Улс төрөөс хараат бус төрийн албаны томилгооны талаар хэлэлцлээ
2011-10-21

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад улсын Төрийн албаны комисстой хамтран зохион байгуулсан "Улс төрөөс хараат бус, Мерит зарчимд суурилсан төрийн албаны томилгоо" сэдэвт Олон улсын бага хурал боллоо. Олон улсын бага хуралд Канадын улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч Мария Баррадос, зөвлөх Гастон Арсенал, Ирланд улсын Төрийн албаны томилгооны албаны дарга Брайн Эндрюс, Недерландын  улсын Төрийн дээд албаны тушаалын албаны дарга Жан Виллем Вэк, Армени Улсын Төрийн албаны зөвлөлийн дэд дарга Самвел Василян, Вьетнам улсын Төрийн захиргааны хөгжлийн институтын дэд захирал Тран Гвон Нгой зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү олон улсын бага хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд, зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын удирдлагууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцож, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд олон улсын бага хурлыг нээж хэлсэн үгэндээ энэхүү олон улсын бага хурлын хэлэлцүүлэг нь  Монгол Улсын хувьд цаг үеэ олж зохион байгуулагдаж буйг тэмдэглээд "...1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш төрийн албаны шинэтгэлийн талаар дэс дараатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа бөгөөд энэ нь төрийн бодлогын амин чухал хэсэг байсаар ирсэн юм гээд цаашид улс төрөөс хараат бус Мерит зарчмыг төрийн албанд хэрэгжүүлж мөрдөхгүй бол төрийн алба, иргэдийн хооронд үүсэх итгэлцэл бэхжихгүй, төрийн ажил цалгардах, үүнээс болж иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ доголдож буй"-г дурдаад хурлын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Гадаадын зочид төлөөлөгчид өөр өөрсдийн орны төрийн албаны томилгооны асуудал, Мерит зарчмыг хэрэгжүүлж буй туршлага, ололт, амжилтын талаар тус тусын илтгэлийг тавьж, энэ талаар идэвхитэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хурлын төгсгөлд энэхүү олон улсын  бага хурлын ач холбогдлыг онцлон дурдаад хурлын үеэр яригдсан туршлага, санал, зөвлөмжүүд нь бидний цаашдын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо. Мөн олон улсын хурлыг хамтран зохион байгуулахад ихээхэн туслалцаа үзүүлсэн Канад Улсын Төрийн албаны комисс, Канад Улсын Элчин сайдын яаманд талархлаа илэрхийлэв. Оролцсон улс орны төлөөлөгчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын төрийн албаны шинэтгэл богино хугацаанд зөв чиг баримжаагаар багагүй туршлага хуримтлуулсныг онцлон тэмдэглэлээ.
Shuud.mn
Сонин хачин
Машины дулаан хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-10-21