Ослоос сэргийлж ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ
2012-09-11

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай Засаг даргын гаргасан захирамжийн дагуу  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид хувийн автомашинаараа ажилдаа ирж, очихгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр буюу явганаар зорчиж байхыг уриалсан уриалгыг зарим дүүрэг, агентлаг, харъяа газрууд хэрэгжүүлж эхэлсэн байна. Нийтийн тээврээр зорчигчид нэмэгдэж байгаатай холбогдуулан автобус, троллейбусны паркийг шинэчлэх, нэмэгдүүлэх шаардлагатай  болж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн ба “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх эхлэл тавигджээ. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг автозамын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өсчээ. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг автозамын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах хязгаарыг 25 дугаар эмийн сангаас цааш Саппоро хүртэл сунгах, түүнд ажиллах хяналтын ажилтны тоог нэмэгдүүлэх, троллейбусны зам солих уулзваруудын шугамыг шинэчлэн түгжрэл саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Боловсролын газар авто замд ойрхон болон гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын судалгааг гаргасан, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар дүүргүүдийн Боловсролын хэлтэст албан бичиг хүргүүлсэн байна. Мөн  нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхойлогдсон 18 сургуулиас өөрийн автобустай есөн сургууль дээр нэмэлтээр долоон сургуулийн автобусны марк, улсын дугаарыг Замын цагдаагийн газарт хүргүүлжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин