильвио Берлускони хүүгийнх нь загалмайлсан эцэг болсон түүхтэй. Одоо тэд хоёр хүүтэй. Тэд нь Укрианд сурч, ирээдүйд аавынхаа шийрийг хатаасан хөлбөмбөгчид болохоор шийдсэн гэнэ. Нэгэн цагт хөлбөмбөгөөс өөр юуг ч бодож мөрөөддөггүй “Дорнын Рональдо”, “Дорнын чөтгөр” хэмээгддэг байсан хүүгээ одоо укрианчууд сайн аав, ханийн төрхөөр хүндэлж дээдлэдэг юм.   Төгсөөгүй төгсгөл Шевченкогийн хувьд хөлбөмбөгт зүтгэж эхэлсэн цагаасаа хойш тоочоод ч барахгүй олон дэлхийн хэмжээний шагнал хүртэж байсан. Гэхдээ түүний дурсан өгүүлснээр бол хамгийн том амжилт нь шигшээ багаа 2006 оны дэлхийн аваргын шөвгийн наймд үлдээж чадсан явдал гэнэ. Германд болсон тэрхүү ДАШТ-ий үед украинчууд эхнээсээ л тун бэрх өрсөлдөгчтэй тулгарсан юм. Тэдэнтэй цуг нэг бүсэд Евро- 2004-ийн аварга грекчүүд, мөн Турк, Данийн багууд таарсан ч Украины шигшээ бүстээ хамгийн өндөр оноо авч тэргүүлж чадсан. Улмаар дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч, тэр жилдээ түрүүлэх нигууртай байсан Италийн шигшээд ялагдаж нутаг буцаж байсан түүхтэй. Италитай таараагүй байсан бол Шева тэргүүтэй укрианчууд түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж медальт байранд шалгарахад ойрхон байсан гэлцдэг. Украины шигшээ багийн гол цөм нь яах аргагvй 29 настай Андрей Шевченко байсан билээ. Энэ жилийн Европын аваргын тэмцээний өмнөхөн Шевченкогийн карьер энэ хүрээд өндөрлөнө хэмээн мэргэжилтнүүд, хөлбөмбөгийн хорхойтнууд таамаглаж байлаа. Энэ нь нь ёсоор боллоо. Гэхдээ мань Шева хэсэгтээ Укрианы шигшээ нэг хожил авахад хоёр гоол оруулсан гавьяатнаар тодорч Укрианы баатар би шүү гэж сануулсан билээ. Шведийн хаалганд хоёр удаа мөргөж оруулсан Шевченко Англитай хийсэн өнгөрсөн шөнийн тоглолтын дараа зодог тайлж буйгаа зарлалаа. Гэхдээ энэ бол төгсөөгүй төгсгөл юм. Шевченко хөлбөмбөгөө орхихгүй нь тодорхой. Тэрбээр укрианы хөлбөмбөгт цаашид огт өөрөөр хувь нэмрээ оруулах нь лавтай. Магадгүй олон алдартнууд тоглогчийн карьерээ өндөрлөсний дараа дасгалжуулагчийн албанд уригддаг. Нэгэн цагт Шевагаа Укрианы шигшээ багийн дасгалжуулагчаар ДАШТ-д оролцоод явж байгааг нь харах хувь Укрианчуудад лав бий. О.Нар  
Shuud.mn
Сонин хачин