Стильдээ үнэнч одод /цуврал-5/
2012-09-05

“Амьдралаа би чамд хайртай” хэмээн дуулж, уран бүтээлээрээ олонд танигдсан гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр нэг хэсэг “Дэлтэй шувуу”-гаар дэвсэн гэхэд хилсдэхгүй. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай амьдралаа холбож, цэрэг эрсийн хайрын захидалд умбаж явсан дуучин бүсгүй өдгөө “Чөлөөт уран бүтээлч” гэх нэрийг өөртөө авсан билээ. Шавилхан биетэй царайлаг дуучин маань уран бүтээлийнхээ оргил үед өөрөөсөө 20 насаар дүү залуутай ханилж найман жил амьдарсан ч гэлээ, туурга тусгаарласандаа огтхон ч харамсдаггүй нэгэн. Учир нь, гурван хүүхдийнх нь эцгээс ч илүү хайр халамжийг мэдрүүлэн түүний амьдралыг утга учиртай болгосон учраас тэр гэх. Дуучин бүсгүй цэргийн дүрэмт хувцас, урт хормойтой гоёлын даашинзнаас өөрийг сольж өмсөх дургүй байсан ч сүүлийн жилүүдэд үндэсний загвартай чамин дээлээр гангарч эхэлсэн. Харин өнгөрсөн хугацаанд огт өөрчлөөгүй түүний стиль бол үс засалт юм. Хэдийгээр үсчин, фото зурагчны чиглэлээр суралцаж төгссөн ч гэлээ, тэрбээр дууны урлагтай салшгүй холбогдсон учраас энэ сонголтондоо үнэнч үлдсэн гэдэг. “Намхан нуруутай болохоор үсээ урт ургуулья гэж ер бодож байгаагүй. Тэгээд ч энэ засалт миний нүүр царайд их зохисон, бас залуухан харагддаг” гэж нууцаа задалсан гавьяат Э.Бүрнээбаяр гэрийн нөхцөлд шаггүй сайн үсчин, гоо сайханч болчихдог гэсэн шүү.

Америкт амьдарч, амьдрал зохиож явахдаа гудамжны харуудаас үлгэр дуурайлал авсан гэх Б.Батцэнгэл эх орондоо ирээд өөрийгөө “Ноён Quiza” хэмээн өргөмжилсөн түүхтэй. Улстөрчдийн булхай, луйварт идэгдсэн албан тушаалтнуудыг шүүмжлэн зогсоо зайгүй үглэсэн тэрбээр “Таавар мэт”, “Хийморийн сан” гэх этгээд нэртэй цомог гаргаж байлаа. Мөн нийслэл хотынхоо өнгө үзэмжид анхаарч байгаа нь энэ гээд неон гэрэлтэй бугуйвч зүүгээд л баахан хайр зарлаж гүйсэн дэг. Сүүлдээ бүр “Луйврын хот” киноны продюссерээр ажиллахаар ханцуй шамлан зүтгэсэн ч мөнөөх үзэн ядаад байсан улстөрчиддөө хулхидуулаад таг болсон. Энэ хооронд хоёр хөөрхөн охинтой болоод амжсан дуучин залуу сүүлийн үед шинэ залуу хамтлаг дуучдыг ивээн тэтгэж, заримтай нь бүр хамтарч дуулдаг ажилтай явж байлаа. За, тэр ч яахав. Хип хопчин эрийн уран бүтээл, үзэл бодлыг нь тунхагласан ганц зүйл нь нүдний шил. Саравчтай малгай, нүдний шилний цуглуулгаараа рок попын оддыг ч алмайруулдаг мань эр энэ сонирхлоосоо ер уйддаггүй гэнэ лээ. Харин улс төрд хүчээ сорьж, АН-ын залуучуудын байгууллагыг толгойлж эхэлснээр малгайтай хүрмээ ажил хэрэгч хослолоор сольж дөнгөсөн ч “хайрт” шилнээсээ хагацаж зүрхлээгүй юм гэх. Хамгийн сонирхолтой нь, ноён Quiza одоо улстөрч болчихвол өөртөө ямар нэр хайрлах бол...

Кино, жүжгийн дуунаас гадна гаргасан цомог, хийсэн тоглолтынхоо цар хүрээгээр нэлээд дээгүүрт “давхидаг” гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг тун ч хээнцэр эмэгтэй. “Намайг нэг хүн гацуур мод шиг гялалзаж гялтганасан хувцас өмсөөд ямар намбагүй юм бэ гэж шүүмжилж байна лээ. Би ер үүнийг тоогоогүй. Яагаад хэн нэгэнд таалагдаж амьдрах ёстой гэж. Хүссэн гоёлоо би хэнээр ч заалгахгүй хэрэглэнэ” гэж томорсон дуучин бүсгүй бодсон санасанаа шуудхан хэлчихдэг шударга зантай юм билээ. Тиймдээ ч, өөрийн нэрийн дэлгүүрийг нээж аваад гадаадаас өндөр үнэтэй чамин хувцас, гутал оруулж ирдэг давхар ажилтай болсон гэдэг. “Загвар нь таалагдсан ч нүд унамаар гоё чимэглэл байхгүй бол онцгүй шүү дээ. Ийм тохиолдолд өөрийнхөө оёдолчинд өгөөд л чимэг зүүлт нэмчихнэ” гэсэн тэрбээр гоёлын зүүлт, үнэртэй усны цуглуулга багатай аж. Учир нь, тоглолт болон арга хэмжээнд ихэвчлэн хямд үнэтэй гялгар гоёл хэрэглэдэг, мөн хүүхдээ төрүүлээд хурц үнэртэй ус хэрэглэхээс зайлсхийх болсон юм байна. Дуучин бүсгүй даашинз, цүнх, гуталныхаа өнгө, загварыг заавал ижилсүүлэх ёстой гэж үздэг. Бас болоогүй ээ, элдэв дүрс бүхий шигтгээ, гоёмсог унжуурга, тоноглолгүйгээр төсөөлнө гэвэл хэцүү.

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэгийн элч дуучин” цол хүртсэн О.Анхбаяр хувийн амьдрал зохиосноос хойш олны нүдэнд харагдах нь ховордсон. “Киви” хамтлагийн амжилтаас зулгааж, монгол төрхтэй гишүүнийг нь ханиа болгоод зугтсан дуучин залуу нэг хэсэг хэвлэлийн баатар болоод амжсан түүхтэй. Царайлаг, авьяалаг эхнэртэйгээ хамт дуулан тоглолт хийж, бүр зургаан цомог гаргасан тэрбээр “Berz” продакшны захирлаар ажилладаг юм билээ. Хувийн компани байгуулан, намын харьяалалтай болсон амбицтай залуу маань ямар ч үед ажил хэрэгч загвартай хослолоор гангарна. Тоглолтод өмсдөг ганц гоёл нь төмөр тоноглолоор чимсэн цагаан өнгөтэй савхин хослол. “Хэт их будаг шунх хэрэглэсэн, үсээ пүрш шиг болтол нь мушгируулж, хими хийлгэсэн эмэгтэйчүүдэд дургүй” гэж ярьсан тэрбээр эхнэрийнхээ энгийн хэрнээ ихэмсэг занд нь татагдсан гэдэг. Харин  ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн компанийг сурталчилсны хүчинд эхнэртэйгээ хосолсон гоёлын цуглуулгатай болсон сэргэлэн эр. Ажлаас бусад үед дуучин залуу савхин хүрэм, өмдөөр гангардаг бөгөөд зуны цагт нэг их “нүцгэлээд” байдаггүй ичимхий зантай гэсэн.

“Дэлхийн топ модель” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Б.Гантогоог залуус “Жинхэнэ монгол төрхтэй, галбир сайтай бүсгүй” гэлцдэг нь ч оргүй зүйл биш. Миссийн тэмцээнд оролцохдоо “Давхраа хийлгэж, хөхөө томруулсан” гэх хэл аманд өртсөн ч олон улсын тавцанд хүртлээ зүтгэж чадсан тэрбээр урт үсэндээ туйлын хайртай гэх. Багагүй хугацаанд ургуулж буй өтгөн хар үсээ ихэд арчилж, чамлахааргүй мөнгө зарцуулдаг тухайгаа ч мисс бүсгүй сонирхуулж амжсан. Зураг авалтаас бусад үед урт үсээ барагтай л бол задгай тавихгүй, шууж орхиод гунхаж явдаг Б.Гантогоо дэлхийн миссүүдэд хүртэл таалагдсан гэлцдэг. Ямартаа л, 2009 онд Монголд ирсэн дэлхийн топ моделиуд түүний талаархи сэтгэгдлээ хуваалцаж “Монгол бүсгүйчүүдийг ийм сайхан гэж бодож байгаагүй. Усны хувцасны үзүүлбэрт түүн шиг бие галбир нь гайхалтай хөгжсөн, дур булаам эмэгтэй харагдсангүй. Бас ийм сайхан урт үстэй болохоор үндэсний хувцас нь хүртэл тун ч их зохидог юм байна лээ” гэж ярьсан удаатай. Мисс бүсгүйн хувьд, нэг удаа үсээ тайруулах гэж байгаад ээждээ зэмлүүлснээс хойш энэ тухай бодохоо больсон гэдэг юм билээ. Одоо тэрбээр хоёр дахь амьдралаа зохиож, хөөрхөн хүүхдийн ээж болоод нам гүм амьдарч буй.

Р.Есүй  
Shuud.mn
Сонин хачин