Түүхий нүүрсний хэрэглээг буурууллаа
2011-10-30

Нийслэлийн төр, захиргааны байгууллага, УБДС ХК-аас Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны орчим, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг давсгэр Амгалан, УС-15, Цагдаагийн академийн орчим, Чингэлтэй дүүргийн 9-р хороо Дэнжийн-1000 зэрэг газруудын халаалтын зуухнуудыг татан буулгаж төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбох зураг төслийг боловсруулж, барилга угсралтын зарим ажлыг эхлүүлээд байна.
Эхний ээлжинд “Цэвэр агаарын сан”-гийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 2-р хороо Цагаан давааны орчмын 40 гаруй бага оврын халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох барилга угсралтын ажил дуусч, байнгын ашиглалтад хүлээн авлаа. Уг ажлыг нээлтэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат болон ашиглагч УБДС ХК, ОСНААУГ, гүйцэтгэгч Набсан ХХК болон хэрэглэгч, оршин суугчдын төлөөлөл оролцлоо. Дээрх ажил хэрэгжиж төвлөрсөн дулаан хангамжийн систэмд холбосноор нийт халаалтын зуухнуудын хэрэглэж буй түүхий нүүрсний 3 орчим хувийг цаашид шатаахааргүй болж байгаагаас гадна тухайн орчны агаарын бохирдол багасч, хүн амын тав тухтай амьдрах орчин, нөхцөл эрс сайжирч байгаа юм. Мөн энэхүү шинээр ашиглалтанд орсон тоног төхөөрөмж нь 8 гКал/цаг-ийн хүчин чадалтай бөгөөд одоогоор хүчин чадлынхаа 30 орчим хувийг л ашиглахаар тооцоотой байна. Хүчин чадлыг нь  цаашид бүрэн ашиглахад тухайн хэсэгт ойролцоогоор 1000 орчим айлын орон сууцны халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлэх техникийн  боломж бүрдэж байна.
Shuud.mn
Сонин хачин