Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэнэ
2011-10-25

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ой 10 дугаар сарын 27-нд тохиож буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хэд хэдэн цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Эдгээр цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын олон улсын харилцаанд эзлэх байр суурь, НҮБ дэх оролцоог олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Монгол Улс НҮБ-д 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Нээлттэй хаалганы өдөрлөгийг 10 дугаар сарын 27-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хурал 9:30 цагт, Нээлттэй хаалганы өдөрлөг 12:30 цагт эхлэнэ. Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээх бөгөөд бага хурлын үеэр  “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн түүх, түүний ач  холбогдол”, “НҮБ-ын үйл ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, байр суурь, үр дүн”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын зэвсэгт хүчний оролцоо”, “НҮБ-ын өнөөгийн өөрчлөлт шинэчлэлт ба Монгол Улс” зэрэг илтгэлийг хэлэлцүүлнэ. Бага хуралд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн дипломат ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөл, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар, олон улсын байгууллагын суурийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцоно. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Дипломат албаны 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт, “Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт, “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” 100 асуулт хариултын уралдаан болон “НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улс” зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах ажиллагаа тус тус болох аж.    
Shuud.mn
Сонин хачин