Т.Аюурсайхан: Нэг хүний ажлын цаана асар олон иргэдийн амьдрал, хувь заяа байдгийг мартаж болохгүй
2012-09-21

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. -Сүүлийн үед таны нэр сонин хэвлэлд үзэгдэх боллоо. Ялангуяа Чингэлтэй дүүргийн ИТХ өөрийг тань Засаг даргаар нэр дэвшүүлснээр таныг хэн бэ гэдгийг илүү сонирхож байх шиг байна. Эхлээд өөрийгөө танилцуулахгүй юү? -Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өглөөний мэнд хүргэе. Би сонин унших их дуртай. Сонин бол оюуны талх юм. Өглөө бүхэн шинэ талхны үнэр хүний оюун санааг өөрчилдөг гэдэгт итгэдэг. Би хотын хүн. Чингэлтэй дүүрэгт амьдарч, бусдын адил л их хотын жаргал зовлонг мэдэрч яваа иргэн. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Амьдралынхаа нэг хэсгийг сурч боловсроход зарцуулсан, одоо ч суралцаж буй. Турк, Япон, Солонгост суралцаж байгаад саяхан ХААИС-ын докторантурыг дүүргэсэн. Одоо эдийн засгийн ухаанаар эрдмийн зэргээ хамгаалахаар бэлтгэж байгаа. Нэг хэсэг хувийн хэвшилд ажиллаж байгаад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт ажилласан. 2008 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-д сонгогдсон. Одоо дүүргийнхээ ИТХ-ын тэргүүлэгч, асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байна. -Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах явсан хүн дүүргийн Засаг даргад өрсөлдөж байна. Энэ шийдвэр өөрийн тань гаргасан шийдвэр байсан уу, эсвэл намын нөхдийн даалгавар байв уу? -Хүмүүс намайг энэ хэн бэ, хэний хүн бэ, бүдүүлгээр хэлбэл хэний “утсан хүүхэлдэй” вэ гээд тааж ядаад байх шиг байна. Би бол хувь хүн, зүгээр л Төмөрбаатарын Аюурсайхан. Надад хэн нэгний эрх ашгийг хамгаалж, өмөлзөөд явах шаардлага байхгүй. Хотын иргэн хүний хувьд өөрийн олж авсан мэдлэг боловсролоо их хотын хөгжил цэцэглэлтэд зориулах юмсан гэж боддог. Өөрөөр хэлбэл би хэний ч хүн биш. -Та Н.Багабанди Ерөнхийлөгчтэй яаж танилцсан юм бэ? -Нэг өдөр Н.Багабанди дарга дээр өөрөө ороод өөрийгөө танилцуулсан. Тэгээд л ажилд орсон. Даргатай хамтарч ажиллаж байхдаа улс төр энэ тэр гэж яваагүй ээ. Өөрт ногдсон ажлаа эзний ёсоор хийхийг анхаарч, энэ хүний нэр төрийг сэвтээхгүй ажиллах нь миний ажил байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн удирдлага дор бүхэл бүтэн аппарат ажиллаж байв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед түүний нийгэм, эдийн засгийн харилцаа, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн харилцаа, протокол гэсэн үйл ажиллагааны тодорхой ажил үргэлжилсэн. Энэ ажлыг гардан гүйцэтгэсэн. Тиймээс энэ хугацаа бол миний хувьд туршлагатай болох, өөртөө ажлын хариуцлага, хөдөлмөрч, хичээнгүй чанарыг төлөвшүүлэх, олон төрлийн ур чадварыг эзэмших, гадаад хэлээ төрийн дээд хэмжээний харилцаанд хэрэглэгдэхүйц болтол сайжруулах зэргээр өөртөө хөрөнгө оруулалт хийсэн үнэлж баршгүй он жилүүд байлаа. -Тэгэхээр таны хэлний мэдлэг үүнээс үүдэлтэй гэсэн үг үү. Зарим хүн таныг таван хэлтэй гэхэд итгэхгүй байх шиг байна лээ? -Би уг нь өөрийгөө олон хэлтэй гэж яриад байх дургүй. Яахав сая Чингэлтэй дүүргийн ИТХ-ын үеэр хүмүүс ямар хүн Засаг дарга болох гээд байна, намтараа танилцуул гэсэн. Тийм учраас залууст үлгэр дуурайлал болог гэсэн сэтгэлээр ганц нэг удаа хэлсэн байх. Гэхдээ хүмүүс бас их сонин шүү дээ. Ингэж хэлэхээр бас онгирлоо гэх байх. Надад хаа очиж худлаа ярьж, сагсуурах зан байхгүй. Сагсуу хүмүүст үнэн голоосоо дургүй. 23 дугаар дунд сургуульд байхдаа орос хэл, Туркэд суралцаж байхдаа турк хэл сурсан. Англи, япон хэлийг дунд сургуульд байхдаа сурсан. Япон, Солонгост магистрантурт сурч байхдаа англи хэл дээр хичээлээ үзэж байсан учраас эрдмийн ажлаа ч англи хэл дээр хамгаалсан. Харин солонгос хэлний хувьд Солонгосын Сөүлийн их сургуулийн магистрантурт суралцаж байхдаа бие дааж сурсан. Солонгост суралцаж байсан оюутнууд мэднэ дээ, хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан. Би айл нүүлгэдэг ажил хийдэг байв. Солонгосууд гэртээ гаднын хүн оруулах дургүй байдаг учраас монгол гэдгээ мэдэгдэхгүйн тулд богино хугацаанд солонгос хэл сурах шаардлага гарсан. -Та олон сургууль төгссөн юм байна. Гадаадад суралцаж төгсөх сонирхолтой олон залуус бий. Монголын нөхцөлд залуусыг гадаадад суралцуулах боломж нөхцөл бараг байдаггүй шүү дээ? -Энэ асуултыг хүмүүс асуудаг л даа. Энгийнээр тайлбарлахыг хичээе. Хэрвээ тэтгэлгээр сурах хүсэлтэй бол хамгийн эхлээд сурлага сайтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, арван жилийн дүн, их сургуулийн дүн шууд нөлөөлдөг. Мэдээж үүний зэрэгцээ гадаад хэлний мэдлэг сайн байх ёстой. Миний хувьд “ Гадаадад хэрхэн суралцах вэ” гэсэн сэдэвтэй лекцийг хэд хэдэн удаа уншсан. Гадаад хэлний шалгалт, ярилцлага, сургууль сонгох, тэтгэлэг авах зэрэг бүхий л сэдвээр оюутнуудад үнэгүй зөвлөгөө өгдөг. Ер нь бол Монголд боломж бий гэж үздэг. -Таны талаар нэлээд асуучихлаа. Одоо таниас сүүлийн үеийн Чингэлтэй дүүрэгтэй холбоотой үйл явдлуудаас тодруулмаар байна. Яагаад Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан юм бэ. Уг нь танай намын хүн биз дээ? -Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулах санаачлагыг ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан юм. Манай намын хүн заавал албан тушаалтайгаа зууралдах ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ. Ажлаа хийж чадахгүй бол ямар намынх нь сонин биш. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хоёр сар үлдсэн байна уу, хоёр хоног үлдсэн байна уу хамаагүй, хариуцлага алдсан хүндээ төр өөрөө хариуцлагыг хүлээлгэдэг байж төрийн ажил сайжирна. Нэг хүний ажлын цаана асар олон иргэдийн амьдрал, хувь заяа байдгийг мартаж болохгүй. Дүүргийн Засаг даргын хувьд “ Тэнгис” кинотеатрын орчимд болон бусад газарт замбараагүй газар олголт дээр хяналт тавьж чадаагүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, хогны буруу менежмент болон бусад олон асуудал нь огцруулах шийдвэр гаргахад нөлөөлсөн. ИТХ-аас гарсан огцруулах тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах нь зүйтэй гэж шийдсэн. -Хуучин Засаг даргаа огцруулчихлаа. Таны хувьд ИТХ-аасаа хоёр удаа Засаг даргаар сонгогдлоо. Таны томилгооны асуудал юу болж байгаа вэ? -Дүүргийн ИТХ-ын есдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар намайг Засаг даргад дэвшүүлэх шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэрийг Засаг дарга Д.Ганболдыг огцруулах тухай өмнөх шийдвэртэй хамт дээд шатныхаа Засаг даргад өргөн барьсан юм билээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өмнөх Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдэж байж дараагийн хүнийг дэвшүүлэх асуудлыг шийдэх ёстой гэсэн үндэслэлээр ИТХ-ын шийдвэрийг буцаасан бололтой юм билээ. Миний хувьд дээд шатныхаа Засаг даргын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хуулийн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэрийг есдүгээр сарын 14-ний өдөр гаргасан учраас дүүргийн ИТХ дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр есдүгээр сарын 17-ны өдөр ээлжит бус чуулганаа хуралдуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга гадаадад явах гэж байсан учраас өмнө нь өргөн барихын тулд хурлаа цаг алдалгүй хийх учиртай байсан. Харамсалтай нь тэр өдөр Тэнгис кинотеатрын дэргэдэх барилгаас төмөр унаж хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Миний хувьд гудамжны нэг талд нь аймшигт осол гарч хүний алтан амь үрэгдээд байхад нөгөө талд нь суучихаад албан тушаалд томилогдъё гэсэн хүсэл сонирхол байгаагүй. Төлөөлөгчдийн ирц хүрч хуралдах боломж байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хурлаа хойшлуулах нь зөв гэж үзсэн. Тиймээс маргааш нь ИТХ-ын чуулган хуралдаж, намайг дүүргийн Засаг даргад дэвшүүлэх шийдвэр гарсан байгаа. -Сүүлийн үед хэвлэлүүд Чингэлтэй дүүрэгт Засаг даргын суудлын төлөөх “цусгүй дайн” эхэлсэн гэж бичиж байна. Энэ чимээгүй “ дайн”-ыг УИХ-ын гишүүн асан Д.Очирбат эхлүүлсэн гэж үзэх хүн ч олон байна. Та дээр хэлэхдээ хэн нэгний утсан хүүхэлдэй биш гэсэн боловч цаана нь намын нөхдүүдийн тань сонирхол яваад байгаа юм биш үү? -Дүүргийн Засаг даргыг огцруулсан явдал цэвэр хариуцлага тооцсон асуудал. Хариуцлагын асуудлыг бид хөндөж тавьсан нь үнэн боловч цаашдаа Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын хууль бус ажиллагааг хараад зүгээр суухгүй байх байсан. Намайг УИХ-ын гишүүн асан Д.Очирбатын хүн гэж хэвлэлд бичсэн байна лээ. Миний хувьд Д.Очирбатын болон хэн нэгэн хүний захиалгат хүн биш гэдгийг хатуу хэлмээр байна. ИТХ дахь манай намын бүлгийнхэн бүгд өөрийн гэсэн бодол, итгэл үнэмшилтэй хүмүүс байгаа. -Анкарагийн гудамжийг тохижуулахад таныг Турк улсаас тусламж гуйсан гэдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ? -Чингэлтэй дүүрэг Анкарагийн гудамжийг тохижуулахад Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ТИКА-аас санхүүгийн дэмжлэг хүссэн юм билээ. ТИКА-ийн зүгээс тухайн үед манай улсад хуваарилагдсан 400 мянган ам.долларын хөрөнгийг Анкарагийн гудамжинд зориулах тал дээр Турк улсад боловсрол эзэмшсэн, тус улсын албаны хүмүүстэй харилцаатай байдаг хүний хувьд анхаарч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга надаас хүссэн юм. Тухайн үед дээрх хөрөнгийг Сүхбаатар дүүрэг дэх Турк-Монголын найрамдлын цэцэрлэгийг тохижуулахад зарцуулахаар шийдвэрлэсэн байсан юм билээ. Харин манай дүүргийн Засаг даргыг төлөөлж ТИКА-гийн суурин төлөөлөгчтэй уулзсан Засаг даргын тамгын газрын ажилтан энэ хариултыг сонсоод манай дүүрэгт Анкарагийн гудамж байх хэрэгтэй ч юм уу, Ататуркийн хөшөө байх хэрэгтэй ч юм уу гэж уурлаад гараад явсан юм билээ. -Дипломат ёс зөрчигдсөн гэсэн үг үү. Их хариуцлагагүй ажил болжээ? -Дипломат ёсонд жижигхэн мэт асуудлаас болж алдаа амархан гардаг боловч түүнийг засч залруулахад асар их хүчин чармайлт шаарддаг. Үүний дараа бид Туркийн элчин сайдтай хэд хэдэн удаа уулзалт хийсний үр дүнд Анкарагийн гудамжны тохижилтод хөрөнгө оруулах асуудал дээр санал нийлсэн. 2009 онд ИТХ-аасаа Анкарагийн гудамжны тохижилтод тусламж олж ирэх зорилгоор Турк улсыг зорьж, ТИКА-гийн эрх бүхий хүмүүстэй уулзалт дэмжлэг хүссэн. Тухайн үед ТИКА гадаад тусламжаа Африкийн орнууд руу чиглүүлэхээр шийдвэрлэсэн байсан учраас бид хөрөнгийг өөр эх үүсвэрээс хайх хэрэгтэй болсон. Ингээд эртний танил маань Туркийн Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн ахлах зөвлөхөөр томилогдсон байсан нь бидэнд маш том дэмжлэг болсон. 2009 оны зун Улаанбаатарын соёлын өдрүүдээр Анкара хотын орлогч дарга Али Гөкшин манай улсад ирж бид уулзаж гудамжны тохижилт дээр дэмжлэг хүссэн юм. Ингээд намар нь Анкара хотынхон бидэнд тусламж үзүүлэх боломжтойгоо мэдэгдэж биднийг албан ёсоор хандахыг хүссэн. Ингээд Анкарагийн гудамжны төслийг эхлүүлэхээр Туркийн талын холбогдох хүмүүс ирж төсвийн тооцоог хийсний үндсэн дээр тусламжийн мөнгийг 2.1 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн юм. -Таны хувьд улс төрийн нэг завин дээр суучихлаа. Өмнө нь хийсэн ажилтай гэдгээ ч хэлж байна. Өндөр боловсролтой залуучууд яагаад заавал улс төрийн ажлыг сонирхоод байдаг юм бэ? -Нэгэнт завин дээр суусан юм чинь голынхоо эрэг дээр гарах ёстой биз дээ. Эрэг хүртэл явах саад тотгор бэрхшээлийг тухайн хүн л өөрөө давж гарах ёстой гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэн миний өмнөөс шийдвэр гаргаад хүний толгойгоор амьдарна гэж байхгүй шүү дээ. Тиймээс улс төрд шинэлэг гэхээсээ илүү хүнлэг, шударга, эмх цэгцтэй байхыг л хүсч байна. В.Сарантуяа Эх сурвалж: “Үндэсний шуудан”
Shuud.mn
Сонин хачин
batuul ene zaluug halaad huuchin zasag darga ganboldiig dahin tomilson gesen, ganbold batuul 2 naimaa hiisenyy?
2012-12-26
Jinhene nudee olson tomilgoo yu ugui yu? Harin ch neg itgel unemshil torchihloo. Yag l iim humuus olnooroo garaad irvel bid hugjih yum baigaa yum shd.
2012-09-22
Аюураа чи сурлага, мэдлэг, няхуур нямбай, зарчимтай, даруу төлөв байдлаараа багаасаа л ялгарсан хүүхэд байсан юм. Одоо ч хэвээрээ юм шиг байна. Олон жил найзтайгаа уулзсангүй шүү. Амжилт хүсье. Мөнхжавхлан
2012-09-21
drfghjm:
Ashig saitai uildverlelyn tusuld 120 say tugrugny hurungu oruulalt haij baina. Utas: 99240190
2012-09-21