Хятадын сансрын хөлгүүд амжилттай холбогдлоо
2012-06-25

Сансар дахь онгоцуудаа гар аргаар холбох зорилготой хятадын сансрын нисгэгчдийн баг өчигдөр үүргээ амжилттай биелүүлжээ. Шэньчжоу 9 сансрын капсулын удирдлагын хэсгийг Тяньгун 1 модультай холбох явцыг Хятадын үндэсний телевизээр шууд дамжуулсан юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Хятад дахь газрын баазаас удирдаж хийсэн холболтын үргэлжлэл ажээ. Хятадын сансрын нисгэгчид уг модульдаа өнгөрсөн долоо хоногийн туршид амьдарч ажиллаж байгаа ба энэ нь сансрын суурин станц байгуулах ажиллагааны бэлтгэл хэсэг юм. Тэд ням гаригийн өглөө Шэньчжоу 9 капсулдаа эргэн ирж, гар аргаар залгах ажлыг туршиж үзэхийн тулд хөлгүүдийг салгасан байна. Хятад улсын дараагийн зорилт нь энэ оны сүүлээр дахин нэг баг илгээх ба Тяньгун 1 хөлгийг сольж, 2020 он гэхэд сансрын суурин станцтай болох явдал юм. Дараагийн боломжит зорилт нь саранд хүн илгээх явдал байж магадгүй хэмээн олон улсын ажиглагчид шинжилж байна. Хятадын суурин сансрын станц нь 60 тонн жинтэй байх юм. Энэ нь 1970 онд илгээсэн НАСА-гийн сансрын лабораториос арай жижиг, Олон улсын Сансрын станцын зургааны нэгтэй тэнцэх аж. Шэньчжоу 9 хөлгийн багт 33 настай Лю Ян багтаж байна. Тэрбээр агаарын хүчний нисгэгч бөгөөд хятадын анхны сансраар аялагч эмэгтэй юм. Мөн 45 настай ахмад сансрын нисгэгч Цзин Хайпен болон 43 настай Лю Ван нар багийн бүрэлдэхүүнд бий. Тэдний даалгавар нь дор хаяж 10 хоног үргэлжлэх төлөвтэй, хятадын дөрөв дэх хүний бүрэлдэхүүнтэй ажиллагаа юм. Шэньчжоу 9 хөлөг нь энэ сарын 16-нд говь цөлөөс хөөрсөн билээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин