Хоёр орны Ерөнхий сайд нар айлчлал амжилттай боллоо хэмээн мэдэгдлээ
2010-12-15

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын  Засгийн газрын дарга В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Уулзалтаар Монгол, Оросын харилцааны тулгамдсан асуудлууд, хоёр орны хоорондын харилцааг хөгжүүлэх цаашдын төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин нар хоёр орны түүхийн явцад бүрэлдсэн  уламжлалт найрамдалт, сайн хөршийн харилцаанд үнэнч гэдгээ дахин нотолж цаашид бүх талын хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг тууштай хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхээр тохиролцлоо.

Энэ хүрээнд хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, худалдааг либеральчлах, балансын алдагдлыг бууруулах, Монголын экспортыг нэмэгдүүлэх, Монголд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Тухайлбал, Монгол Улсын байгалийн нөөц баялаг, эрчим хүчийг олборлох ашиглах, ураны орд газруудыг ашиглах зорилгоор “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах, “УБТЗ” ХНН, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийг далайцтай шинэчлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт өвчнөөс сэргийлэхэд шаардлагатай 370 сая рублийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцлоо.

Shuud.mn
Сонин хачин