Хүний амьдрал дундаас хүүхдийн дууг аваад хаячихвал ямар уйтгартай байх бол?
2012-09-17

Нэг хэсэг Өвөрмонголын “Одон“ телевизээр өдөр болгон шахуу гарч, “Солонго“ нэвтрүүлгийг эвлэгхэн хөтөлдөг байсан энэ бүсгүйг Цагаанчулууны Буяннэмэх гэдэг. “Цэнгэл” продакшны захирал, ая зохиогч, сэтгүүлч түүнийг энэ удаагийнхаа дугаарын зочноор урилаа. 1990-ээд оноос ая зохиож эхэлсэн сэтгүүлч Ц.Буяннэмэх тун саяхан буюу 9-р сарын нэгний өдөр хүүхдийн дууны хоёр шинэ цомгоо өлгийдөн авч хүүхэд багачууддаа өргөн бариад байна. Шинэхэн хувцас, дэвтэр номоо базаан, эрдэм мэдлэгийн уурхай болсон сургуульдаа яаран ирэх хүүхэд багачууддаа зориулан өөрийн хүүхдийн дууны “Хүн цэцэгсийн эгшиглэн” бие даасан цомог, мөн үе үеийн хөгжмийн зохиолчдын хүүхдийн дууны түүвэр болох “Хүүхэд насны дуулал” гэсэн хоёр цомгийн нээлтээ Hi FI megastore-т хийн сонсогч хүүхдүүдийнхээ сонорыг мялаалаа. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя. -Юуны өмнө уран бүтээлийн их олз омогтой яваа танд баяр хүргэе. Яагаад хоёрын хоёр цомог зэрэг гаргах болов гэдгээс яриагаа эхлэх үү? -За баярлалаа. “Хүн цэцэгсийн эгшиглэн”, “Хүүхэд насны дуулал” нэртэй хоёр шинэ хүүхдийн дууны цомог гаргаж цомог борлуулалтаараа Монголдоо нэгд ордог Hi FI megastore-т эрдмийн баярын өдөр нээлтээ хийн өдөрлөг зохион байгууллаа. Ер нь бол би сэтгүүлч хүн. Гэсэн ч өөрийн зохиосон дуугаа түүвэрлэн хүүхдийн зохиолч С.Надмид, Б.Нацагдорж, Ш.Энхбаяр, Ш. Бадарч, Т.Галсан нарын олон яруу найрагчдын шүлгээр бүтсэн “Хүн цэцэгсийн эгшиглэн” хүүхдийн дууны цомог гаргах ажилдаа орсон. Гэтэл Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн хорооноос хүүхдийн бүтээлийн уралдаан зарлагдаж, түүний хүүхдийн дууны цомгийн төрөлд хүчээ үзэхээр шийдэн үе үеийн хөгжмийн зохиолчдын хүүхдийн дууны цомог гаргах ажилд орон хугацаанд нь амжуулж өгөхөөр шамдсан. Цэцэрлэг болон бага дунд ангийнханд зориулсан “Хүүхэд насны дуулал“ цомог маань шалгарсанд их баярласан. Ингээд хүүхдийн 20 дуунаас бүтсэн, хүүхэд насны сэдвээр түүвэрлэсэн “Хүүхэд насны дуулал” цомгоо худалдаанд гаргалаа. Үе үеийн хөгжмийн зохиолчдын далай шиг их бүтээлээс өчүүхэн төдий цөөхөн дууг дээжлэн цомогтоо багтаалаа. Яагаад гэвэл монголын хүүхдүүдийн хэлд оронгуутаа дуулдаг 50 жилийн түүхтэй “Маамуу нааш ир” дуунаас эхлэн Ш.Сүрэнжавын үг С.Мааяагийн хөгжим “Миний ном”, хүүхдийн дууны хаан гэмээр Л.Галмандах багшийн “Бага насаа хайрлаж явна”, Байгалийн сайхныг хүүхдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлмээр Д.Содномдоржийн үг Ц.Сүхбаатарын ая “Зун цаг”, З.Хангалын “Зургийн хичээл” дуунууд, 20-р зууны шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч агуу яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга” шүлгийг авъяаслаг хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбаатар аялгуу шингээн амилуулсан зэрэг түүх домог болсон хүүхдийн дуунуудаас гадна тус цомогт хошин шог өнгө аястай дуунууд ч орсон. Цомогнуудаа би хүүхэд багачуудынхаа сэтгэлд нийцсэн сайхан бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Эцэг эхчүүд, багш нарт зориу-лан 2 цомогт орсон нийт дуунуудын нот үгийг ном болгон хавсаргасан учир хүүхдүүддээ зааж өгөхөд ч дөхөмтэй учир хүүхдүүддээ худалдан авч өгөөрэй гэж хэлэх байна. Уг цомгийн дуунуудыг МХО-ы авъяаслаг хүүхдүүд дуулсан нь ч бас хүүхдүүд, сонсогчдод маань таалагдах байх аа. -Өдөрлөг сайхан болов уу? -Үнэхээр өмнө нь хийж байсан цомгийн өдөрлөгүүдээс сайхан боллоо гэж хүмүүс ярьсан. Хүүхдийн бүтээл болохоор тэр байх л даа. Би өөрөө ч бас яаж л зохион байгуулъя гэж бодсоноороо хийсэн учир их сэтгэл хангалуун байгаа. Үнэхээр хүүхдэд зориулсан юм гэдэг тэнгэрлэг байдаг юм билээ. Нээлт дээр цомогт орсон дуунуудыг хүүхдийн ордны авъяаслаг хүүхдүүд маань дуулж, ирсэн зочдыг хөгжөөсөн. Мөн АУЗ Т.Галсан гуай ирээд хэлсэн үгэндээ: “Өнөөдөр энд их сайхан үйл явдал болж байна, Энэхүү орчлонгоос олон төрлийн шувуудын жиргээг, хүний амьдрал дундаас хүүхдийн дууг аваад хаячихвал ямар уйтгартай байх байсан бол? Нэгэн үе хөдөө орон нутгаас уран бүтээлчдэд хүүхдийн дуу захиалж байсан. Ямар их эрэлт хэрэгцээтэй байсан юм? Ингээд бодохоор энэ цомгийн нээлтэд шинэ Соёлын сайд ч ирэх ёстой ч байсан юм болов уу хэмээн олон зүйлийг бодлоо” гэсэн. Ингээд хүүхдийн дууны цомгийн нээлт дээр 50 жилийн түүхтэй “Маамуу нааш ир” дууг 3 дахь сүлд дуу хэмээгээд Галсан гуай өөрөө гоцлон бүх хүмүүсээр дуулуулсан нь цомгийн өдөрлөгийг сонирхолтой болгосон. Тэгээд төгсгөлд нь олон сайхан аялгуу зохиохыг ерөөгөөд өөрийн “Жирмэн сүлжээ” номоо надад бэлэглэсэн. -Хоёрын хоёр шинэ цомог зэрэг гаргахад хамгийн ойрын хамтрагч хэн байв, бас их цаг хугацаа орсон биз? -Тэгэлгүй яахав, Ерөөсөө цомог гаргана гэдэг тийм ч амар зүйл биш юм байна. Ганцхан дуу л гэхэд олон шат дамжлагын дараа эцсийн бүтээгдэхүүн болж гарна. Сүүлийн нэг жилийн турш сэтгүүлч хэмээх үндсэн мэргэжлийн ажлынхаа хажуугаар амжуулсан томоохон уран бүтээл маань энэ байлаа. Н.Тэмүүлэн гэгч чадварлаг залуу 2 цомгийн хөгжмийн найруулгыг хийсэн. Нийтдээ 40-өөд дуун дээр ажилласан. Цомгуудын хоолой бичлэгийг “Оргил” цаг студид хийлгэсэн маань бас учиртай. Дууны найруулагч Оргилын хүүхдийн дууны хоолой бичлэгийг хийхдээ илүү мэргэшсэн, мэдрэмжтэй байдал нь ихэд таалагдсан. МХО-ы дуулаачийн багш СТА, хөгжмийн зохиолч С.Ганчимэг энэ бүх дууны найруулга хоолой тавилтыг хийн авъяаслаг хүүхдүүдээрээ дуулууллаа . Ер нь л гар нийлсэн уран бүтээлчид хамтран ажилласан. Гэхдээ миний хамгийн ойрын хамтрагч бол С.Ганчимэг багш байсан. Бид хоёр энэ цомгийг чанартай сайн бүтээл болгохын төлөө илүү цаг, зардал гарган мэрийж ажилласан. Яагаад гэвэл хүүхдүүдийг үл тоож болохгүй. Тэр тусмаа өдөр тутамд олон талын мэдээлэл авдаг, энэ техник мэдээллийн эрин зуунд төрж, өсөж байгаа индиго хүүхдүүдийн сэтгэлд нийцсэн сонсголонтой сайхан бичлэг найруулгатай, орчин үеийн шаардлага хангасан хүүхдийн дууны цомгийг бүтээнэ гэдэг олон хүний хүч хөдөлмөр шингэсэн гэгээлэг сайхан ажил байлаа. -Аливаа уран бүтээл төрнө гэдэг бай-галь дэлхий, өөр орчин, шинэ мэдрэмж онгодоор хөглөгддөг юм шиг санагддаг. Ингэхэд та аль нутгийн уугуул вэ? -Би бол Хөвсгөлийн цэнхэр уулсын дунд, Сэлэнгэ мөрний хөвөөнөө үзэсгэлэнтэй сайхан газар төрсөндөө үргэлж бахархаж явдаг хүн. Хөвсгөл нутагтаа нэг ч зуныг алгасалгүй очих дуртай. Хүн өөрөө байгалийн амьтан учраас зуны сайхан цагт аль болох байгальтайгаа харилцан эрч хүч энерги авч байх нь чухал гэж боддог. Өөрийн нутгаас гадна зуны дэлгэр сайхан цагт бас өөр өөр аймгуудаар ч гэсэн ажил аяллын шугамаар явах их дуртай. Энэ бүхэнд уран бүтээлийн шинэ шинэ санаа төрдөг. Олон аймгаар явах тусам эх орноо илүү их мэдэрч хайрлах, харамлах сэтгэл төрдөг. Бичиж чаддаггүй хүн ч бичье гэмээр, аялж чадахгүй хүн ч дуулъя гэмээр... Миний эх орон бол онгод хөглөх нутаг шүү дээ. Хөвсгөл нутагтаа ажиллаж амьдарч байх тэр л үест анхныхаа дуунуудыг хийсэн. -Сэтгүүлч мэргэжлээрээ хаана ажиллаж байв, одоо яг юу хийж байна? -2000 онд радио телевизийн сэтгүүлч гэдэг энэ нэр хүндтэй сайхан мэргэжлийг эзэмшсэн. Оюутан байхаасаа л МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтлөн үзэгчиддээ хүргэдэг байсан. Сургууль төгсөөд IQ ТВ конкурс гэдэг нэвтрүүлэг санаачлан хөтлөгч редактороор нь ажиллан оюун ухааныхаа чадавхиар түрүүлсэн хүүхдийг МУИС-д шалгалтгүйгээр элсэх эрхээр хүртэл шагнаж байсан. Дараа нь ММ агентлагт, “Сансар” телевизэд редактороор, “Сансар” телевизээс Өвөрмонголын “Одон” телевизэд ажиллан Хөх хотод суух тусгай сурвалжлагчаар томилогдон ажиллаж байсан зэрэг маань мэргэжлийн минь ач буян юм. Дараа нь Мон-голдоо ирэн “Сансар”, ТВ-9 телевизүүдэд ажил-лаж байгаад хувийн хэвшлийн салбарт хүчээ үзэхээр өөрийн бие даасан уран бүтээлийн нэгдлийг байгуулан ажиллаж байна. Харин сүүлийн үед бол кино концерт, баримтат киноны уран бүтээл дээр ажиллаж байна. -Сэтгүүлчийн хөдөлмөр шингэсэн зохиол бүтээлээсээ танилцуулаач. -2006 онд “Бүсгүй тэнгэр” шүлгийн номоо худам монгол болон кирилл бичгээр хослон гаргасан. Энэ номын маань өмнөтгөлийг бичсэн Монгол улсын төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат “Бүсгүй тэнгэр”-т өргөх цацал” гэсэн үгэндээ: “… дэвтрийн хуудаснаа нууж бичээд дэрэн доогуураа хийж аргаддаг балчирхан шүлгүүд нь жигүүрлэн нисэхийг хүсвээ” гэж бичсэн байдаг нь яг онож хэлсэн үг гэж боддог. Эхлээд бол би өөрийн шүлгийн номоо гаргана чинээ бодоогүй, сэтгүүлч мэргэжил эзэмшээ ч үгүй байсан үеийн ёстой л дэвтрийн хуудаснаа бичээд орхисон шүлгүүд байсан. Харин сүүлд нь сэтгүүлчийн ангийн оюутан байхдаа их бүтээлч оюутан байсан. Яагаад гэхээр “Хийл чи хэрвээ хүүхэн байсан бол”, “Үзэгч бид зодоглоогүй бөх өө” зэрэг шүлэг бичээд л Монголын радиогийн уран зохиолын студид өгчихнө, тэр нь нэг их гоё хөгжмийн чимэглэлтэй мэргэжлийн хүмүүсийн болон өөрийн маань уншсанаар радиогоор явчихдаг. “Хотол олноороо хөдөлж хогноосоо нэг салахсан”, “Нутгийн минь зун намайг дуудна”, “Сүүдэрт нь байгаа хүнийг хэн ч олж хардаггүй” гэх зэргээр нийтлэл ярилцлага хий-гээд сонинд аваачаад өгчихдөг, телевизийн хүүхдийн редакц дээр нэвтрүүлгээ хөтөлчихдөг байсан зэрэг маань сэтгүүлчийн мэргэжлээ гайгүй эзэмшихэд маань нөлөөлсөн болов уу. -Хүүхдийн дууны цомгоо гаргаж байхыг бодоход нийтийн дуунууд бол зөндөө байгаа байх даа. -1991 оноос ая зохиож эхэлсэн. 1994, 1996,1998, 2012 оны Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон явуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмуудад оролцож байсан. 1998 онд О. Дашбалбарын шүлэг “Хаан суудалтай Монгол” дуугаараа “Морин хуур”-д оролцон 100 гаруй дуунаас 25 –д шалгаран Цагаан сарын тоглолтонд орж байсан. Мөн “Алтан намар” хөгжмийн наадамд ч дуулагдаж байсан. Түүнээс хойш 2012 онд Т.Галсангийн шүлэг “Чингэсийн Монголын эв эеийн дуу”-гаараа оролцон оны шилдэг дуугаар шалгарсанд их урамтай байгаа. -Хойшид хийхээр төлөвлөсөн ажлынхаа заримаас дурьдвал... -Ер нь мэргэжлийн болоод дуу хөгжимтэй холбоотой хийхээр төлөвлөсөн олон ажлууд байгаа. Түүнээс бүтэхэд төвөгтэй ажлууд ч байгаа. Юуны түрүүнд хүүхдийн дууны “Хүн цэцэгсийн эгшиглэн” цомгийн араас нийтийн дууныхаа цомгийг гаргахаар шамдаж байна. Яагаад гэвэл олон жилийн өмнө хийгдсэн дуунууд маань хүртэл хүмүүст хүрч чадахгүй дарагдсаар байгаа учир цомог болгон гаргах нь юу юунаас илүү чухал санагдаж байгаа. Түүнтэй зэрэгцүүлэн бусад ажлаа амжуулахаар бясалгаж явна. Уран бүтээлээс гадна бас мэргэжлийн зэргээ ахиулахаар магистрт суралцаж байгаатай холбоотой их ажил ч бий. Санаж явахад бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг дээ. -За сонирхолтой ярилцлага өгсөнд баяр-лалаа. Танд ажлын амжилт хүсье. Ярилцсан Ч.Тодбилэг Эх сурвалж: "TВ 7" сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин