Жүдочид долдугаар сарын 23-нд эх орноосоо мордоно
2012-07-20

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан зургадугаар сарын эхнээс хойш “Нүхт”-ийн амралтад 40 гаруй хоногийн турш байрлаж олимпийн бэлтгэлээ базаажээ. "Бээжин-2008" олимпийн өмнөх бэлтгэлээ мөн энд базааж, тэрхүү бэлтгэлийн үр дүнд Монгол Улсын түүхэнд анхны олимпийн аваргыг төрүүлсэн тул жүдогийн хамт олон Богдхан уулын “Нүхт”-ийн амралтад сэтгэл хангалуун байдаг билээ. Байгалийн сайханд, олны хөлөөс тусгаарлагдан, ёстой л ”вакуум” орчинд бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням, дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нарын удирдсан энэхүү багт Лондоны олимпод оролцох эрхээ авсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр, 2009 оны дэлхийн аварга, "Афин-2004" олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Бундмаа, Ази тивийн хошой аварга П.Лхамдэгд нарын есөн жүдочоос гадна бэлтгэл хангагчаар 30 гаруй тамирчин, багш дасгалжуулагчид, эмч массажист нийлсэн 55 хүн олимпийн бэлтгэл сургуулилтад оролцож байна. Тамирчдын бэлтгэл сургуулилт нэгдсэн төлөвлөгөө графикийн дагуу амжилттай явагдаж байгааг дасгалжуулагч нар онцлон хэлж байв. Өчигдөр буюу долдугаар сарын 19-ний өглөөний нийтийн бэлтгэлийн өмнө Лондоны татамид эмэгтэйчүүдийн -78 кг-д барилдах олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдах Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын хамгийн сүүлчийн “дайралт” буюу ачаалалтай барилдаан боллоо. Энэ нь тухайн бөхтэй жингийнх нь бэлтгэл хангагч нар амралтгүйгээр шууд цуварч барилдан ихээхэн ачаалал өгдөг барилдаан юм. Ийм барилдааны дараагаар тухайн тамирчны сэргэлт хэр хурдан байгаагаар нь бэлтгэлийн түвшинг хянаж болдог, чухал ач холбогдолтой барилдаан хэмээн жүдогийн хүрээнийхэн ярьж байна. Олимпийн өмнөх үндсэн бэлтгэлийн үеэр долоо хоног тутамд олимпийн тамирчин бүр дайралтад орж, нийтдээ таван удаагийн ачаалалтай барилдааныг хийжээ. Өнөөдрөөс эхлэн сэргэлтийн бэлтгэлийг хөнгөрүүлж хийж эхлэх тухай жүдо бөхийн ҮШБ-ийн эмч өгүүлэв. Жүдочид Лондоны олимпийн нээлтийн маргаашаас эхлэн барилдах бөгөөд манай багаас залуу олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг эрэгтэйчүүдийн 60 кг, Ази тивийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д бяр хүчээ сорихоор хамгийн түрүүнд дэвжээнд гарах юм. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид долдугаар сарын 23 болон 25-нд хоёр хуваагдан эх орноосоо мордох ажээ. Олимпийн эхний өдрүүдэд зодоглох хөнгөн жингийнхнийг ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч О.Балжинням удирдан долдугаар сарын 23-нд Лондонг зорих бол хүнд жингийнхнийг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ҮШБ-ийн дасгалжуулагч Д.Баттулга нар удирдан 25-ны лхагва гаригт явна. Жүдочдын барилдах сугалаа нь долдугаар сарын 26-нд болох юм. Б.Цагаан
Shuud.mn
Сонин хачин
sergelen:
amjilt alt owortolj eh orniihoo neriig dahin dursgaarai
2012-07-22