Дуучин Э.Чулуунчимэг удахгүй нярайлна
2012-08-01

Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуунуудыг чадварлаг гэгч нь амьдруулж, нийтийн дууны ертөнцөд төвөггүйхэн хөл тавьсан Э.Чулуунчимэг хэдийнэ олонд танигдсан нэгэн. Дунд сургуулийн сурагч байхдаа Т.Баясгаланг биширч, дууг нь сонсох дуртай байсан тэрбээр нэг л өдөр дуучин болно гэж шийдсэн гэдэг. Харин түүнийг оюутан байх үед нь хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш нь өөрийнхөө дуунуудыг өгч, УИХ-ын гишүүн дагаад урлагаас холдсон Т.Баясгаланг орлох зөвлөгөө өгсөн аж. Ялгахын аргагүй адилхан хоолойтой дуучин бүсгүйг хүмүүс эхэндээ Т.Баясгалантай андуурч байсан ч төд удалгүй учрыг нь ойлгосон. Харин хайртай дуучиндаа “Миний зөвшөөрөлгүй дуунуудыг минь хууллаа” гэж алгадуулж явсан Э.Чулуунчимэг өдгөө өөрийн гэх уран бүтээлтэй болсон билээ. “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргаж, тоглолт хийсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд нэлээд олон эртэй нэр холбогдож явсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Харин өдгөө   Б.Болд гэх даруухан, дуучин залууг амьдралынхаа ханиар сонгосон төдийгүй хосууд тун удахгүй шинэ хүнээ өлгийдөж авахаар сэтгэл догдлон суугаа аж. Худал, үнэн мэдээлэлд “бөмбөгдүүлж” хэсэгтээ л олны анхааралд өртөж явсан дуучин бүсгүй ийн хайранд умбаж, ханийн халамжинд жаргаж буйдаа ихэд уярч “Санаандгүй учирсан дурлал” тоглолтынхоо тайзан дээр ханьтайгаа хамт дуулжээ. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин