Итали хагас шигшээд шалгарлаа
2012-06-25

Гурван Арслангийн шигшээг эртнээс дагаж байдаг үндсэн цагаас гадагш орших азгүйтэл энэ удаа ч мөн давтагдлаа. Хагас шигшээд шалгарах сүүлчийн эрхийн төлөө тулсан Итали-Францын тоглолт эцсийн мөчид торгуулийн цохилтоор шийдэгдсэнээр италичууд Германы шигшээ багийн учраагаар тодорлоо. Үндсэн цагт италичууд давамгайлж тоглосон хэдий ч гоолгүй тэнцсэн юм. Италийн талаас хоёр ч шар хуудсаар торгуулсан бол англичууд хуудасгүй тоглолтыг дуусгасан. Статистик үзвэл италичууд нийт 35 удаа цохилт хийснээс 20-ийг нь хаалга руу чиглүүлж чадсан ба булангаас 7 удаа цохилт гүйцэтгэжээ. Харин англичууд тоглолтын турш ердөө есөн цохилт хийснээс дөрөв нь л хаалга руу чиглэсэн ба гурван удаа булангийн цохилт гүйцэтгэсэн нь тэдний хэр тааруухан тоглосныг илтгэнэ. Нэмэлт цагт ч гоол байсангүй. Англичууд оновчтой довтолгоо өрнүүлж чадахгүй байсан ч хамгаалалтдаа сайн анхаарч чадсаны ачаар нэмэлт цаг ч дууссан юм. Ингээд тоглолтын турш илүүрхсэн италичууд ялах уу, хамгаалалтдаа дулдуйдан торгуулийн цохилтын мөчийг хүлээсэн англичууд ялах уу гэдгийг харах цаг ирсэн юм. Англи: Жеррард, Рүүни нар цохилтоо оновчтой гүйцэтгэсэн. Эшли Янг шувуу буудаж, Эшли Көүлийн бөмбөгийг хаалгач хаасан. Итали: Монтоливо алдаж, Балотелли, Пирло, Носерино, Диаманти нар цохилтоо оновчтой гүйцэтгэсэн. Торгуулийн цохилт 4:2-ын харьцаатай шийдэгдсэнээр Англичууд нутгаа зорих боллоо. Тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээнийг торгуулийн цохилтын азгүйтлээр дуусгаснаар нутагтаа хөл тавьдаг тэдний уламжлал "дахин сэргэлээ". Одоо Англид тэднийг  нэн танил дүр зураг угтах болов уу. Англичуудыг хожно хэмээн олон хүн таамаглан, найдаж байсан ч тэд талаар болголоо. Харин тоглолтын өмнө олон улсын шүүмжлэгчид, мэргэжилтнүүдээс багахан үнэлгээ аваад байсан Италийн шигшээ маш сайн тоглож улмаар үүнийгээ эцсийн мөчид ялалтаар дуусгаж чадсан нь сайшаалтай. Хагас шигшээд үнэхээр гайхалтай багууд үлдлээ. Пиринейн хойгийн хөрш хоёр орон болох Испани-Португали ба Герман-Италийн шигшээ багууд хагас шигшээд "тулалдана". О.Нар    
Shuud.mn
Сонин хачин