Стильдээ үнэнч одод - 4
2012-08-31

Монголын рок попын “акул” гэгддэг “Харанга” хамтлагийн хамгийн содон өнгө нь гавьяат жүжигчин Ц.Чулуунбат гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. “UP music” продакшны захирал тэрбээр хөгжимчин, дуучин, продюссер гээд чамгүй урт гуншинтай. Хаа очиж элдвийн хэв маяг хөөцөлдөөд байдаггүй энэ эрхэм стиль имижээ тэр бүр өөрчилдөггүй юм билээ. Ихэвчлэн чөлөөт загварын хувцсаар гангардаг болохоор ажил хэрэгч төрхтэй харагдах нь тун ч ховор. Үсээ хагас ургуулан жийнсэн өмд, саравчтай малгай, хар нүдний шилээр имиж хийсэн Чукатай рок попынхон нь эгээ л найз нөхөд, ах дүүс мэт дотно харилцдаг. Энэ нь ч аргагүй мэт. Олны сонорыг мялаасан хит дуу зохиож, шинэ хамтлаг төрүүлэхээр чармайж, уран бүтээлчдийн шоу тоглолтыг зохион байгуулаад ихэд завгүй гүйж яваа болохоор урлагийн ертөнцөд хэдийнэ дархлагдсан гэдэг нь тодорхой. “Зуу зуун жил хайрламаар байна” дуугаа ханьдаа зориулан дуулж, тоглолтынхоо тайзан дээрээс час улаан сарнай шидсэн түүнийг “Ийм романтик гэж санасангүй” хэмээн гайхсан охид цөөнгүй байсан гэдэг. Тэрбээр продакшнаа байгуулсан даруйдаа рок попын эмэгтэй дуучдаас “Поп дива” шалгаруулаад амжсан адтай эр. Дуу хөгжимтэй амьдралаа холбож, урлагт үнэнчээр зүтгэж буй Чукагийн шалгуураар гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан С.Наран, С.Сэрчмаа нар тодорсон юм.   Болгарт сургууль төгсч ирмэгцээ олны шуугиулах олон сюрприз задалж, “Эрос” гэх алдрыг хүртэж байсан хүн бол гавьяат жүжигчин Т.Ариунаа. Хагас нүцгэн шахам хувцаслаж, амрагийн дуугаараа залуусыг өдсөн ялдам дуучин маань уран бүтээлээ шаргуу хийсээр өөрийн байр суурийг олж авсан гэдэг. “Утасны дугаар” дууныхаа клипийг хийлгэхдээ хэрэглэсэн хиймэл хумс, үс, эротик загварын хувцсандаа ихэд түүртэж байснаа ярих дуртай Т.Ариунаа өнгөрсөн хугацаанд багагүй өөрчлөгдсөн. Гэр бүлийн амьдрал зохиож, ээж болоод НҮБ-ын “Хүүхдийн элч дуучин” гэх цолыг авсан тэрбээр нэг хэсэг хүүхдийн дуугаар занималдаж байлаа. Тэгснээ гэнэтхэн чимээгүй болж, уран бүтээлээ нууцхан хийсээр нэг л өдөр “Дурлал шиг асна” гээд гарч ирсэн юмдаг. Үнэхээр ч тэр хэдэн жил “ассан”, бас урлагтаа улам их дурласан. Харин сүүлийн жилүүдэд элдэв янзын дуунаас илүүтэй томоохон бүтээл гаргахаар зорьж буй гавьяат маань түүхэн хатны дүрд хувирч эхэллээ. “Хөх монголын үр сад”, “Домгийн өглөө” зэрэг дуугаа клиптэй болгох гэж эгээтэй л кино хийчих дөхсөн гэдэг. Уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, чамгүй олон хоног нойр хоолоо хугаслан, нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан байж бүтээсэн “Домгийн өглөө” дуундаа зохиогчийн эрх авч, хуулбарласан нөхдүүдэд хэдэн саяын торгууль тавихаа хүртэл амлана билээ. Түүний стиль имиж уран бүтээлээс нь шалтгаалж түмэн янзаар хувирч байгаа нь тодорхой. Харин өнгөрсөн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй, басхүү чадварлаг дуучны хамгийн том имиж нь болсон зүйл бол Т.Ариунаагийн хөдөлмөрч, дайчин, шаргуу зан чанар нь юм. Үргэлж л инээд алдаж явдаг гавьяатын эрч хүч, цог жавхаа өнөө хэр нь хэвээрээ.   Дуулахаа болиод улстөрч болохоор идэвхтэй нь аргагүй зүтгэж яваа гавьяат жүжигчин С.Жавхлан анх гарч ирснээ бодвол эрс өөрчлөгдсөн. Нийтийн дууны ертөнцөд хөл тавиад Т.Баясгалантай хоршин “од” болсон жийнсэн хүрэмтэй туранхай залуу өдгөө нэлээд жин нэмсэн төдийгүй үндэсний хувцсаа тахин шүтэж буй. Үг яриа нь ч улстөржөөд үндэсний гэх тодотголтой элдэв ажил зохион байгуулж буй С.Жавхлан өнгөрсөн жил тулга чирч хөдөөгүүр аялсан. Үүнийгээ эх орон, тусгаар тогтнолоо хайрлан тулганд гал бадраах ёслолоо сэргээж байна гэж тайлбарласан. Мөн өнгөрсөн хавар хийсэн тоглолтынхоо орлогыг охид, эмэгтэйчүүдэд хандивлан сонгуулийн өвөрмөц сурталчилгаа болгоод амжсан “Тулгатай дуучин”. “Захтай дээл чинь манай монголчуудад зориулж гаргасан манжийн хувцас. Бидний хоолойг боож, эрх чөлөөг минь хязгаарлана гэсэн утга агуулгыг дээлний заханд хийсэн юм. Харин нуман энгэртэй дээл эрх чөлөө, эх орны минь илэрхийлэл мөн. Миний өмсдөг дээл залуусын дунд моодонд орсон байна лээ. Зах дээр дээл зардаг нэг эгч намайг зөндөө магтаж, чиний ачаар хоолтой хонодог гэсэн” гээд л ярьж гарна. Одоо түүнд дээлнээс өөр имиж гэхээр зүйл байхгүй. Өөрийн гэсэн тусгай оёдолчинтой болсон мань эр уртын дуучин эхнэрийнхээ урлаж өгсөн торгон цамцаа ихэд хайрладаг юм байх. Тиймдээ ч, үр хүүхдүүдээ хүртэл үндэсний дээл хувцсаа өөрсдөө оёод өмсчих чадвартай байгаасай гэж хүсдэг гэнэ лээ.   Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг нэр хүндтэй арга хэмжээнд урилгаар оролцож, эх орныхоо нэрийг гаргасан уртын дуучин Г.Хонгорзул тоглолтоос бусад үед ноолууран хувцсаар гангарах дуртай гэдэг. Мөн тэрбээр онцлох гоёлоо ээмэг, зүүлт гэж тодотгосон. Мэдээж хэрэг, олон төрлийн загвартай үндэсний дээл хувцсанд нь зохицох чимэглэл их бий. Харин удам дамжиж ирсэн цөөн тооны эдлэлээ нэлээд нандигнадаг уртын дуучин маань урт үсээрээ имиж хийгээд удаж байгаа. Цахилгааны инженер мэргэжилтэй нөхрөө хэн хүнд магтаж суудаг түүний стиль хэсэгтээ л өөрчлөгдөхгүй нь лав. Өндөр өсгийт, богино банзал, энгэр задгай хувцсыг нэг их таашаадаггүй Г.Хонгорзулыг фэнүүд нь “Ухаалаг яриа, сайхан хоолой, даруу зангаар өөрийгөө чимсэн мундаг эмэгтэй” гэж үнэлдэг юм билээ.   Цагаан хослолоор гангарч “Хайрын танго” бүжсэн гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ Ирландад сурахаар одсон. Оюутнуудын хайрыг татаж, “Төмөр уйлуулдаг дуучин” гэх албан бус нэртэй болсон мань эр уртын дуучин Э.Оюумаатай амьдрал, уран бүтээлээ холбоод тэднийгээ мартсан удаатай. Мэдээж хэрэг, чамлахааргүй нэрд гарч, халаасаа түнтийлгэсэн хойноо дуэт дуучнаасаа холбоогоо тасалж, Нийтийн дуучдын холбоо гээчийг байгуулан буурь заасан гэдэг. Гэхдээ элдэв хэл ам дагуулсан энэ ажлаа явцгүй гэдгийг мэдээд Ирландын Дублин хотын “Carlyle institute”-д сурахаар шийджээ. Удирдлагын академийг төгссөний дараа тэрбээр монголын урлагийн менежментийг цоо шинэ түвшинд аваачиж, цахиур хагална гэж зорьсон гэх. Юутай ч, том зорилго өвөртлөн харийг зорьсон дуучин залуу өнгөрсөн намар П.Идэржавхлангийн тоглолтыг зохион байгуулахаар эх орондоо ирсэн билээ. Ээнээ стиль имижээ өөрчлөөгүй, үзэл бодол нь ч хуучнаараа. “Гавьяагүй гавьяат” гэж гоочлуулсандаа одоо хэр нь гомдож явдаг бололтой, нийтийн дуучдын нэгдсэн тоглолтыг сонсоод тунирхлын үгс чулуудаад амжина лээ. “Тэнд жинхэнэ гавьяатууд нь уригдсан юм биз дээ” хэмээн гоморхсон дуучин маань шинэ дуугаараа үзэгчдээ  уярааж, бас фэн эмээтэйгээ уулзаад буцсан гэж дуулдсан шүү.   Дуурийн театрын чадварлаг дуучдын нэг Ө.Уянга сүүлийн үед улам жавхаалаг, харц булаам болоод байгаагийн нууц нь түүний гоёл гэх. Тоглолтынхоо хувцсыг оёулах далимд өөрийнхөө стиль имижийг анхаардаг дуучин бүсгүй ихэвчлэн бариу загварын даашинзаар гангардаг юм билээ. Чамин гоёлтой, богино хормой бүхий ноолууран даашинзаа өргөн бүсээр чимээд өндөр өсгийтөөр гангардаг түүнд олон төрлийн цуглуулга байдаг гэсэн. Нүдний шил, бүс, гоёл чимэглэл, өндөр өсгийт гээд л тоочвол нэлээд юм бий. Дуурийн дэгжин хатагтай маань өөрийнхөө нэгэн тоглолтод даашинз өмсөхөөс татгалзан, гоёмсог загварын дээл сольж өмсөн дээдсийн эхнэрүүдийг алмайруулсан гэдэг. Үүндээ урамшсан уу, яасан. Энд тэндхийн арга хэмжээ, ёслолын ажиллагаанд хүртэл иймэрхүү гоёлтой ирж, олны нүдийг хужирлан, сэтгүүлийн нүүрийг чимэх болжээ. Хөгжилтэй зан, хүүхдэрхүү инээдээр фэн залуусынхаа хайрыг татдаг дуучин бүсгүй энэ стилиэ ихэд таашаадаг бөгөөд ихэвчлэн “Торго” салоноор үйлчлүүлдэг гэсэн. Өдгөө ганц бие яваа тэрбээр хөөрхөн хүүгээ дүүтэй болгох гэж яарахгүй, хэсэгтээ л уран бүтээлдээ анхаарна гэж бодож явдаг тухайгаа ярьсан байдаг.   “Кино код” нэвтрүүлгээс шалгарч “Ганган Төгс” гэх түүхэн сэдэвтэй кинонд тоглохоор болсон УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг урт үсээр гангараад хэдэн жилийн нүүрийг үзлээ. “Бооцоо” жүжгийн “Дурлахгүйгээр үнсэлцье” дууны клипэнд тоглохдоо чамгүй урт ургуулсан үсээрээ гайхуулаад авсан царайлаг залуу өдгөө ч энэ стилиэ өөрчлөөгүй явна. “Татаар ажиллагаа”, “Бурхан өршөөг” зэрэг кинонд тоглохдоо үснийхээ засалтыг бага зэрэг хувиргаснаас бус тайрч, янзлуулах дургүй байсан гэдэг. Харин урлагийн залуусын адил сураар боож, сүлжихээс татгалзсан жүжигчин маань дагзныхаа үсийг хусуулан өвөрмөц стиль гаргажээ. Үлдсэн үсээ эвтэйхэн нь аргагүй боосон түүнийг хальт харвал “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай андуурмаар адилхан юм билээ. Амраагийн эцэг нэгтэй дүү нь мөн л урлагт хөл тавихдаа ийм стильтэй гарч ирж байгаа. Тэгвэл одоо гуравдагч “Амраа” буюу донжтой стилийн эзнээр жүжигчин Эби тодрох нь. Ихэвчлэн хар өнгийн хилэн хүрэм, хоолойтой цамцаар гоёх дуртай түүнийг муугүй оёдолчин гэдгийг та сонссон уу. Оюутан байхдаа жийнсэн өмд оёж, хэрэндээ л загвар зохион бүтээгч болж явсан Эби олон залуусыг гоёсноороо одоо хүртэл бахархдаг гэсэн. Харин одоо хаа дуртай газраасаа хүссэн гоёлоо сонгох боломжтой болсон учраас тэгж оёдол зүүсгэл хийж сууна гэж юу байхав дээ.   “Амрагхан чамдаа” нэртэй бие даасан тоглолтоороо “Би байгаа шүү” гэдгээ зарласан дуучин Э.Оюумаа өөрийгөө нэлээд сурталчилсан. “Стилиэ өөрчилж, өөр өнгө төрх харуулна” гэж ирээд л баруун солгойгүй ярьсан түүнийг фэнүүд нь хараад “Тоглолт нь яг хуучныхаараа, өөрөө ч гэсэн өөрчлөгдөж шальсан зүйл алга” гэж шивэр авир хийлцсэн нь нууц биш. Яахав, тоглолтын тайзан дээр урьд нь гоёлын даашинз өмсч, үсээ барби хүүхэлдэй шиг янзлуулдаг байснаа бодвол арай өөр л дөө. Гуч гарч яваа намбалаг бүсгүй маань дэгжин даашинзаар гоёод үс засалтаа нэлээд өөрчилсөн нь зохисон гэж ванлий. Гэхдээ түүний ярьсан шиг анхаарал татахаар олон зүйл өөрчлөгдөөгүй байна лээ. Шингэн хоолойтой, шавилхан бүсгүй хамтрагчаа үдсэнээс хойш Япон руу сурахаар явсан гэдэг. Мөн уртын дууны DVD гаргаж, тоглолт хийхээ фэнүүддээ амласан бөгөөд хит болсон нийтийн дуунуудаасаа арай гайгүй гэснээ сонгож аваад хөгжмийн найруулгыг нь өөрчилжээ. Ч.Бат-Эрдэнэ нэгэнтээ түүний тухай “Би Э.Оюумааг өөд нь татсан. Сайн дуучин болгох гээд хамт дуулахаа больж байгаа” гэж ярьсан ч дуучин бүсгүйг үндэсний урлагаа гадаадад сурталчилж, олонд үнэлэгдсэн чадварлаг уран бүтээлч гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг шүү. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
хонгорзул эрдэнэбилэг жавхлан ариунаа хийсэн юмтай хүмүүсээ бусад нь зүгээр сонирхогчид хуулбарлан дуурайгчид
2012-11-18
doolio:
ENE ARIUNAA CHINI YU BOLCHIHOO VE ARAI HAMRAA HYATADAD HIILGESEN YUM BISH BIZ DEE.BUUR NEG HARAH TSARAINAASAA O NEG EREENII LUUHAANII AVGAI BOLCHIHJEE.HAIRAN HUURHUN ARIUNAA.HALAGLAMAAR YUM
2012-08-31
Зочин:
Эдэн дотор од алга! Майкл Жексон шиг л хvнийг од гэдэг юм.Дvйх эдэн дотор байна уу???
2012-08-31
модон од
2012-08-31
name:
Od mod gej surhii nerlehee bolimoor yum. Zugeer neg duuldag, jujigledeg urlagiin nuhduud l bna shdee.
2012-08-31