Д.Нямхүү: Паралимпийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага ч байгаагүй хүнд үе байлаа
2012-07-27

Өнөөдөр Биеийн тамир, Спортын газарт “Лондон-2012” зуны олимпийн паралимпийн XIV наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  болон албан ёсны түнш байгууллагууд гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Энэ үеэр  паралимпийн тамирчдын бэлтгэл сургуулилт хэр явж байгаа талаар Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүтэй цөөн хором ярилцсан юм. -Бээжингийн паралимпаас байт харвааны төрөлд Д.Баатаржав эх орондоо алтан медальтай ирж байсан.Үүнээс  хойш  дөрвөн жил өнгөрчээ? -Д.Баатаржавын ярьж байснаар бол тэр үеийн тамирчид бор зүрхээрээ явж байсан гэдэг. Бээжингийн олимпод явахдаа олон автобус дамжин очиж, их л хүнд байсан юм билээ. Тэр үед одоогийнх шиг паралимпийг өндөр хэмжээнд мэддэг ч үгүй байсан, дэмжиж тэтгэх байгууллага ховор байж. Тэр бүү хэл сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага ч байгаагүй. Олимпийн дараа бид хувь хүний хийсэн бичлэгийг хүртэл нийтэд дэлгэж мэдээлэл хүргэж байлаа. Бээжингийн паралимпд алтан медаль авна хэмээн хэн ч бодоогүй цаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд амжилт гаргаж чаддаг юмаа гэдгийг Д.Баатаржав маань баталж өгсөн юм.  Ингэснээрээ паралимпийн талаар монголчууд мэддэг болсон. 2008 оны олимпоос монголын баг тамирчид медальтай ирж байсан бол намар нь Баатаржав маань мөн алтан медалийг эх орондоо авчирсан баярт үйл явдал болж байсан. Түүнээс хойш дөрвөн жил харвасан сум мэт өнгөрчээ. Паралимпийн олимпийг “Шууд телевиз” сурвалжлах болсонд миний зүгээс баяртай байна. “Шууд телевиз” булган сүүлтэй байж араасаа олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг дагуулаарай гэдэг ерөөлийг өргөж байна. Үүгээрээ Монгол Улсад 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг, тэдэнд урам өгсөн үйл явдал болно.  Яагаад гэвэл спортоор хичээллэж байгаа, тэр хэмжээгээрээ паралимпийн гэр бүл гэж ярьдаг гэр бүлээс энэ олимпоос дахин медаль аваасай гэж хүлээж суугаа. Өмнө нь паралимпийн хороо байгууллагуудын хаалга тогшиж явдаг байсан бол одоо байгууллагууд өөрсдөө хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлдэг болжээ. Паралимпийн хороотой гэрээтэй ажилладаг байгууллага дөрөв байна. Топ түншээр “Хадгаламж” банк ажиллаж байна. Өнөөдөр дахин “Оюуны ундраа” компани болж байна. -Өнгөрсөн олимпоос алтан медалийг өвөртлөж ирсэн. 2012 оны паралимпоос ямар төрлөөр медаль авах боломжтой бол. Аль төрөлд найдвар тавьж байна вэ? -Энэ жил есөн эрх авсан байсан. А зэрэглэлийн эрх, Б зэрэглэлийн эрх гэсэн хоёр янз байдаг. А зэрэглэлээр авсан бол шууд авах, Б зэрэглэлээр авбал тодорхой хүлээлгэд орж эрх нь дараа нь шийдэгддэг. Одоогоор баталгаатай зургаан эрх авсан байна. Жүдогийн тамирчин н.Мөнхбатын нэг эрх наймдугаар сарын эхээр шийдвэрлэгдчих байх.  Д.Баатаржавын эрх мөн  хүлээлгэд байна. Паралимпийн хороо болон энэхүү спортыг суртачлах ажил хийгээд тэр хэмжээгээрээ бэлтгэл сургуулилт нь завсардсан одоогоор хүлээлгэд байна, наймдугаар сарын эхээр шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй хүлээж сууна даа. Тэгвэл найман эрхтэй болж байна. Одоогоор ХIV наадамд дөрвөн төрлөөр зургаан эрх авсан. Үүнд байт харваанд хоёр эрх, жүдогийн хоёр эрх, буудлагад нэг эрх, хөнгөн атлетикаас нэг эрх тус тус авсан. Бэлтгэл сургуулилтаа хангаад ажиллаж байна. Эрүүл олимпийн тамирчид салхийг нь сайн хагалаад өгвөл паралимпийн тамирчид дагаад медаль авдаг юм билээ. Тэгэхээр олимпийнхон эхний медалиа аваад эхэлвэл манай тамирчид урам орох байх. Нөгөө талаараа тамирчид бэлтгэл сайн хангасан байгаа, мөн өмнөх туршлага бидэнд байна. Д.Баатаржав алтан медаль авч болж байсан учраас бид бас авна гэдэг эрмэлзэл манай тамирчдад байгаа. Тэгэхээр бидтамирчдаа хурцлагдсан байга болов уу гэж ойлгож  байна.Их л залбирч байгаа даа. -Паралимпийн тамирчдыг төрөөс хэр дэмждэг юм бол. Энгийн тамирчдыг бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүү дээ. Анхаарал халамж шаардлагатай байх? -Өмнөх тамирчдын ярианаас сонсож байхад хүндхэн л байсан юм билээ. Одоо бол Д.Баатаржаваас хойш ойлгодог болсон байна.  Паралимпийн хороо байгууллагуудтай харьцахдаа янз бүрийн байдлаар өөрсдийгөө танилцуулж байна. Өөрсдийгөө танилцуулаад сурталчилгаа хийгээд явахаар биднийг ойлгодог болсон байна. Наранбаатар даргатай биеийн тамир спортын хороо бид нартай маш их харилцаатай дэмжиж ажиллаж байна. Өмнөх амжилтыг харгалзан үзээд паралимпоос медаль авах бололцоо байна гэж үзээд Монгол Улсаас хувиарлагдсан хөрөнгө мөнгөний хэмжээ нэмэгдсэн. Миний бие нь өмнө нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд дэд сайдаар ажиллаж байхдаа халамжийн хуульд паралимпийн тамирчдыг дэмжих тусгай заалтууд суулгасан. Заалт дотор олимпийн наадам болон бусад олон улс, дэлхийни наадмаас медаль авбал засгийн газраас өгч байгаа шагналаас гадна халамжаас шууд хуулийн дагуу авах тусгай шагналуудыг гаргаж өгсөн. Энэ нь өөрийнх нь авдаг тэтгэмжийг олимпийн наадмын дөрвөн жилийнх нь циклээр үржүүлээд нэг удаа шагнал болгож өгөхөөр тусгаж өгсөн. Энэ мэт дэмжлэгүүд нэлээн суусан. Өмнө нь бидэнд тохиолдож байсан санхүүгийнхээ асуудлыг түнш байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр шийдсэн. Ингэснээр манай хороо ямар нэг зүйл дээр хүмүүсийн гар харахааргүй болсон. Гэхдээ энэ бол нэг их баяжсан гэсэн үг биш. -Паралимпийн тамирчдад бэлтгэлээ хангах тусгай заал байдаг уу. Амжилт гаргахын эх үндэс нь дасгал сургуулилтаа сайн базаах спортын заал? -Хамгийн их хэрэгтэй зүйл яах аргагүй спорт заал байдаг. Амжилт гаргахад бэлтгэл сургуулилт чухал ч заалгүй бол хаана хангах билээ. Манай тамирчдад бэлтгэл сургуулилтын заал танхимийн хувьд хүнд байна. Бид спортын ордны нэг буланд л бэлтгэлээ хангаж байна шүү дээ. Бусад төрлийн тамирчид буюу суугаа волейболын тамирчид  депогийн заалыг  угааж байгаад бэлтгэлээ хийж байна. Суугаагаар хийдэг болохоор шороо тоосгүй байх ёстой гэх мэтчлэн энэ нөхцлийг хангах хүнд байна. Манай хорооны зүгээс хотын захиргаанаас газар хүссэн, газрын эрх авсан. Бид одоо өөрсдийн гэсэн спортын ордонтой болохын төлөө явна. Энэ тал дээр байгууллагууд туслаж дэмжлэг үзүүлэх байх гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд тамирчид амжилт гаргаж чадвал дэмжих хүмүүс гарч ирдэг. Тэгэхээр бид дэмжлэг авахын  тулд өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй болох байх л даа. -Олимпод оролцож амжилт гаргасан тамирчдын шагналын санд өөрчлөлт орсон уу. Паралимпийн хорооноос шагнаж урамшуулдаг уу? -Эрүүл олимп ч паралимп ч мөн адил Засгийн газраас өгч байгаа шагналын хэмжээ яг адилхан байдаг. Яагаад гэвэл олимпийн хоёр наадмыг олимп зохион байгуулж байгаа тухайн  улс адилхан явуулах үүрэг хүлээсэн байдаг. Нөгөө талаараа паралимп бол эрүүл олимп шиг дүрэм болон шалгууртай байдаг. Тийм болохоор маш хатуу. Урамшуулал шагнал нь адил олгогддог. Алтан медаль авахад 100 сая төгрөгөөр шагнаж байгаа бол мөн адил л авна гэсэн үг. Өмнө манай хороо дансандаа улаан мөнгөгүй байсан. Өөрсдийнхөө зардлыг дааж чаддаггүй байсан бол одоо амжилт гаргасан тамирчдаа урамшуулж шагнах чадвартай болсон. Олипийн үеэр амжилт гаргасан тамирчдаа газар дээр нь шагнана эх орондо ирээд ч шагнаж урамшуулах болно.паралимпийн зүгээс шагнаж урамшулна тэр хэрээр тамирчид амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Паралимпийн нийт тамирчдадаа амжилт хүсье. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Нөгөө дайн болж байна гээд гүйгээд байдаг үү юу даа.Хүү минь дайн дуусаагүй байгаа шүү дуусгахыг чинь хүлээгээд л суугаа шүү!!!!!
2012-07-27
uvsad nam taviulsan gesen neg um amsgaatail bga um bna ene nuhur chin
2012-07-27