Иранд Google-ийг хоригложээ
2012-09-25

Лалын ертөнцөд бухимдал төрүүлээд буй “Innocence of Muslims” киноноос болж (ямартай ч тэгж хэлж буй) Ираны Засгийн газар Google-ийн и-мейл үйлчилгээ Gmail, хайлтын систем болон видеоны сайт YouTube нарыг Иранд ашиглахыг хоригложээ. Хоригийг Ираны Орлогч сайд ням гаригт үндэсний телевизээр зарласан бөгөөд иргэдийн гар утаснууд руу мөн мессеж явуулсан байна. “Үндэсний хэмжээнд Google-ийн эдгээр үйлчилгээг хаах бөгөөд хориг дараагийн мэдэгдэл хүртэл хүчинтэй үргэлжилнэ” хэмээжээ. Иргэд сайт руу орох аргуудыг ашигласаар байгаа боловч хайлтын систем бүрэн гүйцэд ажиллахгүй байгаа гэнэ. Хэдий шашны үндэслэгчийг нь гутаан доромжилсон киног маш их жигшиж байгаа ч ийм хориг гаргасанд гайхах иргэд олон байна. Зарим нь энэ нь Засгийн газар тохиромжтой үеийг ашиглан барууны үзэл суртал, мэдээллийг иргэдэд олгохгүй “харанхуй” байлгах гэж хичээж байна гэж үзжээ. Нөгөө талаас хоригийг дэмжих иргэд ч байгаа юм. Ямартай ч энэ нь Иранд Google-ийг цензурдаж байгаа анхны тохиолдол биш. Парламентын сонгуулийн өмнө хоёрдугаар сард сайтын үйлчилгээг хааж байжээ. Мөн хэвлэл мэдээллийн зарим сайтууд болох Guardian, BBC, CNN зэргийг блоклож, Facebook, Twitter гэх мэт өөр хэд хэдэн олон нийтийн сүлжээ үйлчилгээг цензурддэг байна. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин