“Монгол номын өв соёл” эрдэм шинжилгээний хурлын нээлт боллоо
2012-09-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хүлээн авах хүндэтгэлийн ёслолд зориулсан “Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ. Боловсрол, Шинжлэх ухааны яам, Шинжлэх Ухааны Академиас хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Э.Зоригт нар болон эрдэмтэн мэргэдийн төлөөлөл, оюутан залуус, иргэд өргөнөөр оролцлоо. Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаартай “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг БШУЯ, ШУА-нд гардуулан өгч үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ “Монголчууд бол наад зах нь 1000 гаруй жилийн бичиг үсгийн соёлтой ард түмэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Бид өнгөрсөн жил төрт улсынхаа үүсгэн байгуулагдсаны түүхэн их ойг өндөр ёс хүндэтгэлтэй тэмдэглэсэн. Ерөнхийлөгчийн номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлиг ч мөн Их Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан гарч байгаа. Бид өнгөрсөн зуунд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. Харин ирж буй шинэ зуунд улам бүр хөгжин цэцэглэхийн төлөө тэмүүлнэ. Мэдээж ийнхүү хөгжин цэцэглэхийн шавхагдашгүй ундарга бол ард түмний маань ном эрдмийн хүчээс эхтэй. Монголчууд нэг хүнд оногдох эрдэмтнийхээ тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг байж болох. Харин эрдэмтэн мэргэд бүр өөр өөрийн шавийг олон болгож “Шавийн эрдэм багшаас” хэмээх сургаалийн дагуу чанартай сайн боловсролын үрийг тарих ёстой болов уу” хэмээгээд Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан оюутны тэтгэлгийн хуулийн талаар товч танилцуулж “Сайн цаг ирж байна” хэмээн үгээ өндөрлөв. Дараа нь БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Номын баярыг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасныг номд шимтэгч, алтан үсгээр бичин, торгонд баринтаглаж номыг дээдэлдэг үндэсний өв уламжлалтай Монгол зон олон талархан хүлээн авлаа. Номын баяр бол бид бүхний баяр. Ном зохиогч, ном уншигч, ном хэвлэгч, ном түгээгч, ном худалдагч, ном цуглуулагч, ер нь ном эрдмийг эрхэмлэдэг хэн бүхний баяр. Үеэс үед, үрээс үрд цэцэн мэргэн ухаан, өргөн их мэдлэг, хүн төрөлхтөний үнэнийг танин мэдэх их эрэл хайгуулын хөтлөгч, хадгалагч, дамжуулагч нь ном хэмээх эрхэм нандин соёл билээ” хэмээн онцлов. Түүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Энэ зарлиг бол бидний эрдэм судлалын ажил, түүний бодит үр дүн болсон бүтээл туурвилыг маань төрөөс дэмжиж байгаагийн илэрхийлэл юм. Ном бол хүүхэд багачуудыг ах эгчтэй нь, багш сурган хүмүүжүүлэгчдийг сурагч, шавь нартай нь эрдэм ухааны нарийн жимээр холбож өгдөг ундарга нь, ширгэшгүй булаг лугаа хорвоод хосгүй мэдлэг, болосвролын их сан хөмрөг юм” хэмээв. Ийнхүү “Монгол номын өв соёл” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрийн дагуу эрдэм шинжилгээний бага хуралд доктор Э.Пүрэвжав “Монголын нууц товчоон” сэдвээр, Профессор Ш.Чоймаа “Монголчуудын номын өв соёл” сэдвээр, илтгэгч Р.Отгонбаяр “Монгол ном судар бүтээдэг эд өлөг, арга хэлбэрийн тухайд” сэдвээр, илтгэгч Б.Батбаяр “Дэлхийн жишигт нийцсэн эдүгээгийн номын үйлдвэрлэл” сэдвээр, Илтгэгч Г.Буяндэлгэр “Монгол Ганжуур, Данжуурын уламжлал, түүнийг дэлгэрүүлэх нь” сэдвээр, Академич Л.Болд “Монголчуудын чулуун номын тухай” сэдвээр, Академич Т.Галбаатар, доктор Б.Нэргүй нар “Монгол ном судрын өвийг хамгаалах асуудалд” сэдвээр, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав “Үндэсний номын сангийн сан хөмрөгийн гайхамшиг”сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр ховор номын үзэсгэлэн гарах аж хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин