Б.Отгончимэг: Бусдын дуунд “ам барих” утгагүй шүү дээ
2012-08-27

Нэгэн үе хүчээ авч байсан Классик Жем хамтлаг өдгөө хоёр эмэгтэй гишүүнээ сольж, уран бүтээлийнхээ өнгө аясыг өөрчилсөн билээ. Тэдний нэг нь ШШГЕГ-ын дуучин Б.Отгончимэг бөгөөд тэрбээр тус хамтлагаас гадна бие даасан цомгоо гаргахаар зэхэж буй ажээ. -Дуутай хууртай Дундговиос төрсөн залуу дуучдын нэг гэсэн. Хэдийнээс эхэлж мэргэжлийн сургуульд суралцахаар шийдэв? -Тийм ээ, би Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Дунд сургуульд байхдаа Багахангай дүүргийн 91 дүгээр сургууль руу шилжиж ирсэн дээ. 2004 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орж Монгол Улсын гавьяат жүжигчин, дэд профессор М.Найдалмаа, Соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Энхтуул багш нарынхаа удирдлаган дор суралцаж байлаа. 2009 онд сургуулиа төгссөний дараа “Classic Jem” хамтлагт ороод өнөөг хүртэл хамтарсан уран бүтээл хийгээд явж байна. Үүгээр ч зогсохгүй, хамтлагаараа ШШГЕГ-т дуучнаар орсон доо. Энэ ч утгаараа, өнгөрсөн хавар цэргийн тангараг өргөн дэслэгч цолтой боллоо. Би угаасаа цэргийн хүн болох ёстой байсан байх. Зураг төөрөг нь ч тэгж таарсан уу, яасан. -Яагаад тэр вэ? -Урьд нь би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад нэг жил ажиллаад гарсан. “Цэргийн хүн болохгүй. Над шиг хүн бараг чадахгүй байх” гэж бодож явтал одоо бүр цэргийн цолтой дуучин болчихлоо шүү дээ./инээв/ -“Классик Жем”тэгэхээр ШШГЕГ-ын дэргэдэх хамтлаг болсон хэрэг үү? -Үгүй ээ, ШШГЕГ-ын дуучид болсноос бус хамтлагийнхаа уран бүтээлийг тусдаа хийж байгаа. Харин бид нар ШШГЕГ болон хамтлагтаа хүртэл цуг байгаа учраас хамтарч ажиллах давуу тал олон бий. -Дуулаачийн мэргэжил олон төрөлтэй. Тэр дундаас яагаад заавал дуурийн чиглэлээр суралцах болов? -Эстрад, уртын дуу, дуурь гээд бүгд л сайхан мэргэжил. Гэхдээ сонирхол минь дуурийн урлагт илүү татагдсан байх. Уг нь дунд сургуульд байхдаа “Уртын дуучин больё” гэж боддог байсан юм. Гэтэл элсэлтийн шалгалт өгөх үед дуурийн дуулаачийн мэргэжил бүр ч сайхан санагдаад зорилгоо өөрчилсөн хэрэг. Энэ хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд өдийг хүртэл тууштай явж байна. -Олон сайн уран бүтээлч төрүүлсэн чадварлаг багшийн шавь болсондоо бахархдаг уу? -Тэгэлгүй яахав. Манай багшийн шавь нар гэж өчнөөн олон мундаг хүмүүс бий. Италид дуулж байгаа Уранцэцэг, ДБЭТ-ын дуучин Эрдэнэтуяа, гавьяат жүжигчин Баясгалан, дуучин Эрдэнэтунгалаг, Чинболор, Энхмэнд гээд бүгд л манай багшийн шавь, номын ах эгч нар маань. -Дуурийн чиглэлээр уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа биз? -Би одоо “Классик Жем” хамтлагт поп чиглэлээр дуулдаг. Хажуугаар нь дуурийн дуугаа дуулах юмуу, бие даасан уран бүтээл хийх боломжтой. Сургуулиа төгсөхдөө би поп опера чиглэлээр явж байсан. ҮДБЭЧ-ын дуучин Цогтгэрэлтэй хамт дэлхийд алдартай “Фантом опера”-г дуулж байлаа. Дуурийн дуулаачийн тэр сайхан чадварыг эзэмшиж авсан болохоор бүх төрлөөр дуулахад арай дөхөм юм шиг санагдсан. Ер нь, ямар ч төрлийн дууг дуулж чадах байх. Яахав, дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцсан хүн бүрт тодорхой нэгэн хүсэл байлгүй яахав. Миний хувьд, өөртөө бяцхан зорилт тавьсан байгаа. Энэ намар ДБЭТ-т бие даасан сонгодог тоглолт хийх бодол ч бий. Тун удахгүй бие даасан цомгоо гаргах гээд бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. 1960-1970-аад оны үеийн хит дуунуудыг шинэчилсэн хэлбэрээр дуулж, цомог гаргах юм. -“Классик Жем”бол хэдийнэ олонд танигдаж, рок попын ертөнцөд орон зайгаа эзэлсэн хамтлаг. Тэдэнтэй хэрхэн холбогдсон тухайгаа яриач? -Их мундаг, гоё хамтлаг учраас би дуунуудыг нь сонсох дуртай. Бас хамтлагийн ах, эгч нарыгаа ч хүндэлж явдаг байсан. 2010 онд намайг ЦДБЭЧ-д ажиллаж байхад Энхтайван, Мөнхбат ах хоёр ирээд хамтлагт орох санал тавьсан юм. Тухайн үед хамтарч уран бүтээл хийж байгаагүй ч гэлээ, бие биеэ мэддэг байсан учраас тэр. Тэгээд би гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад энэ саналыг дуртайяа хүлээж авсан даа. “Классик Жем” хамтлагт ороод бараг гурван жил болчихлоо. -Таниас гадна бас нэг буриад бүсгүй орсон байна лээ. Тэр талаар? -Хамтлагийн хоёр эмэгтэй гишүүн солигдоход биднийг авсан. ДБЭТ-ын гоцлол дуучин Арюна гэдэг бүсгүй бий. Оросын буриад болохоор хүмүүс тэгж сонирхсон байх л даа. Поп чиглэлээр шинэ уран бүтээл хийж, цомог гаргахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил “Сумын наадам” дууг орчин үеийн хэв маягт оруулж, шинэчилсэн хэлбэрээр дуулсан. Шинэ жилээр нэлээд хэдэн дуу хийлээ. Энэ бүхнээ тодорхой хэмжээнд арвижуулж, цомог болгосны дараа үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Мөн миний хувьд ганцаарчилсан уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Миний эгч Б.Наранцогт гэж СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн сайн дуучин бий. Бид хоёр өөр өөрсдийн өнгө аясыг харуулж, 1960-1970-аад оны дуунуудыг хамтарч дуулсан. Саяхан нэг дуундаа клип хийлгэж, олны хүртээл болгосон. Энэ дууг эгч маань ардын хэмнэлтэй дуулсан бол, би поп стилиэр дууллаа. Үүгээрээ өөрсдийн онцлог, өнгө төрхийг харуулахыг зорьсон. -Хамтлагийн тухайд, хуучин гишүүд нь та нарт жаахан таагүй ханддаг юм шиг санагдсан. “Шинэ охид бидний дуулсан хит дуун дээр ам барьсан” гэж хүртэл ярьсан байна лээ? -Тийм яриа гарсан шүү. Хамтлагт орсноос хойш тодорхой хугацаанд өөрсдийгөө бэлтгэсэн шүү дээ, бид. Мөн хуучин, шинэ дуунуудыг нь хүртэл өөрсдөө дуулсан. Мэдээж, ард түмэнд өөрийнхөө хоолойгоор тэр дуунуудыг хүргэнэ шүү дээ. Би юу гэж хүний хоолойн дээр “ам барих” билээ. Тэгээд ч хүмүүс хуучин гишүүдийн дуу хоолойг андахгүй мэдэх байх. Хүмүүс чинь өөр, өөрийн гэсэн хоолойн тембртэй.Бид нар хит дуунуудаа хүртэл шинэчилж, хоолойны бичлэгт орсон. Бусдын дуулсан дуун дээр “ам барина” гэдэг хууль бус явдал. Хэзээ ч тийм зүйл болох ёсгүй. -Туршлагатай уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад бэрхшээл гарч байна уу? -Тэднээс сурах зүйл маш их байдаг. Бас хоёр ахдаа баярлаж явдаг юм. Тэр олон залуу дуучдаас сонгоод хамтлагтаа оруулсанд нь баярлаж, бас өөрөөрөө бахархдаг. Уянга гэдэг мундаг дуучны оронд орсон болохоор би өөрийгөө тийм ч муу дуучин биш байх гэж боддог. Туршлагатай уран бүтээлчдийн заавар зөвлөгөө, арга барил надад үнэхээр сургамж болдог шүү. Хамтлагаараа нэлээд олон удаа хөдөө орон нутгаар аялж, гадаад дотоодод тоглолт хийсэн. Энд тэнд явахад үзэгчид Арюна бид хоёрыг зааж, ямар нэгэн юм яриад байх шиг санагддаг. Гэхдээ хамтлагийн гишүүд өөрчлөгдсөн гэдгийг тэд мэдэж байгаа байлгүй дээ. Уран бүтээлийн хувьд, бид нар поп R&B стилиэр дагнах бодолтой байгаа. -Тэгвэл ШШГЕГ-т ямар чиглэлээр уран бүтээл хийж байгаа вэ? -Хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бид энэ байгууллагын нэрийг гаргахуйц хэмжээнд ажиллах ёстой. Миний хувьд, поп чиглэлээр дуулья гэж бодож байгаа. -Дундговиос төрсөн чадвартай уран бүтээлч цөөнгүй. Танай удамд дуучин хүн бий юу? -Манай гэрийнхэн айхтар сайн дуулахгүй ч гэлээ, солгой хоолойтой хүн лав байхгүй. Гавьяат жүжигчин, дуурийн дуучин С.Мөнгөнцэцэг манай ойрын хамаатан юм билээ. Түүнийг нь саяхан ургийн баярт оролцож байхдаа мэдсэн. Тэгэхээр манайд урлагийн удам бий гэсэн үг. Гэрт маань эгч бид хоёроос өөр мэргэжлийн дуучин байхгүй. Харин манай ангиас төрсөн чадварлаг уран бүтээлч гэвэл зөндөө бий. М.И.Глиникийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлсэн Г.Ариунбаатар, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн Б.Амартүвшин, “Universe best songs-2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс, дуучин П.Идэржавхлан, А.Түмэн-Өлзий гээд л авьяаслаг дуучид байна. Ангийнхан маань энд тэндхийн байгууллагад ороод нэлээд хүчтэй явж байна шүү. -Нэг ангийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийх юм биш биз? -Яагаад болохгүй гэж. Өнгөрсөн хавар манай ангийн Д.Балдангийн тоглолт болсон. Би түүнтэй хамт хоёр дуу дуулсан. Манай ангийнхан бүгд дэмжиж, урмын ташуур өгч байлаа. -Дуурийн чиглэлээр суралцсан зарим дуучид нийтийн дуу руу “урвасан” тохиолдол цөөнгүй. Дуулахад амархан гээд тэр үү, аль эсвэл? -Сонгодог урлагийг ойлгож, мэдрэх үзэгчдийн хамрах хүрээ нийтийн дууныхаас арай бага  юм болов уу. Нийтийн дуу дуулж байгаа ангийнхаа хүүхдүүдээр маш их бахархдаг. Мэдээж, амархан санагдахаар нь тэд сонгож авсан юм биш. Авьяас чадвараа тал бүрээр хөгжүүлж, өөрсдийгөө сорьж яваа хөдөлмөрч хүмүүс учраас олонд танигдсан биз ээ. Түүнээс биш, амархан ажил гэж байхгүй. Нийтийн дуу дуулж байгаа ч гэсэн, дараа нь дуурийн дуугаа дуулна шүү дээ. Уран бүтээлч хүн хөрвөх чадвар сайтай байх ёстой гэж боддог юм. -Танд нийтийн дуу дуулах санал ирж байв уу. Уртын дууны тухайд судалж, сонирхдог болов уу? -Ирсэн шүү. Оюутан байхдаа дуучин А.Буянжаргалтай хамт “Саранд гэгээрсэн хайр” гэдэг маш сайхан дууг дуулж байлаа. Миний хамгийн анхны уран бүтээл гэхэд болно. Сүүлд нь ангийнхаа Д.Балдантай хамтарч хоёр дуу дууллаа. Найр хуриманд уригдахаараа “Тал нутгийн дуу”-г дуулах дуртай. Дорноговийн сүлд дуу гэдэг шүү дээ, энэ дууг. Би бүр багаасаа дуулж өссөн. Бас уртын дуунд маш их дуртай. Өвөг дээдсээс минь уламжилж ирсэн бахархмаар урлаг шүү дээ. Тиймээс уртын дуу сурах хүсэл бий. Өөрийгөө дуулж чадна гэж бодож байгаа. Тайзан дээр гарч дуулахгүй ч гэлээ, найр хуриманд уртын дуу дуулах чадвартай байх ёстой. “Ганц хоёр дуу зааж өгөөч” гээд л эгчээсээ гуйгаад суучихна даа./инээв/ -Хамтлаг, ажил, бие даасан уран бүтээл, мюзикл жүжиг гээд нэлээд олон зүйлд хүчээ сорьж яваа байх нь. Санхүүгийн тал дээр биеэ бүрэн дааж чадсан уу? -Тэр чинь их хэцүү шүү дээ. Уран бүтээлийг минь дэмждэг байгууллага гэж байхгүй учраас өөрөө л бүхнийг зохицуулна. Цаашид хамтлаг болон ганцаарчилсан уран бүтээлээ хослуулаад л авч явна даа. Өөртөө маш их зорилго тавьсан, эхнээс нь биелүүлэх гээд зүтгэж байна. -Гэр бүлийнхнээ сонирхуулаач. Нөхөр тань бас дуучин гэл үү? -Нөхөр бид хоёр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг хамт сурч төгссөн шүү дээ. А.Анар-Эрдэнэ маань одоо ДБЭТ-ийн дуучнаар ажиллаж байгаа. Бид хоёрт А.Анир-Амгалан гэдэг таван настай хөөрхөн хүү бий. Оюутан байхдаа аав, ээж болж байлаа. Урлагийн гэр бүл гэдэг утгаараа, бид хоёр нэг нэгнээ маш сайн ойлгодог юм. Шинэ уран бүтээл хийлээ гэхэд зөвлөгөө өгөх юмуу санал шүүмжлэлээ их сайн хэлдэг. Нөхөр маань ДБЭТ-ын дэргэдэх “U pera” гэдэг хамтлагтай. Хамт ажиллаж буй чадварлаг залуустайгаа нийлж байгуулсан. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин
aminaa:
ene egch manai eejtei tsug ajilaj baisan.
2014-01-06