Дэлхийд ганц Монгол наадам эхэллээ
2012-07-11

Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан монгол наадмын нээлт албан ёсоор эхэлж байна.  Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залсны дараа Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Үндэсний их баяр наадмыг нээж  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр "Эрхэм хүндэт Монгол түмэн, наадамчид аа, Эрхэмсэг зочид, хатагтай ноёд оо, Монголын сайхан эх орондоо болон дэлхийн олон газар наадамлаж байгаа нийт иргэд, наадамчин олондоо Монгол наадмын халуун мэндчилгээ өргөж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлхий дэлэгнэсэн энэ зуны наадам сайхан эхэлж байна. Билэг билгийн дээд Монгол наадам маань энэ жил ч олон сайхан ерөөл билгээр дүүрэн байна. Эзэн Богд Чингэс хааны мэлмий гийсний 850 жилийн тэгш их ой өнөө жил тохиож байгаа юм. Монголын ард түмэн өөрсдийн төлөөллөө  сонгож УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо. Мөн зуны ХХХ олимпын нээлт эхлэхэд цөөн хоног үлдэж байна. Монголоороо гоёсон Монгол наадам маань ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн болоод байна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, түүх, соёл, өв уламжлалаараа бахархаж, гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг. Монгол наадмын хүндэт хоймроос азай буурал ахмадууд, цог хийморлог залуус, алиа бяцхан үрс, ард иргэддээ болон манай наадмыг үзэж сонирхож байгаа нийт зочид гишүүддээ сайхан наадамлахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Түмний цэнгэл их баяр наадамдаа эр бяр, хурд шандас, цэц мэргэнээ сорих нийт иргэддээ аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Их түүхт, эрх чөлөөт Монгол түмний цэнгэл баяр, бахархал омогшлын дээд Монгол наадам энэ цаг мөчид ийнхүү эхэлж байгааг Их цагаан сүлд, билэг ерөөл бүхний биелэл оршсон наадмын энэ хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна. Сайхан наадаарай. Мөнх хөх тэнгэр минь Эх орон, Монгол түмнийг минь үүрд ивээгтүн" гэлээ. Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна, Ерөнхий сайд, Их хурлын даргалагч ирсэн байна. Энэ жилийн наадмын онцлог нь монгол ёсолгоогоор нээлтээ хийж буй явдал. Наадмын нээлт хаалтыг Төв аймгийн театрын найруулагч Д.Ганхуяг  байгаа юм. Найруулагч Д.Ганхуяг "Энэ жилийн наадмын нээлтийг уламжлалт ёслол хүндэтгэл, зан үйлийн талаас дүрсэлж, уран сайхны үзүүлбэрээр үзүүлэхээр бодож найруулсан" тухайгаа хэлж байсан. Наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Ганжуур, "Данжуур" судрыг залах юм. ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, цуур зэргийг төрлийг түлхүү оруулсан бөгөөд концертод  МУГЖ Э.Амартүвшин “Монголдалай” хэмээх дууг эгшиглүүлэх юм. Мөн “Сүлд” чуулгын дуучин М.Ариунбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Наадмын талбайн үндсэн дэвсгэр нь  Хөвсгөл далай, Дархадын хотгор зэрэг Монгол орны үзэсгэлэнт газруудыг дүрсэлжээ. Дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэллээ. Монголчууд та бүхэн төгс сайхан наадаж, төрийнхөө их түүхээрээ бахархан цэнгээрэй. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
zochin:
MONGOL ULSIIN TOLOO ZUTGIE.
2012-07-11
zochin:
saihan haragdaj bna minii mongoliin ard tumen denj hotoiyol shan naadaarai.hairtai ene eh orondoo.
2012-07-11
MONGOL XVN:
NAADMIIN BAYARYN MEND XVRGIE.UUXAI.MUNX TENGER IWEEG BIDNEE.
2012-07-11
mongol naadam shdee goyo oo
2012-07-11