Стильдээ үнэнч одод /цуврал-2/
2012-08-13

  Улс төр, урлаг спортын алдартнууд тус бүр өөрсдийн стиль имиж, онцлог төрхөөрөө бусдаас ялгарах дуртай. Олны нүдэнд дасал болсон стиль имиж нь хоорондоо адил төстэй байх тохиолдол ч бий. Гэхдээ л тэдний хувьд, энэ бүхэн нь хэзээ ч хуучрахгүй мэт. 1. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам л гэхэд сүүлийн хэдэн жил сахал үсээ ургуулан, үндэсний дээл хувцаснаас салахаа больсон. Энэ нь И.Нямгаваа, Л.Эрдэнэбулган найруулагчийн бүтээсэн түүхэн кинонуудад Чингисийн дүрд тоглохоор бэлтгэж байсантай нь холбоотой. Гэвч хүсэл нь биелсэнгүй, түүний мөрөөдөл УДЭТ-ын тайзнаа тавигдсан “Атга нөж” жүжгийн дүрээр л жинхэнэ утгаараа хэрэгжсэн гэхэд болно. Угийн омголон зантай жүжигчин эр харин өдгөө ч Чингисийн дүрд тоглох бэлтгэлээ орхиогүй яваа. Бүр түүхэн хүний дүрээр олны сэтгэлд хоногших нь холгүй амьдарч байгаа эрхэм жүжигчин маань эх орныхоо төлөө дуугарч, багагүй улстөржиж эхэлсэн нь ч нууц биш. 2. Гавьяат жүжигчин И.Одончимэгийн хувьд, аль залуу байх үеэсээ эхлээд л духан дээгүүрээ шолк маягийн богино үс тавьж ирсэн. Жаахан охин шиг үсээ годойтол нь боочихоод гүйж явахыг нь харвал нас хэдийнэ 40 хүрсэн гэхэд нэг л итгэмээргүй. Ийм л нэг хүүхдэрхүү төрхтэй жүжигчин бүсгүйд үсний боолт, богино хормойтой юбка, зузаан ултай өндөр өсгийт төрөл төрлөөрөө байгаа гэх. Алаг нүдэн, адтай Одноог урт өмсгөл, шуусан үстэй байгаагаар төсөөлөхөд нэн бэрх гэдэг нь ч үнэн. Стилиэ өнөө хэр нь гээгээгүй яваа жүжигчин бүсгүй өөрөөсөө арав гаруй насаар дүү залуутай дэр нэгтгэснээс хойш бүр ч залуужсан гэлтэй. Ямартаа л намхан ултай пүүз углан, малгайтай цамцаар гоёх болсон жүжигчин бүсгүйг фэнүүд нь танихгүй, үг өдөж хоргоосон гэхэв дээ. 3. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан стильдээ үнэнч яваа цөөхөн хүмүүсийн нэг. Хамтлаг байгуулан гарч ирснээсээ хойш буржгар урт үсээ богиносгох нь бүү хэл, шулуун болгож ч үзээгүй тэрбээр монголын рок попын ертөнцөд “Буржгар Жагаа” нэрээрээ танигдсан. Төмөр тоноглолтой савхин гоёл, буржгар үсээрээ өвөрмөц стиль бүрдүүлсэн эрхэм дуучин маань нас тогтсон хойноо гоёмсог загвартай бүрх малгай, нүдний шилээр гангарах болсон. Магадгүй энэ бүхэн нь бага зэрэг халзарч буй толгойгоо нуух гэсэн оролдлого ч байж болох. Хэдийгээр олон жил ханилсан эхнэр хүүхдээсээ хөндийрөн байж 20-иод насаар дүү залуухан бүсгүйг амрагаараа сонгосон ч тэрбээр урлагийн тайзан дээр “залуухан” хэвээрээ явна. Яахав, төмөр тоноглолтой савхин гоёлоос илүүтэй гялгар материалтай дэгжин хослол сонгосноос өөр өөрчлөгдсөн юм түүнд өчүүхэн ч алга. “Буржгар Жагаа” цаашид “Буржгар өвөө” болсон ч стилиэ орхихгүй шинжтэй. 4. “Цуглуулганд минь 40 гаруй нүдний шил бий” хэмээн гайхуулсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Нарангийн хобби нь энэ. Энд тэнд явахдаа заавал ч үгүй, нүдний шил худалдаж авахыг хичээдэг гэх түүнд хэдэн мянган ам.долларын үнэтэй ийм гоёл цөөнгүй бий. Ямартаа л, түүний фэнүүд адилхан загварын шил авах гэж хайсаар яваад эрэл нь мухарддаг гэхэв дээ. С.Наран ховор загварын брэнд шилээр гоёх дуртай учраас тэр. Гэхдээ нүдний шилний ард “нуугдах” дуртай тэрбээр тун ч өглөг нэгэн гэлцдэг. Бүр бие даасан тоглолтынхоо үеэр сэтгэл нь хөдлөхдөө зүүж явсан нүдний шилээ фэнүүд рүүгээ шидэж, баахан үймээн дэгдээсэн удаатай. Чухам яагаад цаг үргэлж нүдний шил зүүж явдгийг нь асуухад “Өөрийгөө бүрэн мэдэрч, бодож санаснаа төвлөрүүлж чаддаг. Бас бусдыг харж, сэм ажиглахад амар шүү дээ” хэмээн хээвнэг хэлдэг юм билээ. 5. Ямаан сахал, бөөрөнхий шилнээсээ салах дургүй С.Амармандах, цэрэг маягийн зууван малгай болон хар шилээр гангарах дуртай Б.Баяржаргал буюу Маадайгийн стиль “Хар сарнай” хамтлагийн нэрийн хуудас болсон гэлтэй. Эх оронч үзэлтэй дуучин залуус энэ бүхнээ хэзээ ч өөрчлөхгүй гэж мэдэгдсэн удаатай. Сүүлийн үед бүр хувцасныхаа стилийг хүртэл эртний баатруудын өмсгөл аятай хувиргасан тэд хас тэмдгийг бараг л шүтдэг гэхэд болохоор. Амараагийн нүдний шилний нүүрэн дээр даль жигүүрээ дэвж буй бүргэдийн дүрс байдаг бол, хар өнгийн “Бенц” машиных нь хаалга хас тэмдгийн дүрстэй. Харин мань Маадайгийн малгай цацаг маягийн унжуурга, хас тэмдгийн чимэгтэй бөгөөд цэрэг загварын өмд нь ч хачин дэгжин харагдуулдаг юм билээ. 6. “Болор цом” наадмыг шагналыг хоёр ч удаа гардаад авсан яруу найрагч Ц.Хулангийн стиль даруухан атлаа нэг л эрхэмсэг. Ямар ч үед үндэснийхээ дээл, малгайгаар гоёх дуртай найрагч бүсгүйд үсний сувдан даруулга, унжуургатай ээмэг ч цөөнгүй бий гэх. Түүний стилийг халимаг үс, дөрвөн талтай болон дугуй малгай, гоёмсог загварын дээл бүрдүүлдэг юм билээ. Зуны улиралд ч нимгэн материалтай дээлээр гангарч явдаг Ц.Хулан үндсэрхэг сэтгэлгээ, үзэл бодлоо энэ бүхнээрээ илэрхийлэх дуртай гэдэг юм билээ. Өдгөө тэрбээр Хүүхэлдэйн театрын захирал болсон бөгөөд зав чөлөөгүй их ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хүртэл орхигдуулахгүй авч яваа адтай нэгэн. Өмссөн хувцас хийгээд өөрийнхөө амьдралын тухай элдвээр хэлүүлэх дургүй найрагч бүсгүйд халимаг үснийхээ засалтыг өөрчлөх бодол бараг төрдөггүй гэнэ лээ. 7. Америкт аялж явахдаа төрийнхөө сүлд тэмдгийг өгзгөн дээрээ шивүүлж буй аальгүй хүүхнийг хараад ихэд бухимдсан Т.Дэлгэрмөрөн халзан толгойгоо ч хайрлалгүй, үндсэрхэг үзлээ бардам гэгч нь илэрхийлсэн гэдэг. Толгойныхоо хажуу талд Монгол Улсын төрийн сүлд бүхий гоёмсог шивээс хийлгэсэн дуучин залуу маань имиж болсон халзан төрхөө ийнхүү сүрлэг нь аргагүй өөрчилсөн. Мэдээж хэрэг, мань эрийн халзан толгой, төрийн сүлдтэй шивээс нь хэдийд ч өөрчлөгдөхгүй учраас энэ стиль цаашид ч хуучрахгүй болов уу. Тэрбээр угийн халзан биш боловч үсээ ургуулах төдийлөн дуртай бус. Омголон зантай, бодсон санаснаа шуудхан л хэлчихдэг дуучин залуугийн хувьд халзан толгой нь түүнийг өөртөө итгэлтэй, бас этгээд харагдуулдаг гэх. Харин нэг хэсэг “аавын хаалга” татаад авсан мань дуучныг шоглох гэсэн залуус “Үсээ хусуулах зовлонгүй, шуудхан л яваад орчихсон биз” хэмээн шивэр авир хийлцсэн гэдэг. 8. “Рок мангас” хочтой Р.Мөнхсайханыг толгойдоо боосон эрээн алчуур, мөнгөн цагариг бүхий өрөөсөн ээмэг, савхин хүрмээр л фэнүүд нь төсөөлдөг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ. Амьд хөгжим тоглох, алдартай дуучидтай хамт дуулах, нэвтрүүлэг хөтлөх, шоу зохион байгуулах, хоолны жор зохиох гээд л түүнд мэдэхгүй, чадахгүй зүйл тун ч ховор. Юм юманд авьяас чадвартай гэдгээ харин ч нэг харуулж яваа “Рок мангас” маань баяр ёслолын үеэр гоёлын фрак, өндөр оройтой бүр малгай өмсөх дуртай юм билээ. Үүнээс өөрөөр өөрчлөх стиль түүнд байхгүй. Охин нь урлагийн ертөнцөд хөл тавьж, амьд хөгжмийн хамтлагт дуулах болсон ч мань “Рок мангас” стиль имижээ өөрчлөх талаар бодсон ч шинжгүй алхаж явна. Магадгүй энэ рок стиль охинд нь нөлөөлж, урлагийн ертөнцөд уруу татсан ч юм билүү, хэн мэдэх вэ. 9. Зураач С.Саранцацралт гэхээр л хүмүүс өвөрмөц стилиэр хувцаслаж, үсээ өнгө өнгөөр хувиргасан авьяаслаг эмэгтэйг хамгийн түрүүнд санадаг болов уу. “Нөхрийнхөө өмнө хэзээ ч дотуур хувцасгүй зогсч үзээгүй” хэмээсэн зураач эмэгтэй гадаад төрхөө ихэд чухалчилдаг нэгэн. Түүний дүр төрх, биеэ авч яваа байдлыг урлагийнхан “Цаанаа л нэг бурханлиг шинжтэй” хэмээн үнэлдэг юм билээ. Үнэхээр ч нүдний будалт, үсний засалт болон чөлөөт загварын хувцаслалтаасаа өнөө хэр нь уйдаагүй яваа С.Саранцацралт бусдаас их өвөрмөц харагддаг нь нууц биш. Түүний энэхүү этгээд маягийн хэв загварыг рок хөгжимд нугасгүй дуртай охид нь хүртэл өвлөн авсан. Зураач эмэгтэй өөрийн гоёл зүүсгэлийг ч ихэд анхаарч, аль болох эртний хийц загвартай чимэглэл худалдаж авахыг хичээдэг гэсэн шүү. 10. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн стиль гэвэл мөр шүргэсэн урт үс, ширвээ сахал болоод үндэсний загвартай дээл, мөнгөн аралтай бүс. Монголын яруу найргийн ертөнцөд ийм стилийг анх нэвтрүүлсэн хүн гэхэд бараг болохоор. Түүний араас урт үс, дээл хувцсаар гоёсон найрагчид бишгүйдээ л нэг гарч ирсэн учраас тэр. Энэ ч утгаараа, зарим хүмүүс “Яруу найрагч гэхээр л сахал, үсэндээ баригдсан дээлтэй хэдэн нөхөд харагддаг болж. Хэн нь хэнийгээ дуурайгаад байна вэ” хэмээн шүүмжилж байсан удаатай. Мэдээж хэрэг, энэхүү шүүмжийн эзэд нь залуу яруу найрагчид байсан. Харин тамхи баагиулан хуучлах дуртай эрхэм найрагчид үүнээс өөр стиль үнэндээ зохихгүй биз. Гоёж гангалах гэж тэгтлээ тэмүүлж байгаагүй энгийн зантай эгэл найрагчийг энэ л стиль нь тодотгож өгдөг болов уу гэмээр. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин