Хелен Кларк олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэх талаар үг хэллээ
2011-10-20

Монгол Улсын Засгийн Газар болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс  хамтран зохион байгуулж байгаа энэхүү бага хурлаар бид улс орнууд олборлох аж үйлдвэрийн салбараа удирдан зохицуулсан олон янзын арга зам, баялаг туршлагыг хуваалцаж, уул уурхайн салбарын хуримтлуулсан баялгийг хүний тогтвортой хөгжилд хамгийн оновчтой хэрхэн зориулж болох тухай хэлэлцэх болно. Эрдэс, шатахууны экспорт нь Австрали, Канад, Норвег зэрэг өндөр хөгжсөн зарим улс орны эдийн засагт чухал байр эзэлдэг нь үнэн хэдий ч байгалийн баялаг экспортлогч орнуудын дийлэнх нь хөгжиж буй ертөнцийн орнууд байгааг анхаарах хэрэгтэй. Хайгуулын техник боловсронгуй болсны сацуу эрдэс баялгийн эрэлт тогтвортой байгаа нөхцөлд олон улс орны эдийн засаг, үндэсний орлогод уул уурхайн эзлэх жин цаашид нэмэгдэнэ гэж үзэх үндэслэлтэй. Олон орон, ялангуяа Африк тивийн орнууд газрын тос, шатдаг хий, эрдэс түүхий эд экспортлогчдын эгнээнд шинээр нэгдэж байна. Байгалийн эрдэс баялаг ашиглах нь ихээхэн үр ашигтай байж болох л юм. Норвег, Канад, Австрали, Ботсвана, Чили зэрэг улс үүний амьд жишээ болж байна. Эдгээр улс орон асар их байгалийн баялгаа оновчтой ашиглаж чадсанаар хүний хөгжлийнхөө түвшнийг дээшлүүлж чадсан байна. Нөгөөтэйгүүр, байгалийн баялаг арвинтай зарим орон эрдэс баялгаа олборлож эхэлснээрээ баялгийн хараал хүртсэн байдаг. Эрдэс баялагт шүтсэн зарим улс байгалийн баялаггүй орнуудаас удаан хөгжсөн тохиолдлууд ч байдаг. Үнэхээр ашигт малтмал олборлолтыг эдийн засгийн буруу удирдлага, тэгш бус байдал, авлига, улс төрийн тогтворгүй байдал, мөргөлдөөнтэй холбож үзэх нь олон байдаг. Эндээс: Яагаад зарим улс орон ашигт малтмал олборлолтын үйлдвэрлэлээ амжилттай удирдан зохицуулж чадсан байхад яагаад зарим улс орон тэрхүү боломжийг алддаг юм бэ? гэдэг асуулт ургаж байна. Зарим тохиолдлыг нягтлан судалснаар энэ асуултад хариу олж болно. Жишээлбэл Ботсвана далайд гарцгүй Африкийн бага жижиг улсын нэг. Ботсвана алмас[1] эрдэнийн чулуу олборлолтоороо дэлхийд тэргүүлж байна. Энэ улс байгалийн баялгаа хөгжил дэвшил болгон хувиргаж чадсан. Ботсвана улс уул уурхайн орлогын ахиухан хэсгийг эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулахад хуваарилж байх механизм бүрдүүлсэн юм. Мөн эрдэс баялгийн орлогын тодорхой хэсгийг үнийн хэлбэлзлийн эсрэг ашигладаг Пула Сан гэдэгтээ хуваарилдаг, мөн олборлох салбарын бий болгож буй орлогын хувийг ирээдүй хойч үедээ зориулж хуримтлуулдаг байна. Харин Норвег улсын хувьд 20-р зууны эхэнд Европын хамгийн ядуу орны нэг байсан бол сүүлийн жилүүдэд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэлхийн Хүний хөгжлийн индексийг тэргүүлдэг боллоо. Норвег, Ботсвана хоёр улс байгалийн баялгийн сайн, оновчтой удирдлага, менежмент хэрэгжүүлсэн улсууд юм. Зарим орнууд хүнд үеийг туулж байгаад сүүлийн жилүүдэд дорвитой амжилт гаргаж байна. Жишээлбэл, Нигер улсад анх 1973-аас 1983 оны хооронд газрын тосны галзуурал явагдсан боловч улс орны хөгжилд үр ашиггүй өнгөрсөн гэж үздэг. Харин 2003-аас 2008 оны үеийн газрын тос олборлолт сэргэсэн нь энэ улсын хувьд амжилттай хөгжлийн үе болж чадсан. Нигерия улсын хэрэгжүүлсэн эдийн засгийн шинэчлэл нь байгалийн баялгийн орлогыг эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дээшлүүлэхэд илүү оновчтой хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Нигерия улсын нэг хүнд ногдох ДНБ худалдан авах чадварт жишсэнээр 2000 онд 1,496 доллар байсан нь 45 хувиар өсөж 2010 онд 2,135 доллар хүрчээ. Үүний өмнөх арван жилд энэ улсын ДНБ дөнгөж 4 хувиар өссөн байдаг юм шүү дээ. Байгалийн баялгийн хяналт, олборлолтын төлөө мөргөлдөөн үүссэн улс оронд эрдэс баялаг ашиглалт онцгой сорилтой тулгардаг. Ийм тохиолдолд баялгийн хараал биеллээ олж, мөргөлдөөн намжихгүй үргэлжилж, даамжирсаар байдаг. Хэдий баялгийн хараалд өртөж, мөргөлдөөнд умбахгүй ч стратегийн зөв бодлогогүй тохиолдолд байгалийн баялгаас орох орлого нь удаан үргэлжлэхгүй татардаг байна. Өмнөд Номхон далайн бяцхан арлын орон Науру фосфатын баялаг ордтой байж. Энэхүү баялгийг экспортолсноор 1960, 70-аад оны үед  нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд хоёрдугаар байрт орж байлаа. Өнөөдөр тэрхүү бяцхан арлын фосфатын ордын олборлож болох хэсэг нь шавхагдаж; орлого татарсан; харин ард түмэн хуучин фосфатын уурхай байсан хаягдмал газрыг тойрсон, байгаль экологийн хувьд найдваргүй зурвасхан газартай л хоцорсон. Хөгжиж буй ертөнцийн бүс нутаг бүрт байгалийн баялгаа хүний хөгжилд зориулж чадсан орнууд, байгалийн баялгаа зөв ашиглаж чадаагүй орны аль алины жишээ ийнхүү зэрэгцэн оршиж байдаг. Сайн засаглал, урт хугацааны хөгжлийн оновчтой төлөвлөгөө хэрэгжүүлж чадвал байгалийн баялгийн хараалд өртөлгүй тойрч, иргэдээ боловсрол, эрүүл мэнд зэрэг чанартай үйлчилгээгээр хангах боломжтой. Авлигын эсрэг үр нөлөөтэй хууль тогтоомж, иргэний нийгмийн гүнзгий оролцоо улс орныхоо байгалийн баялгийг зарцуулж, хуваарилах засгийн газрын үйл ажиллагааг ил тод болгодог. Индонез, Малайз зэрэг газрын тос экспортлогч орнууд хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, улс орноо аж үйлдвэржүүлсэн нь баялгийн хараалаас зайлсхийх бас нэг амжилттай арга болсон юм. Эдгээр салбар өрсөлдөх чадвартай болж ирэхээр уналт, хямрал, үнийн огцом хэлбэлзэлд тэсвэртэй эдийн засаг бий болгох нөхцөл бүрддэг. Ази Номхон Далайн бүсийн олон улс баялгийн хараалаас зайлж чадсан хэдий ч энэ бүс дэх дорой хөгжилтэй, байгалийн баялаг ихтэй орнууд засаглал сул, өргөн хүрээний эдийн засгийн стратеги боловсруулаагүй, сөрөг үзэгдлийг сааруулах арга хэмжээ боловсруулаагүй тохиолдолд баялгийн хараалд өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Ашигт малтмалын салбар ойрын жилүүдэд Ази Номхон Далай, Африк, бусад бүс нутагт өсөх хандлагатай байна. Газрын тос, шатдаг хийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, эдийн засгийн өсөлт түргэсэж, газрын тос нийлүүлэгчдийн эгнээ Ойрх Дорнодын хүрээнээс халин тэлж, өсөж байгаа эдийн засаг бүхий орнуудын импортын шатахууны эрэлт нэмэгдэж байна. Томоохон дэд бүтэц байгуулах төслүүд нь их хэмжээний капитал шаарддаг онцлогтой, энэ нь авлигад автах эрсдлийг дагуулж байна. Тэрчлэн байгалийн баялгийн хурдацтай ашиглалт түүхий эд экспортлогч орны улс төр, эдийн засаг, нийгмийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт оруулах магадлалтай тул баялгийн хараалын эрсдлийг нухацтай авч үзэх нь зүйтэй байна. Монгол Улсын хувьд эрдэс түүхий эдийн үнэ 2004-өөс 2008 онд өндөр байсан нь засгийн газрын орлого их хэмжээгээр нэмэгдэхэд хүргэсэн. Орлого эрс нэмэгдсэн нь хавтгайруулан бэлэн мөнгө тараах, цалин нэмэх боломж олгосон нь инфляц өсөх сөрөг үр дагаварт хүргэж байна. Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхайн салбарт ногдож байна. Эдгээр хүчин зүйл хамтарснаар, цагаа олсон арга хэмжээ авахгүй тохиолдолд дунд ба хэтийн хугацаанд “голланд өвчинд”  өртөх эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй. Аз болоход Монгол Улс энэ аюулыг мэдэрч, макро-эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын хууль баталсан билээ. Тэрчлэн барааны үнийн хэлбэлзлийг сааруулах зорилготой Санхүүгийн тогтвортой байдлын сан байгуулж, мөн Хүний хөгжлийн сан байгуулсан нь яваандаа хүн амын илүү эмзэг хэсэгт чиглэх боломжтой. Дорнод Тимор улс дэлхийн газрын тосны нийт нөөцийн аравны нэг хүрэхгүй хувийг агуулдаг боловч энэ нь бяцхан улсад хөгжлийн асар их боломж бүхий орлого авчирч байна. Мөн Ботсвана, Кувэйт, Норвег улсуудын адилаар Тимор улс нь газрын тосноос олсон баялгаасаа хойч залгамж үедээ зориулж хадгалах сан байгуулсан байна. Уг сан нь “тогтвортой орлогын босготой”, улс төрчид парламентын зөвшөөрөлгүйгээр тэр босгыг даван  уг сангаас мөнгө гаргуулах эрхгүй. Улс орны хөгжлийн хоцрогдлыг даван туулах шаардлага тулгарч байгаа тул Тимор улс газрын тосны баялгийнхаа багагүй хувийг бас эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх, нийгмийн салбараа хөгжүүлэхэд чиглүүлж байна. Тухайн улс байгалийн баялгаа хэрхэн зарцуулах талаар ямар сонголт хийхээс цаашдын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил хангагдах эсэх нь шалтгаална. Дээр дурдсанчлан сайн туршлагууд байгаа боловч оновчтой бодлого боловсруулах стандарт жор байдаггүй юм. Улс орон бүрийн байгалийн баялгийн онцлог байдал, орчин нөхцөл нь өөр байдаг, эдгээр нь ч баялгаа шударга, тогтвортой байдлаар зохицуулан удирдаж чадах эсэхэд нөлөөлдөг. Миний хувьд байгалийн баялгийг ил тод, ард түмнээ тэгш оролцуулсан, тогтвортой арга хэлбэрээр удирдаж чадвал хүний хөгжлийг хөдөлгөгч хүчин зүйл болж чадна гэж үздэг. Үүнийг дараах гурван зүйлээр тайлбарлахыг зөвшөөрнө үү? Нэгдүгээрт, Байгалийн баялгаас олох орлого иргэд, ард түмэнд ач тустай байхыг тулд гэрээ байгуулах үйл явц эхнээсээ дуусах хүртлээ ил тод байх шаардлагатай. Компаниуд ба засгийн газрын хооронд орлого урсах явц ил тод байх шаардлагатай. Мөн засгийн газрын (орон нутгийн түвшинд ч мөн адил) хөрөнгө зарцуулах бүх шийдвэр ил тод байх шаардлагатай. Хоёрдугаарт, Байгалийн баялгийн удирдлагын горим төлөвлөлт, оорлого хуваарилах шатандаа тэгш оролцоог хангасан байх шаардлагатай. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр эхнээс нь олон нийт, иргэний нийгмийн идэвхтэй оролцоог дэмжиж, ашигт малтмалын үр шимийг аль болох өргөн хүртээмжтэй хуваарилах нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй гэж үздэг. Уул уурхайн үйл ажиллагаа амьдралд нь шууд нөлөөлж байгаа хүмүүст онцгой анхаарал тавих хэрэгтэй. Тэдгээрийн зарим нь цөөнх омог угсаатан байдаг. Тэр хүмүүсийн эрх хамгаалагдаж, хөгжлийн хэрэгцээ нь хангагдах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Уугуул оршин суугчдын эрхийн тухай НҮБ-ын Тусгай илтгэлд улс орнууд цөөнх ястны нутагт буюу нутгийн ойролцоо ашигт малтмал олборлох, хөгжлийн бусад төсөл хэрэгжүүлэх нь тэдний эрхийг зөрчих хамгийн ноцтой шалтгаан болж байгааг тодорхойлсныг энд онцлон дурдмаар байна. Нутгийн оршин суугч цөөнх угсаатан болон засгийн газрын хооронд харилцан яриа, харилцан ойлголцолд хүрэх нь энэ байдлыг өөрчлөх анхны алхам болно гэж дурджээ. НҮБ-ын Ардчилсан засаглалын бүлэг олборлох үйлдвэрлэл, ардчилсан засаглал, үндэсний цөөнхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү бүлэг нь хувийн сектор, уугуул оршин суугчид, засгийн газар хоорондоо олборолох үйлдвэрлэлд баримтлах суурь стандарт, зохистой арга ажиллагааны талаар харилцан ойлголцоход нь туслахыг зорьдог. Энэ нь мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, ардчилсан, тэгш оролцоот засаглал хэрэгжүүлэх, хүний эрхийг дээдлэхэд ач холбогдолтой юм. Гуравдугаарт, Олборлох үйлдвэрлэлийн удирдлага улс орны ойрын хугацааны хэрэгцээг хэтийн хөгжлийн зорилготой хослуулан тэнцвэржүүлэхэд чиглэх хэрэгтэй. Байгалийн баялаг олборлох нь байгаль орчинд нөлөөлдөг. Тиймээс уул уурхайн төсөл боловсруулахдаа үүнийг нухацтай тооцож, байгаль орчинд учрах нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөх нь чухал юм. Дээр хэлсэнчлэн, урт хугацааны үр ашгийг хангах нь гол сорилт болдог. Науру улсын жишээнээс үзэхэд байгалийн нөөц баялаг хязгаартай байдаг юм байна шүү. Норвег улсын жишээгээр нийгмийн хөгжлийн сан байгуулснаар байгалийн баялаг шавхагдсанаас хойш ч үр шимийг хүртсээр байх боломжийг бүрдүүлдэг байна. Зүүн Тимор зэрэг орлого багатай орнууд өндөр орлоготой орнуудтай харьцуулахад байгалийн баялгаасаа орох орлогын илүү их хэсгийг хөгжилдөө зориулж болдог байна. Өнөөдөр хамгийн ядуу давхаргын хүмүүсийнхээ амьжиргааг дээшлүүлж, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, үйлдвэрлэлийн чадавхиа сайжруулах нь хөгжиж байгаа орнуудын хүний хөгжлийн түвшнийг дээшлүүлж, бас байгалийн баялаг шавхагдах цаг үеийг бэлтгэлтэй угтахад тустай. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт бид нүүрс-ус[2], эрдэс чулуулгийн томоохон нөөцийг хөгжлийн гарц болгох нэгэн боломж гэж үзэж байна. Олборлох үйлдвэрлэлийг зөв удирдаж, орлогыг оновчтой шударга хуваарилж чадвал үүнд шаардлагатай нөхцөл бүрдэнэ. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр үйл ажиллагаагаа идэвхтэй эргэн хянаж, олборлох үйлдвэрлэлийн удирдлагын талаарх аргачлалаа олон орны түнш байгууллагуудтайгаа хамтран шинэчилж байна. Манай чадавхи, харьцангуй давуу талууд засгийн газар, бусад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө нөөцийн удирдлага, засаглалыг боловсронгуй болгох зэрэг чиглэлүүдэд тустай байх болно. Олборлох үйлдвэрлэлийн хөгжлийн эхэн шатанд яваа улс орнууд их хэмжээний орлого орж эхлэхээс өмнө удирдлагын оновчтой тогтолцоо бүрдүүлээд авах боломж нээлттэй байна. Эдгээр улс орон хугацаа хожиж баялгийн хараалаас сэргийлэх бодлого боловсруулах боломж одоохондоо нээлттэй байна. Тийм ч учраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэхүү бага хурлыг Монгол Улсын Засгийн Газартай хамтран зохион байгуулахдаа баяртай байна. Монгол Улс уул уурхайн эрчимтэй хөгжлийн эхэн шатанд байгаа тул баялгийн шударга хуваарилалтыг хангах бодлого, механизм бүрдүүлэх, баялгийн хараалаас урьдчилан сэргийлэх цаг хугацаа, таатай боломж байна. Энэ дашрамд хэлэхэд дэлхийн олон орны засгийн газрын төлөөлөгчид өнөөдөр хүрэлцэн ирж, энэ хуралд дээд хэмжээнд оролцож байгаад миний бие урамшиж, талархаж байна. Энэ бага хурал бид бүхэнд бие биеэсээ суралцаж, байгалийн баялгийн удирдлагын илүү оновчтой тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэх боломж болгож байна. Монгол Улсын Засгийн Газарт НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран энэ бага хурлыг зохион байгуулж байгаад нь, НҮБ болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй ямагт нягт хамтран ажилладагт нь талархал илэрхийлье. Бид тавин жилийн турш түнш байсан бөгөөд цаашид ч манай хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилж, бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна.
Shuud.mn
Сонин хачин
олборлолт ашиглалт зарцуулалт ямарч нээлттэй биш хаагдмал нууцлагдмал байгаа энэ төрийн үед яг хүний хөгжилд зориулж харагдаач мангар авгай минь. Та нар монголыг сайн мэдэхгүй л байна даа. уул уурхайн салбар монголд ард түмний сайн сайханд бус эрх мэдэлтэнгүүдийн гадны банкин дахь хөрөнгийг зузаалахад оршдог юм
2011-10-21