Ааваа хүү нь чадсан шүү
2012-08-01

Бороо шивэрсэн зуны энэ өдөр хотын зах, Орбитын эцэст зусаж буй нэгэн айлыг зорьсон нь Сайнжаргал гуайнх. Лондоны зуны XXX олимпод эх орныхоо алтан соёмбот далбааг өргүүлсэн С.Ням-Очирын аав, ээж тэнд догдлон суугаа. Биднийг очиход хоёр буурай, нэлээд хэдэн телевизийн сэтгүүлчтэй угтаж авлаа. -Сайхан зусаж байна уу та, юуны өмнө хүү тань олимпийн хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе? -Сайхан зусаж байна аа, баярлалаа хүү минь. -Хүү нь олимпийн медаль аваад аав ээжийнх нь сэтгэл юутай ч зүйрлэшгүй баяр хөөрт умбаж сууна уу? - Ай даа тэгэлгүй яахав, энэнээс илүү баярт мөч гэж хүний амьдралд юу байх вэ дээ. Төрүүлж өсгөсөн үр нь эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэг чинь хүнд хязгааргүй их баяр, бахархал төрүүлдэг юм байна. Хүү маань олон ч тэмцээн, уралдаанд орж олон медаль хүртэж байлаа. Олимпоос медаль авна гэдэг чинь үнэхээр тамирчин хүн болоод ар гэр, аав ээжид нь зүйрлэшгүй баяр хөөр авчирдаг юм байна. -Найз нөхөд, ах дүүс нь хүртэл та хоёртой ялгаагүй л баярлаж байгаа даа. -Тэгэлгүй яахав, өчигдөр хамт барилддаг гээд гурван хүүхэд ирсэн, үеэл Д.Нямхүү нь ирсэн. Багш нар нь ярьсан. Багш гэснээс бүүр анхны хүүхэд байхынх нь багш утсаар ярьж, баярлаад уйлж байна лээ. Би Ням-Очирыг нэг юм дуулгана гэж боддог юм гэж ирээд л баярласандаа уйлж байсан. -Ням-Очир хэдийгээс бөхийн спортод хөл тавьсан бэ? -Манайхны удам, өвөг дээдсүүд бүгд спортод элэгтэй тамирчин, бөхчүүд байдаг юм. Тэгэхээр манай гэр бүл спортод элэгтэй байлаа. Дөрвөн хүүхэдтэй, тэднээс отгон хүү болох Ням-Очир маань спортыг хар багаасаа л сонирхож хичээллэсэн. Ээж бид хоёр нь, бас тамирчин ах дүү нар нь ч багаас нь дэмжиж ирсэн юм. -Ням-Очирын анхны амжилтын талаар дурсвал? -Дунд сургуульд жүдогоор хичээллэж байх үеэсээ л амжилт гаргаж эхэлсэн юм. Гэхдээ өөрийнх нь хувьд амжилт гэж боддоггүй л байх, аавынх нь хувьд анх цэцэрлэгтээ үндэсний бөхөөр барилдаад түрүүлж байсан нь сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж байдаг даа. -Тэгвэл хар багаасаа л бөх болох нь илт байж дээ? -Цэцэрлэгийн жаахан хүүхдүүд их өхөөрдмөөр. Тэдэн дундаасаа манай Ням-Очир түрүүлж байж. Ээж бид хоёр нь ч хагартлаа баярлаж хүү маань бөх болох нь дээ гэж бодож байлаа. -Багадаа ямар хүүхэд байв, спортоор явчихсан болохоор хөдөлгөөнтэй хүүхэд байв уу? -Харин эсрэгээрээ шүү. -Одоо бол их тайван хүн дээ? -Харин тийм ээ. Миний хүү яг аавыгаа дууриасан намуухан, тайван хүн. Аавынх нь зан чанар, байр байдал Ням-Очирт очсон доо. -Лондоны татами дээр ч тэр чанараараа их тайван, өөртөө итгэлтэй барилдаж харагдана лээ? -Эхний барилдаануудыг нь телевизээр харуулаагүй болохоор хүнээс л их тайван барилдаж байна гэж сонссон, гэхдээ телевизийн хөтлөгч хүүхдүүд одоо барилдах гэж байна, тэдэн минутын дараа барилдлаа гээд л хэлэхээр нь догдлоод бид хоёр чинь цай сүүнийхээ дээжийг өргөөд залбираад л сууж байлаа. -Барилдахаасаа өмнө аав, ээжтэйгээ холбогдож ярилцсан уу? -Аан  тийм, оччихоод "Ээжээ хүү нь жиндээ орчихлоо" гэж байсан. Медаль авсан барилдаанаасаа буумагцаа л хөгшин бид хоёр луу залгасан. Аавдаа "Ааваа хүү нь чадсан шүү" гэж хэлсэн юм. Бид хоёр ч хагартлаа баярлаад хүмүүс тал талаас утасдаад баяр хүргээд хорвоо ертөнц эргээд л явчих шиг болсон шүү. -Тийм дээ, тамирчин хүн хөдөлмөр, бэлтгэл сургуулилтаа хэдэн жилээр уйгагүй хийсний эцэст амжилт нь хэдхэн минут, секундэд гарч ирдэг хойно. -Миний хүү 1998 оноос л жүдод зүтгэсэн гэхээр одоо 14 жилийн дараа ийм сайхан амжилт үзүүлж байна даа. Шантарвал шантрахаар үе зөндөө л байсан байх. Гэхдээ багын их тэвчээр, хатуужилтай хүүхэд байсан. -Тэвчээр хатуужил л тамирчин хүнийг амжилт гаргахад нөлөөлдөг. Ням-Очирын хувьд их хатуужилтай байж дээ? -Тийм ээ. Бага байхад нь анхны багш нь нэг тэмцээнд оруулаад. Гэтэл 10 кг жин хасах болсон юм. Тэгэхэд тийм жаахан хүүхэд 10 кг хасна гэдэг их хүнд байсан юм. Зааланд очтол тойроод л гүйж байна. Хажууд ирмэгцээ "Ааваа би яг унах нь ээ, ээжээр нэг цай, ундаа явуулаад өгөөч" гэж байж билээ.Тэгээд л гүйгээд байна. -Мэргэжлийн бөх хүнд жин хасна гэдэг их хүнд даваа шүү дээ -Тэгэлгүй яахав. Багш нь нэг удаа хичээл тарсны дараа дээс өгөөд "Ингээд дээстээд байж бай. Эргэж иртэл" гэж л дээ. Тэгээд багш нь бодоод бусад хүүхдүүд дээсээ шидчихээд л сууж байдаг хойно тийм л янзтай хүлээж байх биз гэж бодож. Гэтэл нэлээд хэдэн цагийн дараа ирсэн чинь сургуулийнхаа коридорт ганцаараа, усан хулгана болтлоо хөлөрчихсөн, дээсээ эргүүлээд л зогсож байхад нь багш нь их баярласан гэдэг. Сүүлд багш нь ярьдаг юм. Би их буруу юм хийж байжээ. Тийм жаахан хүүхдийг 10 кг хасуулаад. Унаад өгсөн бол яана. Манай Ням-Очир тулдаа л тэсэж гарсан юм гэж хуучилж билээ. -Жин хасаж байх үед нь дагаад л сэтгэл тань зовно биз -Харин тиймээ, их хэцүү. Хааяа жин хасаж байх үед нь санаа зовоод шөлтэй устай хоол цай хийгээд өгнө. Тэгэхээр л "Ээж яг хүн жин хасаж байхад миний дуртай хоолнуудыг хийгээд байх юмаа" гээд л инээдэг юм. -Сая олимпод хэдэн кг жин хасаж орсон бэ? -Бараг долоо, найман кг жин хассан гэнэ лээ. Нөгөө Х.Цагаанбаатар чинь Монголд бол хамгийн их жин хасдаг гэнэ лээ. Хэцүү шүү. Энгийн үедээ Х.Цагаанбаатар чинь 80 кг-тай болчихоод тэмцээнээ дөхөхөөр 66 руу жин хасаж чаддаг гэнэ лээ. -Х.Цагаанбаатарын барилдаан жаахан харамсмаар юм боллоо доо? -Тэгэлгүй яахав, бид хоёр бодож л суулаа. Х.Цагаанбаатар, М.Бундмаа гээд л медаль яг авна гэж хүлээж байсан бөхчүүд нь ялагдчихаар санаа зовоод л. За манай хүү ч олимпод анх удаа орж байгаа, тэгэхээр эдэн шигээ болчих байх даа гээд л зовнисон. -Гэтэл сайхан барилдаж элгэн садан, эх орон нэгтнүүдээ баярлууллаа даа. -Харин тийм.Одоо ч тамирчид амжилт гаргаж, гадаад дотоодын тэмцээн уралдаанд сайн оролцоод сайхан болжээ. Хүү маань ингээд явж байгаа нь сайхан л байна. -Аавын хувьд багш шиг нь биш ч гэсэн тэмцээний өмнө сургамж, зөвлөгөө өгнө биз? -Би ч тэгээд ямар мэргэжлийн хүн биш. Хичээнэ шүү миний хүү л гэдэг юм. Тэгэхээр ялчихаад гармагцаа "Ааваа чадсан шүү" л гэдэг. Эхэндээ их анхаарч тэмцээн уралдаанд нь очиж үздэг байлаа. Одоо ч тоохоо больж дээ. За миний хүүгийн ажил хөдөлмөр нь юм чинь, энэ хүн ажлаа л хийж байна гэж бодоод сураг сонсоод л баярлаад л сууж байдаг юм. -Хүүгийн чинь дотны найзууд энэ цагийн сайхан тамирчид байдаг. Энэ талаар дурдвал? -Тиймээ. П.Сэрдамба байна. Одоо үндэсний бөхийн залуу аварга С.Мөнхбат манай хүү хоёр чинь үй зайгүй найзууд. Тэд нь хүүтэй хамт их орж гарнаа. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, бусад жүдогийнх нь залуучууд ахаа эгчээ гээд л орж гардаг юм. -Энд байгаа медалиуд хүүгийн чинь ямар тэмцээнд үзүүлсэн амжилтынх вэ? -Энд ч багынх нь л медалиуд байгаа байх. Ихэнх нь өөрийнх нь гэрт байдаг юм. -Одоо хүү тань хаана амьдарч байгаа вэ? -Аравдугаар хороололд Лхамаа тэр хоёр амьдардаг юм. -П.Лхамдэгд С.Ням-Очир хоёр үерхээд хэдэн жил болж байна вэ? -Бараг дөрөв таван жил болов уу даа. Одоо хамт амьдраад их удаж л байна. Өөрсдөө амжилт нь ханалаа гэж бодсон үедээ хүүхэд шуухадтай болж албан ёсоор суух байх. Тамирчид чинь хүүхэдтэй болчихвол амжилтад нь нөлөөлөөд хэцүү. Тэгж л боддог шиг байгаа юм. -Удахгүй П.Лхамдэгд бас барилдана даа -Тиймээ манай Лхамаа чинь Ням-Очироосоо ч мундаг барилддаг шүү дээ. Бид ч тэр үеэр нь цай сүүнийхээ дээжийг өргөөд л мэддэг маань мэгзэмээ уншаад л залбираад л сууж байх биз. Төрийн сүлд өршөөж Лхамаа маань сайн барилдаасай. -П.Лхамдэгд яах аргагүй энэ цагийн манай шилдэг бөхчүүдийн нэг л дээ. -Айхтар том, хэр баргий эр хүн даахааргүй хоёр хайрцаг хоёр мөрөн дээрээ шидчихээд л тоох ч үгүй шатаар өгсчихдөг юм. Бяртай даа. Сайн ч барилдана. -Түрүүн дурдсан даа. Бөхийн сайхан удамтай гэж. Монгол Улсын гавьяат тамирчин хүртэл байна даа танайд. -Нагац ах нар нь бүгд спортын мастерууд, гавьяат тамирчин байна. Аавынх нь талынх ч бас бөхийн удамтай, манай хөгшин ч залуудаа барилдаж байсан. -Аан тийм үү. Сайнжаргал гуай тэгвэл өөрөө бас барилддаг байжээ. -Залуудаа би чөлөөт бөхөөр хичээллэж л байлаа. Одоо энэ Артаг эд нарын үеийн л бөх юмуу даа би чинь. -Ням-Очир чөлөөтийг биш жүдог яагаад сонгосон юм бол. -Өөрийнх нь л сонголт байх. -Үндэсний бөхөөр ямар амжилт үзүүлж байв? -Ням-Очир маань аймгийн начин цолтой. Гэхдээ ах нар нь ч хэлдэг бид ч хэлдэг. Үндэсний бөх мэргэжлийн бөх их ялгаатай. Жүдо бол богино хугацаанд хурц дайчин, шалмаг барилдаан шаардана. Үндэсний бөх бол тийм биш. Тэгэхээр амжилтад ч нөлөөлнө. Тиймээс ч манай хүү үндэс рүү нэг их анхаардаггүй юм. -Голландын бөх Декс Элмонттой барилдаж байхад нэг дурсамж санаанд орсон? -Аан тийм, ноднин дэлхийн аваргаар их хэцүү байсан шүү. Хүү маань яг энэ бөхтэйгөө таараад гар нь бэртчихсэн юм. Гэтэл олимпод яг медалийн төлөө нөгөө бөхтэйгөө таарлаа. Залбирч л суулаа. Дэлхийн аваргын үеэр нэг л эвгүй юм болоодохсон. За хүү маань бэртчихлээ дээ гайгүй байгаасай гээд л залбирч байтал насилкан дээр аваад л гарсан. Гэтэл удалгүй гар нь гэмтсэн гэж зарлаад. За тэр амжилт ч яахав бэртэл нь гайгүй байгаасай л гэж бодож байлаа. -Сая алтан медаль хүртсэн Мансур Исаевтай барилдаж байхад юу бодогдож байв? -Тэр орос ч бие хаа сайтай, мундаг, сайхан залуу байна лээ. Муу хүү минь бас ч сайн барилдсан шүү. Шүүгч нь уг нь өгөх ёстой үнэлгээг нь өгөхгүй ялагдуулчих шиг болсон. За яахав хүрэл медалийн төлөө дагах барилдааныг нь л харья гэж бодож суув. -Дэлхийн хүчтэнүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байгаа сайхан хүүтэй хүмүүс юмаа та хоёр? -Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Ганц энэ маань л удмаа залгамжилж бөх болсон юм. Сайхан л байна. Тэр бүр үзэж хараад байдаггүй сайхан амжилт үр хүүхэд нь гаргахаар хэлэх ч үггүй сайхан л байх юм. Ням-Очирын нагац талынх нь бүр их дээр үеэс удамтай. Элэнц эмээ маань их бяртай зузаан хүн байсан гэдэг. Өтөл насандаа хоёр арган дээр дүүрэн мөс хийгээд л түүртэхгүй үүрээд явдаг байсан гэдэг. -Хотод ирээд хэдэн жил болж байна? -Хүүгээ оюутан болдог жил 2004 онд ирсэн. Тэгээд энэ Орбитын эцэст хашаа авч гэрээ бариад. Энд ч яг л хөдөө шиг сайхан байдаг юм. Ямар ч утаа байхгүй. -Олимпод явахынхаа өмнө Ням-Очир нутагтаа очсон уу? -Ахтайгаа цуг нутагтаа очоод ирье. Уул усандаа очиж сан хийморь тавиад ирье гэсэн. Тэг дээ хүү минь гээд л явуулсан. Нутгийнх нь уул ус тэнгэр нь харлаа даа. -Баярын сэтгэлээ манай уншигчидтай хуваалцсан хоёр буурайдаа баярлалаа. Хүү тань олон жил эх орныхоо нэрийг дуудуулж явах болно. Ийм сайхан хүү төрүүлж өсгөсөн та хоёртоо уншигчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсье. ... С.Ням-Очирыг Хангарьдад нэлээд хэдэн жилийн өмнөөс бэлтгэл сургуулилтаа хийж эхлэх үеэс нь мэдэх юм. Хүнийг хүндэлдэг, даруухан инээмсэглээд явж байдаг энгийн нэгэн залуу. Олон жилийн хөдөлмөр, тэсвэр тэвчээр нь түүнийг ийнхүү олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахад хүргэжээ. Манай улсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, олимпийн медальтны тоог нэмсэн түүнийг ард түмэн нь харсан. Дэлхийн хошой аваргууд ч олимпоос медаль хүртэж чадалгүй үеэ өнгөрөөх нь бий. Яах аргагүй их хувь тавилан юм даа. Жүдогийнхан маань ямартай ч медаль авна гэж монголчууд маань ярьж байсан. Тэр яриаг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хүн нь С.Ням-Очир байж. Ялахын баяр хөөр, бахдал, ялагдахын гуниг, гутрал тамирчин хүнийг тойрдоггүй. Түүнийг монголчууд маань ойлгож алс холыг эх орноо төлөөлөн мордсон тамирчдаа ялалтыг нь ч, ялагдлыг нь ч хамтдаа хуваалцаж, ойлгож байгаасай. Дэлхийн олон улс орны шигшмэл тамирчидтай өрсөлдөж буй тэд маань дахиад ч медаль хүртэх болно. О.Нар Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ              
Shuud.mn
Сонин хачин
zochin:
uneheer ene buuraluudiig hundetgej baina.gehdee uunees iluu yavsan mongol gedgee bitgii martaarai!yu dutlaa gej ingej eh saihan shijir mongol altaa erguulj avch chadaggui bilee!?nuur tahalsan asuudal bolloo doo!
2012-08-02
Udam:
NymOchir+Lhamdegd=huuhed (20 jiliin daraah olimpiin avarga)
2012-08-02
О.Нар сайн ярилцжээ. баярлалаа
2012-08-02
yamar saixan mongol ger be? jostoi saixan xumuus bna, az jargal xusie, xuud n buur ix amjilt.
2012-08-02
bayr hurgie de! aaw eejid ni bas Nyamochirt!!bayarlalaa :)
2012-08-02
hey yoo:
zondoo ih bayarlaa nym ochiroo!!chi mgliig adgalj neg medaltai bolgoloo!!<3 . . ger bult chin az jargal husii,sxan amidraltai ail bnaa
2012-08-02
Tumee:
Battulga ta sain zuil ikh hiijee
2012-08-01
Bayarlalaa. Ta mundag hun shuu
2012-08-01
zt:
bair uguu uur yu helhev
2012-08-01
Ymar saihan buuraluud be.., Tanai site yagaad Video oruulj boldogggui ym be. Bichleg oruulj baigaarai...
2012-08-01
Gan:
сайхан Монгол хүмүүс минь Баруун Монгол халх гэж хагарахгүй шүүв Хагарвал Орос Хятадын л хоол болно.
2012-08-01
bds:
Bayar hurgie Az jargal hisie dahaid olon amjilt gargaarai!
2012-08-01
Х. Баттулга:
Монголын Жүдо Бөхийн Холбоо нь 2012 оны олимпоос жүдогийн төрөлд оролцсон Монгол улсын тамирчдад алтан медал хүртвэл 1 сая доллар, мөнгөн медалыг 500,000 доллар, хүрэл медалыг 300,000 доллараар тус тус байлахаар шийдсэн болно. Шийдвэр нь 2012-06 сард Монголын Жүдо Бөхийн Холбооноос гарсаныг мэдэгдэж байна. Монголын тамирчидын олимпийн тэнгэр ивээх болтугай.
2012-08-01
Tumee:
Battulga ta sain zuil ikh hiijee
Bayarlalaa. Ta mundag hun shuu
аавын баярын нулимс
2012-08-01
Ariu:
yamar saixan medee ve, yasan goe yarilzlaga ve. unshaad setgel hudluud nulimas garch bna. uneheer uuruu olimpd orood medal avsan yum shig bayarlaj setgel hudulj bna. Olimpiin medaliin ezend bolon tuunii ger buld, olimpd orolzoj baigaa busad mundag tamirchid dasgaljuulachid bolon ariin albaniixan , ger bvliihend n mun shuud.mn site-n bvh hamt olond mash ih bayaralalaa. ta bvhneeree mash ih baharhaj bna.bugded chini ajliin bolon sportiin undruus undur amjilt husie.
2012-08-01
baavai:
Ene heden setguulchid shavsaar baigaad 2 ho'gshiniig yadraachih vii dee!
2012-08-01
alt abah baisan yum tiim noots baisan daanch
2012-08-01
zochin:
saihan yariltslaga boljee. saihan ch buurluud baina. Urtei hunii jargal gedeg ur huuhdee sain saihan yavahiig harj, hotol tumenteigee bayar jargalaa huvaaltsaj suuh ter l much yum da. yariltslaga avsan setguulchdee ajliin undur amjilt husie. eh orniihoo neriig delhiid duursgasan sain huu turuulsen hoyor buuraidaa urt nasalj udan jargahiig husen eruuy.
2012-08-01
Goe:
Goe yria boljee.. Nemeed helehed tanai site olympiin medeelliig uneheer sain damjuulj bga shuu..
2012-08-01
Saihan:
Saihan Mongol ail saihan ger bul az buyan delgerch yavaarai ondor naslaarai
2012-08-01
gfh:
2012-08-01
1:
buyantai buurluud yumdaa
2012-08-01