Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хойшиллоо
2012-06-21

Египетийн сонгуулийн хорооноос ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулах өдрийг хойшлуулсан нь тус оронд хурцадмал байдал үүсгээд байна. Дүнг пүрэв гаригт зарлах ёстой байсан ч нэр дэвшигчдийн санал гомдлыг шалгахад илүү их хугацаа хэрэгтэй байгаа гэлээ. Өнгөрсөн долоо хоногийн сонгуулийн саналын тоогоор хоёр нэр дэвшигчид болох Мухаммед Мурси, ерөнхий сайд асан Ахмед Шафик нар аль аль нь ялалтаа зарлаад байсан юм. Мянга мянган сөрөг хүчний дэмжигчид Каирын Тахрирын талбайд жагслаа. Жагсагчид сонгуулийн дүнгийн удаашралт болон ерөнхийлөгч Хосни Мубаракаас хойш улсын эрхийг барьж байгаа Армийн хүчний Дээд зөвлөлийг(АХДЗ) эсэргүүцэн цугларсан байв. АХДЗ-д төрийн эрх мэдлийг олгосон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж дуу хоолойгоо өргөхийг “Мусульман ахан дүүс” хүмүүст турхирч байлаа. Энэ хооронд 84 настай Мубаракын эрүүл мэндийн байдал хүнд байна. Түүний биеийн байдлыг сонгуулийн үймээний үед сатааруулга болгож ашиглаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Лхагва гаригт сонгуулийн хорооноос мэдэгдсэнээр хоёр нэр дэвшигчид 400 гаруй сонгуулийн саналын зөрчил байна гэж мэдүүлсэн гэнэ. Гомдлыг хянан шалгахад хугацаа хэрэгтэй байгаа учир дүнг зарлах хугацааг тогтоож чадахгүй байгаа аж. Гэхдээ хэвлэл мэдээллийнхний үзэж буйгаар, долоо хоногийн төгсгөл гэхэд ялагчийг зарлаж магадгүй байна.   Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин