"Ялагдашгүй Армада" хагас шигшээд шалгарлаа
2012-06-24

Хави Алонзо хэмээх халуун цуст испани эр Францын шигшээ багийн хаалганд дубль хийснээр “Ялагдашгүй Армада” хагас шигшээд төвөггүйхэн шалгарлаа. Испани-Францын тоглолт мэдээж хэрэг “Евро-2012”-ын хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг байсан нь мэдээж хэрэг. Гэсэн ч энэ тоглолт испаничууд 55, францчууд 45 хувийн бөмбөг эзэмшилттэй явагдаж Испанийн шигшээ багийн давамгайлал дор өндөрлөлөө. Тоглолтын 19 дэх минутад Францын багийн хамгаалалтын шугам асуудалтайг дахин нотлож Хави Алонзо эхний гоолоо оруулсан. Энэ гоол үнэхээр гайхалтай байлаа. Иньстагийн жигүүрээр уралдуулж хаясан бөмбөгийг Альба амжилттай авч хөндлөн дамжуулалт хаясан ба үүнийг Хави Алонзо сум мэт хүчтэй газартай хавсран мөргөж гоолдсон юм. Ингээд францчууд тоглолтын санаачлагыг олж аван, нөхцөл байлыг эргүүлэх гэж хичээсэн боловч испаничууд тийм боломжийг олгосонгүй. Тоглолт энэ хэвээр үргэлжилсээр эцийн мөчид Педро Родригес дээр францчууд алдаа гаргаж, улмаар  Хави торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тооны харьцаа 2:0 болж хэн хагас шигшээд үлдэж, хэн нутаг буцах нь тун ч тодорхой болсон билээ. Ийнхүү Зинедин Зиданы үеэс хойш анх удаа хүчирхэгжээд байсан Францын шигшээ хагас шигшээд үлдэж чадсангүй нутаг буцаж байна. “Евро-2012” гурван өнгөтнүүдийн үзүүлсэн амжилтыг нэхэн санаваас хэсгийн тоглолтод Английн шигшээтэй 1:1-ээр тэнцэж, Укрианыг 2:0-ээр хожсон хэдий ч “Ялагдашгүй Армада”-гийн аманд очих эсэхээ шийдэх тоглолтод Шведийн шигшээд 2:0-ээр ялагдаж шуугиан дэгдээсэн билээ. Харин Английн шигшээ шийдвэрлэх тоглолтдоо ялж чадсанаар францчуудыг Испанийн шигшээтэй ийнхүү халз учруулсан юм. Магадгүй Францын шигшээгийн хувьд хэсгээсээ нэгээр гарсан бол италичуудыг хагас шигшээд аргалах магадлал өндөртэй ч хамгаалалт, довтолгооны гайхалтай хосолсон тоглолт үзүүлж буй Германы шигшээ багтай тулгарч хүч мөхөсдөх байсан болов уу. Гэхдээ ийм хувилбарыг англичууд бий болгоогүй юм. Шведийн шигшээд ялагдсан дарамтнаасаа салж амжилгүй шөвгийн наймын тоглолтоо эхлүүлсэн францчууд ийнхүү хожигдож Евопын аваргыг өндөрлөж байна. Харин Испанийн шигшээгийн хувьд тив, дэлхийн отгон аварга яах аргагүй өнөө цагийн шилдгүүд билээ. Тэд хэсэгтээ Италийн шигшээтэй 1:1-ээр тэнцсэн хэдий ч Хорватыг 1:0, Ирландыг 4:0-ээр ялж хэсгээсээ нэгдүгээр байраар гарч чадсан. Шөвгийн наймд францчуудыг ийнхүү нутаг буцаалаа. Одоо хагас шигшээд тэд Криштиан Рональду тэргүүтэй хил залгаа Португалийн шигшээтэй тоглох боллоо. Дашрамд дурдахад Хави Алонзогийн хувьд Францтай хийсэн энэхүү тоглолт нь түүний шигшээ багтаа тоглож буй 100 дахь тоглолт нь байжээ. Иймээс түүнийг 100 дахь тоглолтоороо шигшээ багтаа үнэхээр гайхалтай бэлэг барьлаа хэмээж болно. Харин эсрэгээрээ алдарт Зинедин Зиданыхаа төрсөн өдөрт хагас шигшээд шалгаран бэлэг барьж чадсангүй дээ, францчууд. “Евро-2012” гайхалтай тоглолтуудаар дүүрэн үргэлжилсээр байна. Өнөө шөнө хагас шигшээд шалгарах сүүлчийн багийн нэр тодорно. Итали-Англи. Монголчуудын хувьд Английн шигшээг багийг ихээр дэмждэг. Тиймээс энэ тоглолт үнэхээр чухал бөгөөд хамгийн сонирхолтой байх болно. Хагас шигшээд хүчирхэг Германы багтай Англи тоглох уу, Итали үзэлцэх үү. Энэ асуултын хариуг бид энэ шөнө олох болно. Ингэснээр шөвгийн наймын тоглолтууд дуусаж хагас шигшээ эхлэх болно. Ингээд хагас шигшээгийн хоёр тоглолтын хуваарийг та бүхэндээ танилцуулья. Зургадугаар сарын 27- Испани-Португалийн тоглолт Укрианы Донецк хотноо Зургадугаар сарын 28-Германы шигшээ Англи-Италийн аль хожсонтой хийх тоглолт –Польшийн нийслэл Варшав О.Нар
Shuud.mn
Сонин хачин