200 Монгол иргэн гадаад орнуудаас орогнол хүсчээ
2010-12-16

НҮБ-ын дүрвэгсдийн эрх зүйн конвенцид Монгол улс нэгдэн орох эсэхийг судлаж байгаа. 2 том гүрний дунд, эрдэс баялгийн арвин нөөцтэй оршиж байгаа манай улсын хувьд энэ конвенцид нэгдэх нь зөв буруу эсэхийг мэдэхгүй ч Монгол улсад гадаад улс орнуудаас ирсэн 12 дүрвэгч амьдарч байна. Харин 200 орчим Монгол гадаад орнуудаас орогнол хүсчээ.

Хятадад соёлын хувьсгал гарахад Монголын өмнөд хилтэй ойр амьдарч байсан нэгэн хятад эр гэр бүлээ орхиод манай улсруу дүрвэн иржээ. Улсын хил зөрчсөн түүнийг баривчилж, 10 гаруй жил шоронд хорьсон байна. Ялаа эдлэж дууссаныхаа дараа тэрээр Сэлэнгэ аймаг, Баян-Өлгий аймагт газар тариалан эрхлэж, гэр бүлтэй болон амьдарч байна.

Одоо тэрээр 60 гаруй настай бөгөөд Хятад улсдаа ч тэр Монгол улсад ч тэр иргэний бүртгэлгүй өнөөг хүрчээ. Дүрвэгсэдийн эрх зүйн байдлын т ухай конвенциэр бол дүрвэгчийг баривчлан, ял шийтгэх ёсгүй байдаг юм байна. Харин манай улс дүрвэгсэдийн талаарх эрх зүйн зохицуулалтгүйгээс болж Хятад эрийн эрхийг зөрччихсөн байгаа юм.

Монгол улсад өнгөрсөн жилийг хүртэл хойд Солонгосын иргэд хил зөрчиж дүрвэн ирж байсан. Монголоор дамжин Өмнөд Солонгосруу гарах хүсэлтээ гаргадаг байжээ. Харин одоогоор Монголоор биш өөр гарцаар Өмнөдрүүгээ гарах болжээ.Манай улсын газар зүйн байрлалын онцлог нь 2 том гүрний дунд оршиж байна. НҮБ-ын дүрвэгсэдийн эрх зүйн тухай конвенцид нэгдсэнээр аль ч улсаас ирж байгаа дүрвэгчийг хүлээн авч, хамгаалах үүрэгтэй болдог.

Магадгүй дүрвэгч нэрээр өмнөд хөршөөс хэдэн сая хятад иргэд ирлээ гэхэд хүлээн авахгүй гэх нөхцөл үүсэх эрсдэлтэй. НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын Азийн бүсийн мэргэжилтэний хэлж байгаагаар манай улсад 12 дүрвэгч амьдарч байгаа бол 200 монгол иргэн гадаад орнуудаас орогнол хүсчээ. Ихэнх нь улс төрийн шалтгаанаар дүрвэх хүсэлт гаргасан.

Зоригийн хэрэгт холбоотой  гэсэн шалтгаанаар ч олон хүн гарсан байдаг тухай зарим эх сурвалжууд хэлдэг. Дүрвэгсэдийн эрх зүйн байдлын тухай НҮБ-ын конвенци 1951 онд батлагдсан. Энэ конвенци нь Азийн дүрвэгсэдийн эрх зүйн гол баримтлах бодлого болж байна.

Дэлхийн 237 орноос Дүрвэгсэдийн эрх зүйн бодлогын тухай конвенцид 147 орон нэгдэн оржээ. Дэлхийн улс орнуудаас Пакистан улс хамгийн их дүрвэгсэдийг хүлээн авдаг бол Афганистан улсаас хамгийн олон иргэн гадаадруу дүрвэдэг байна. 2009 онд 10 сая 40 мянган дүрвэгсэд байна гэсэн тоог нэгдсэн үндэстний байгууллагаас гаргажээ.

Дүрвэгсэд нь эх орондоо хүний эрхээ хамгаалуулж чадахгүй, амьдрах боломж нь хаагдсан, хамгаалагдахгүй учраас өөр улсаас хамгаалалт авахаар ирдэг. Ихэнх дүрвэгсэд нь Афганистан, Ирак, Сомали, Конго зэрэг дотоодын дайн, хүний эрхийн зөрчил ихтэй улс орнуудаас ирж байна.

Ц.Соёлмаа

Shuud.mn
Сонин хачин