“Зоос” банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, дампууруулсан хэмээн буруутгагдаад байгаа 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 11.00 цагт эхэлсэн. Гэтэл шүүгдэгч П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэг гадаадад ажлаар явсан гэсэн шалтгаанаар шүүх хурал дахин хойшиллоо. Улмаар тэднийг ирэх сарын 9-нд шүүхээр болсон байна.
Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.
Уг хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбон шалгасан ч мөрдөн байцаалтын явцад гэм буруутай нь нотлогдоогүй учир тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамруулсан билээ.
Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ