Мэргэн буучид Казанийг зорилоо
2012-08-20

Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны ивээл дор ОХУ-ын Спортын яам, Оросын оюутны спортын холбоо, Бүгд найрамдах Татарстан улсын Засгийн газар, Залуучууд, Спорт, Аялал жуулчлалын яам, Казань хотын захиргаанаас хамтран Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын дөрөвдүгээр тэмцээнийг 2012 оны 09 сарын 04-09-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Казань хотноо 2013 онд Дэлхийн оюутны спортын 27 дугаар Зуны Универсиад их наадам зохион байгуулагдах тус хотын захиргаа бэлтгэл ажилд сайвтар анхаарал хандуулан, шинээр барилга байгууламж барьж, уг наадмын өмнө зарим спортын төрлөөр томоохон сорилго тэмцээн явуулж байна. Энэ удаа Дэлхийн оюутны аварга шалгаруулах сэлүүрт завь, каное завь, буудлага гэсэн гурван спортын төрлийн тэмцээн тус хотноо нэгэн хугацаанд явагдана. Казань хотын Свияага спорт буудлагын талбайд гар буу, урт бууны төрлийн тэмцээнүүд болох бол Мирни тосгонд таваг буудлагын тэмцээн болно. Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид 17 ганцаарчилсан, 17 багийн төрөлд 34 алт, 34 мөнгө, 34 хүрэл нийт 102 багц медалийн төлөө онч мэргэнээ сорин өрсөлдөнө. Монголын оюутны спортын холбооныхон буудлагын шигшээ багаа энэхүү тэмцээнд явуулахаар бэлтгэж байна. Багийн бүрэлдэхүүнд өмнө нь 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо болсон 26-р Универсиад их наадамд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчид болох Н.Баяраа/2012 оны Лондонгийн олимпод орсон/, Б.Бишрэл нар багтсан юм. Монголын оюутны шигшээ багийн ахлагчаар Д.Баттөр, дасгалжуулагчаар С.Адилбиш, Ц.Өлзийбаяр, Ж.Ганхуяг, О.Энхсайхан, тамирчнаар Т.Баярцэцэг, Я.Заяа, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Д.Энхзул, Т.Гантуул, Х.Бямбабаатар, Н.Цэрэнтогтох, Б.Батбуян, Э.Даваахүү, Б.Булганбаатар нарын 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Баг тамирчид одоогоор Улаанбаатар хотноо Техник спортын төвд бэлгэл сургуулилтаа хангаж байна. Тэмцээнд оролцогч буудлагын баг тамирчид 2013 оны Универсиадын үеэр тамирчид байрлах тосгонд амьдрах юм. Энэхүү Универсиадын тамирчдын тосгоныг шинээр 2011 онд барьж ашиглалт оруулсан ба 274,000 м2 талбайтай, 53 га газарт барьж байгуулжээ. Универсиад наадмын үеэр нэг дор 12,976 төлөөлөгчдийг зэрэг байрлуулах 28 байшин бий. Тосгонд бүх төрлийн үйлчилгээний газрууд байрласан. Тамирчдын тосгон нь Казань хотын Приволски дүүргийн Париний гудамж дагуу байрлалтай автобус ба “Проспект Победи” нэртэй метроны буудлын дэргэд оршдог ажээ. МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
Shuud.mn
Сонин хачин