Тусгай сургуульд боловсон хүчин дутмаг байна
2012-08-27

 УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэн өнгөрөгч амралтын өдөр  Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, зарим их, дээд сургуулиудын 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалтай газар дээр нь шалгаж танилцлаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ахалсан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар, Г.Уянга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон албаны бусад хүмүүс тус бүрэлдэхүүнд ажилласан юм.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим их, дээд сургуулиудын үйл ажиллагаагаа явуулж байгаа хичээлийн байр нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, цэцэрлэг, сургуулиудын багтаамж, барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, засвар үйлчилгээний ажлын байдалтай танилцахын зэрэгцээ сургалтын агуулга, тогтолцоог гишүүд түлхүү анхаарч сонирхож байлаа.

Эхний очсон сургууль Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, 124-р цэцэрлэг байсан юм. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан 90 хувьтай байгаа гэж сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хэлж байсан. 37-р сургуулийн тухайд 2012-2013 оны хичээлийн жилд 2030 сурагч, 90 багштай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулна. 37-р сургууль Нийслэлийн хойд захын сургууль хийгээд тус дүүргийн 17,18 зэрэг гурван хорооны өрхийн хүүхдүүдийг сургадаг онцлогтой. Хичээлийн А,Б хоёр байртай. Бага дунд сургуулиудын барилга, тоног төхөөрөмжийг өргөтгөх төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2002 онд хичээлийн шинэ байрыг барьж өгчээ. Ажлын хэсгийн гишүүд сургуулийн байр сав, анги танхимтай танилцахаас илүүтэй сургалтын стандарт, сургалтын агуулгын тал дээр багш, ажилчдаас асууж байсан юм. УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ, Аж ахуйн асуудлыг шийдвэрлэж болох байх. Анги танхим , байр саваа үзүүлэхээсээ илүүтэйгээр сургалтын тогтолцооны алдаатай оноотой талаа ярилцмаар, анхаармаар байна. Бидэнд сайн сайхан байна гэж худлаа зүйл үзүүлэх хэрэггүй, аль болох болохгүй, бүтэхгүй шийдвэрлүүлмээр байгаа зүйлээ үзүүлж харуулж баймаар байна. Захирал, эрхлэгч нар бүх асуудалдаа хутгалдсаар байгаад сургалт хүмүүжлийн ажил орхигдоод байна. Юм болгоныг гадаадаас хуулж авмааргүй байна, ялгаж салгах хэрэгтэй. Хүүхүүдийн хамтын хөдөлмөр, төлөвшүүлэх тал дээр анхаарах цаг болсон байна хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар, Хариуцлагын тогтолцоог сайжруулж, боловсролын салбарт аудит оруулах хэрэгтэй болсныг онцолж байсан юм. Удирдах шатны хүмүүс хүүхдүүдийн төлөө сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Жил бүр төсвөөс хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийгдэж байгаа ч үнэн хэрэгтээ бүрэн хэмжээгээр зарцуулагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байсаар байгаа. Боловсролд ээлтэй ээлгүй Засаг дарга нарыг зарлаж, дэмждэг, хариуцлага тооцдог болно гэдгээ салбарын сайд хэлсэн. Мөн сурах бичигт багш нарын санаа огт тусгагдаггүй. Сурагчид тендерт ялсан хэн нэгний эрдмийн ажлын золиос болж байна. Багшид зориулсан сурах бичгийг гаргах цаг болсныг гишүүд дурьдаж, сургалтын агуулгад Монгол зан заншил, Монгол хүний онцлог, өв соёлын асуудлыг шингээж өгөх талаар ярилцлаа. УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ын дарга З.Баянсэлэнгэ, манай боловсролын салбарынхан шинэ зүйлийг нэвтрүүлэх болжээ. Жижүүрийн хэдэн хариултаар өөрсдийгөө хамгаалахаа болих хэрэгтэй байна. Өнөөдөр бид та нарын ажлыг шалгаж, хянаж, айлгах гэж ирээгүй. Монголын боловсролын салбарт дутагдаад байгаа, болохгүй байгаа асуудлыг хамтдаа шийдэж, ярилцаж, болохоосоо болохгүйг хүртэл хийх гэж ирсэн гэдгийг уулзалт бүртээ онцолж байлаа. 37-р сургуулийн сурагчдын бүртгэлийн ажил нэг дэх өдөр \ 2012.08.27\ эхэлнэ гэж байсан бол 124-р цэцэрлэг хүүхдүүдээ үндсэндээ бүртгээд дуусан гэж байсан.

124-р цэцэрлэг 280 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. 2-5 настай хүүхдүүдийн 19 бүлэг хичээллэдэг. Хагас сайнд 5 настай хүүхдүүдэд зориулсан Хувилбарт сургалтын хоёр ангийг хичээллүүлдэг байна. Нийслэлийн хэмжээнд 45 хороо цэцэрлэггүй байдаг юм байна. 1970 оноос өмнө баригдсан цэцэрлэгийн барилга 30 хувийг эзэлдэг. 6 хүүхэд тутмын 4 нь цэцэрлэгт ямар нэг байдлаар хамрагдаж чаддаггүй гэсэн албан бус судалгаа байдаг. Нийслэлийн хэмжээнд газрын асуудал хүндрэлтэй байдаг учраас цэцэрлэг нэмж барих, төсөв санхүүгийн асуудал нь хууль эрх зүйн хүрээнд дутмаг байдгийг албаны хүмүүс онцолсон. Гэр цэцэрлэгийг хуулийн хүрээнд хэрхэн байгуулж болох, түүний үр дүн, төрөөс цэцэрлэгийн намны 2-5 настай хүүхэд бүрт олгодог 705 мянган төгрөгийг хэрхэн зөв хүртээмжтэй, хяналттай хуваарилах, 24-ийн цэцэрлэг, ясли дэрэг олон асуудлаар багш ажилчид, албаны хүмүүстэй гишүүд харилцан саналаа солилцсон.

Нэг ээлжиндээ 500 хүүхэд хичээллэж байна

Ажлын хэсгийн гишүүд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль дээр очсон. Нэг ээлжиндээ 500 хүүхэд хичээллэх хичээлийн байр, 300 хүүхдийн хүчин чадалтай дотуур байртай, нэг ангид 10-12 хүүхэд суралцдаг юм байна. 2010 онд 0,8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж, 242 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. 2012-2013 оны хичээлийн жилд суралцахаар 40 орчим хүүхэд бүртгүүлжээ. 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн суралцагчдын сонирхол, хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохируулан үсчин-гоо сайхан, хоол үйлдвэрлэл- нарийн боов, модон эдлэлийн мужаан, оёдолчин-эсгүүрчин гэсэн 4 мэргэжлээр мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалтыг эхлүүлжээ. Сурагчид жил бүр өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Харин багшлах боловсон хүчин дутмаг байдгийг багш нар энэ үеэр хэлж байлаа. Социализмын үед ОХУ, Унгар зэрэг улсад согог зүйн чиглэлээр боловсрол эзэмшсэн багш нар одоо тэтгэвэртээ гарах болж байгаа. Хэрэв эдгээр багш нар тэтгэвэртээ гарвал дараагийн үеийн багш нар бэлтгэгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд дан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд ихээр ирэх болжээ. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль дээр ч ийм хүндрэлтэй хүүхдийн тоо нэмэгдсэн байгааг захирал багш С.Энхтуяа хэлж байсан. 116-р сургуульд энэ хичээлийн жилд 78 хүүхэд суралцана. Нэг ангидаа 6-8 хүүхэд сурдаг. Дээрх хоёр сургуулийн багш, ажилчидтай уулзахдаа гишүүд сэтгэл хангалуун байлаа. Учир нь бусад сургуулийн адил аж ахуйн бэрхшээл тоочихоосоо илүүтэй хүүхдүүдийн сургалтын орчин, боловсролын чанарт ихээхэн анхаарч, сэтгэл гаргаж ажиллаж байгаад талархалтай хандаж байсан юм. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь дөрвөн энгийн сурагчтай ажилласантай тэнцэх хэмээний хүч хөдөлмөр зарцуулдаг гэдэг. Энэ бүхнийг үл хайхран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд төлөвшүүлэх, боловсрол олгох, зөв чиг хандлагатай болгож байгаад баяр хүргэж, хамтран ажиллахдаа хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.

Үүний дараа Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулиудаар орлоо. Сургууль бүрийн засварын ажил үндсэндээ дуусчээ. Удирлагууд гишүүдэд өөрсдийн сургуулийг танилцуулж, санал бодлоо харилцан солилцсон юм. ЭМШУИС-ийн тухайд 10 салбар сургуультай, 7 нь Улаанбаатар хотод, үлдсэн гурав нь Говь-Алтай, Дорноговь, Дархан аймагт байдаг. Манай улсын анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд дэлхийн аль ч улсын эмч нартай эн тэнцүү боловсрол эзэмшиж чаддаг гэдгийн сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн хэлж байсан. Тухайлбал, нүд, шүд, эрүү, нүүр ам, зүү зэрэг хэд хэдэн чиглэл олон улсын түвшинд хүрсэн байна. Гагцхүү манай улсад анагаах ухааны сургуулийн эмнэлэг байхгүй байгаа нь томоохон дутагдал болж байгаа юм байна. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-гаас буцалтгүй тусламжаар 28.6 сая долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ манай улсын Засгийн газрын шийдвэр хүлээгдэж байгааг гишүүдэд хэлж, дэмжиж өгөхийг хүссэн.

МУБИС-ийн тухайд улсын хэмжээнд ажиллаж байгаа багш нарын 70 орчим хувийг тус сургуулийн төгсөгчид эзэлдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд багшийн нэр хүнд, нийгмийн хангамжийн асуудал муудсантай холбоотойгоор суралцагчдын тоо, чанарт ч мөн нөлөөлсөн гэдгийг сургуулийн удирдлага хэллээ. Хууль тогтоох байгууллагын төлөөлөлтэй уулзсандаа баяртай байгаагаа багш нар илэрхийлж, тогтвортой боловсролын тогтолцоотой болох нь чухал байгааг онцолсон. Сонгууль бүрийн дараагаар өөрчлөлт, шинэчлэл нэрээр боловсролын системийг бужигнуулж байгаа нь эргээд сөрөг нөлөөтэй. Одоо сэтгэлгээгээ өөрчилж, хүний толгойтой ажилладаг биш, сэтгэлтэй ажилладаг багш нарыг бэлтгэхэд чиглэсэн бодлого боловсруулахыг гишүүдэд захилаа.

Монгол хүүхэд бүрийг дэлхийн түвшинд хүргэнэ

Энэ өдрийн сүүлийн ажилласан сургууль нь БШУЯ-ны харьяа “Шинэ эрин” Олон Улсын лаборатори сургууль байлаа. Тодруулбал, сүүлийн 2 жилийн турш хэрэгжиж эхэлсэн Кэмбриджийн олон улсын IGCSE түвшинд заадаг сургууль юм. 70 гаруй төрлийн хичээлээс 11 хичээлийг албан ёсны эрхтэйгээр зааж байна. Монгол-Англи хэлтэй хос хэлний "Шинэ-Эрин" сургууль нь ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг үзэхээс гадна 7-р ангиасаа эхлэн 12 хичээлээс цаашид дагнах хүсэлтэй хичээлээ сонгон судалж байгаа нь энгийн ерөнхий боловсролын сургуулиудаас ялгарна. Энгийн ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчид л хичээл сонгож үздэг. Гэхдээ төрөлх хэлээрээ үзэж судалдаг. Хос хэлний сургуульд суралцаж буй сурагчид орос, англи, математик, биологи, физик, хими, биеийн тамир, мэдээлэл зүй, дүрслэх урлаг, дизайн-технологи, хөгжим, бизнес судлал гэсэн хичээлээс сурагчид сонгон судлах бөгөөд эдгээр хичээл бүгд англи хэлээр явагдана. Харин суурь буюу бусад ерөнхий боловсролын сургуулиудад үзэж буй, заавал судлах хичээлүүд монгол хэлээр ордогоороо ордог байна. Тус сургуулийн захирал Б.Амартүвшин хэлэхдээ, Гадаадаас нэг ч хөтөлбөрийг орчуулж хэрэглээгүй. Манай улсын 120-иод багш, судлаачдын сүүлийн 3 жилийн судалгааны үр дүнд боловсруулагдаж байгаа хөтөлбөр. Монгол улсдаа өөрийн улсын иргэдийн онцлогт тохирсон системээр олон улсын боловсролыг эзэмших нь энэ хөтөлбөрийг гол давуу тал юм. Бид “Шавь-төвт” сургалтын хэлбэрийг ашиглаж, бие даан суралцах, сэтгэн бодох чадварт түлхүү анхаарч байгаа. Монгол хүүхэд бүрийг дэлхийн түвшинд хүргэх нь бидний зорилго хэмээн хөтөлбөрийнхөө талаар танилцууллаа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар, Гадаадаас шууд хуулбарлаагүй нь сайшаалтай. Гэхдээ энэ хөтөлбөрийн талаар нийгэмд олон талын ойлголт явж байна. Зөв мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Тухайлбал, Боловсролын үнэлгээний газраас энэ сургуульд сурах хүүхдүүдийн шалгалтыг ямар стандартаар, шалгуураар авдаг юм, манайх болсон хойно хахууль өгөөд оруулдаг биз гэх мэт хардлага дагуулж байна. Мөн Кэмбриджийн олон улсын боловсрол гэдэг нэр томъёо ч иргэдэд төөрөгдөл үүсгэж байгааг анхаарах хэрэгтэйг сануулснаар энэ өдрийн хөтөлбөр өндөрлөсөн.

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
shineer surguuli barihgui bol bur bagtahaa bolij bgag baigaag anhaaraasai.
2012-08-28