Ч.Улаан: Оновчтой засгийн бүтцийг боловсруулахад анхаарч ажиллана
2012-08-15

Ерөнхий сайдын УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй  “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн  танилцан, зарим яамдын оновчгүй чиг үүргийг өөрчлөх саналтай байгаагаа өчигдөр илэрхийлж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч,  УИХ-ын гишүүн Ч.Улаанаас зарим асуултад хариулт авлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг сайжруулах  талаар ямар саналыг гаргаж байна вэ?

-Шинэ бүтцийг бий болгож хэрэгжүүлэхэд манай эвсэл нэлээн нухацтай хандаж байна. Аливаа орон тоог нэмэхгүй, төрийн ажлыг төрийн байгууллагууд өндөр ур чадвартай, үр ашигтай эрхлэх бүтцийг бий болгох  асуудлыг уялдуулан авч үзэж байгаа юм. Аль болох орон тоог нэмэхгүй байх нь нэгдүгээр зорилт, хоёрт, хэмнэлт гаргах, гуравт, аливаа ажлыг хариуцах бүтцийг бий болгохгүй бол зорилт маань эзэнгүйддэг. Ийм байдлыг гаргахгүй байх талд анхаарна.

Төв, газар, товчоо, хүрээлэн гэх зэрэг газрыг нь өөрсдийн санхүүжилтээр санхүүждэг гэж хүмүүс ойлгодог. Цаад мөн чанар нь төсвийн санхүүжилтээр санхүүждэг. Төсөвт орлого ороод төвлөрсний дараа нэг хэсэг буюу  яам, агентлаг санхүүждэг. Харин газар, хүрээлэн, төв, хэсэг төсөвт орох эх үүсвэр дээр  орохоос өмнө санхүүждэг. Үнэн чанартаа бүгд ард түмний татвараар санхүүждэг. Тиймээс ил , далд хоёр  бүтцийн хоорондын харьцааг зөв тогтоох хэрэгтэй. Иж бүрнээр авч үзэх хэрэгтэй. Бүтцийг ярихаар концепцийн асуудал яригддаг. Бид төрийн захиргаа төв байгуулага бодлогын асуудал хариуцана гэж үздэг байсан. Энэ маань амьдрал дээр явцуу болж хувирдаг. Зөвхөн  бодлого ярьдаг. Бодлогын хэрэгжилт, үр өгөөж, ямар үнэ өртөгөөр хэрэгжүүлж байна, явц ямар байгааг төрийн захиргааны байгууллага хянаж чадаагүй. Энэ хэрэгжилтийг хариуцсан биеэ даасан өөр бүтэц гарч ирж байгаа. Ингээд ил, далд зэрэгцсэн яам агентлагууд гарч байгаагийн учир энэ юм.

Өнөөдөр яам, агентлагт 4000 гаруй хүн ажилладаг. Энэ хүмүүсийг хаана нь байршуулбал ажил нь давхцахгүй, мэргэжлийн түвшинд үр дүнтэй ажлаа удирдаад явах бололцоо нь хаанаа бүрдэх вэ гэдэг оновчтой харьцааг олох ёстой. Энэ үүднээс бүтцийн асуудалд нэлээн ажилч хэрэгч байдлаар ажиллана.

-Бүтцийн асуудалд санал нэгдсэн үү. Бүлгийн гишүүд?

-Бүх гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэн нэгдсэн бүтцийн санал боловсруулан Ерөнхий сайдтай ярьж байна. Онолын хувьд аваад үзэхэд Засгийн газар үйл ажиллагаа 5 чиглэлтэй ажилладаг. Эдийн засаг, нийгмийн, улс орны дотоод, гадаад хэрэг гээд 5 багцад хуваагддаг. Энэ чиг үүргийг тодорхойлоод хувиарлахдаа барьдаг зарчим бий. Нэгдүгээрт, чиг үүргийг хариуцаж байгаа субектын эрхлэх асуудлын хүрээ цогц байх ёстой. Хоёрдугаарт, давхардал гаргахгүй байх, гуравдугаарт, хэн юм хариуцах вэ, ямар хариуцлагатай, юуны төлөө хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой байх. Дөрөвдүгээрт үр ашигтай байх ёстой. Энэ зарчим, чиглэлүүдийн  үүднээс бид нэлээн нухацтай хандаж ярилцаж байна. Өнөөгийн дөрвөн жилийн хугацаанд монгол оронд хэрэгжүүлэхээр зорьж байгаа том зорилтыг хэрэгжүүлж чадах оновчтой бүтцийг бий болгохыг л зорино.

-Агентлагуудийн тоог цөөрүүлж байгаа нь төрийн албан хаагчдын эрх ашгийг зөрчиж байна гэсэн шүүмлэл байна л даа...

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудал өөрөө зөвхөн орон тоог цөөрүүлэх хүмүүсийг халж солих зорилгыг агуулаагүй. Хамгийн гол нь оновчтой бүтцээ бий болгох. Чадварлаг үр ашигтай ажиллах төрийн албан хаагчдыг баг бүрдүүлэх л зорилготой байдаг.  Тиймээс оновчтой бүтцээ бий болгох  чиглэлээр энэхүү ажлаа хийнэ.  Тухайн ажлыг гүйцэтгэж буй албан хаагчид үүрэг хариуцлага байх ёстой. Харин хаана, хэн хариуцах вэ гэдгийг нарийвчлан боловсруулж байна. Урьдчилсан байдлаар агентлаг, яамдаас  өчнөөн хүн халагдана гэсэн ойлголт дэндүү өнгөц асуудал. Засгийн газрын  бүтэц бүрэлдэхүүн эцсийн байдлаар гарсны дараа хэн хаана очиж ямар үүрэг гүйцэтгэх үү, хаана хамааралтай байх уу гэдэг зүйл яригдана.Яам, тамгын газруудад 1100 гаруй, агентлагуудад  3500 гаруй хүн ажиллаж байна. Ингээд нийлэх юм бол  4600 очрим хүн болж байгаа биз. Тэгэхээр төрийн албыг энэ  хүрээнд л хариуцуулах учраас  албан хаагчдыг оновчтой байршуулах асуудлыг  ярьж байна.

-Засгийн  газрын бүтцийн тухай шинэ хуульд  сайд нарт санхүүгийн эрх чөлөөг хэтэрхий олгоод байна уу гэж харж байна...

-Ер нь сайд  нар хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхтэй субъект . Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг бол өөрт оногдсон төсвийн багцийн хүрээнд төсвөө захиран зарцуулах эрхээ бүрэн эдэлдэг хуультай.  Өөрөөр хэлбэл салбарын сайд  төсвөө ч  зарцуулна, орлогоо ч олно, зарцуулалтын үр ашгийг ч хариуцна.  Сайд нарын хувьд төсвийн захиран зарцуулагч хэвээрээ байна.  Харин одоо бол нэг шинэ зүйл байна. Энэ бол улсын төсвийн тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа одоо боловсрогдож байна. Энэ хуулиар харин ч эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төвлөрөлийг аль болох сааруулах, төр засгийн бодлогыг зарцуулах үүрэг иргэдийн саналд тулгуурлаж ийм шинэ тогтолцоонд шилжих гэж байна.  Үүгээрээ онцлогтой.

-Эвслийн бүлгээс сайд нарын нэрс тодорсон уу?

-Бүлэг сайд нарын нэрийг ярьж эхлээгүй байна. Бид одоо Засгийн газрын бүтцийг ярьж байна. Үүний дараа  хуулийнхаа дагуу Засгийн газрынхаа бүрэлдэхүүний талаар саналаа оруулж ирнэ. Тэр үед сайдын нэр тодорхой болно.

- Танай бүлэгт оногдсон яамдад  чамлалтай хандаж байна гэсэн мэдээлэл байгаа?

-Ер нь чамлалтай гэж хэлэх нь оновчтой үг биш л дээ.  Ямар үүргийг хариуцах уу, Ямар хариуцлага хүлээх үү гэдэгт  асуудал байгаа юм. Зөвхөн тоон талаас нь авч үзэж болохгүй. Тооны цаана агуулга байх ёстой.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
Авилгачдаас урваж ард түмний талд орсон хүн.Амжилт хүсье
2012-08-16
Үнэн:
Урвагч
2012-08-15