“Mongolian beauty-2012” наадмын ялагч Б.Дулмаа: Ирэх жил “Miss Mongolia” тэмцээнд өрсөлдөнө
2012-09-26

“Mongolian beauty-2012” наадмын тэргүүн байрын эзэн, “Шилмэл загвар” компанийн гэрээт загвар өмсөгч Б.Дулмаатай ярилцлаа. “Радуга” дунд сургуулийн 11 а  ангид сурдаг тэрбээр ирэх сард “Miss tourism international-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох ажээ. -“Шилмэл загвар” компанид хэдийнээс эхэлж харьяалагдах болов. Загварын багш тань хэн бол? -Өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж байгаа. Н.Энхмаа багш маань “Шилмэл загвар” компанитай олон жил хамтарч ажилласан, олон шавьтай туршлагатай модель. -Урьд нь миссийн болоод загварын төрлийн тэмцээн уралдаанд оролцож байсан уу? -Үгүй ээ, нэг ч тэмцээнд орж байгаагүй. “Mongolian beauty-2012” наадам бол миний оролцсон анхны тэмцээн. Өнгөрсөн жилийн өмнө “Үнсгэлжин” наадамд оролцсон загвар зохион бүтээгчийн хувцсыг өмсч байлаа. Загварын ертөнцөд хөл тавих хүсэлтэй охид, хөвгүүдийн анхны гараа гэж хэлж болохуйц энэ тэмцээнд оролцоход их гоё санагдсан. Бас хэцүү зүйл нэлээд байдаг юм билээ. -Анхны тэмцээндээ тэргүүлж, олон шагналын эзэн боллоо. Тэр тусмаа, томоохон тэмцээнд эх орноо төлөөлж явна гэхээр бахархууштай хэрэг юм? -“Шилмэл загвар” компаниас долоо дахь жилдээ зохион байгуулсан энэ наадамд амжилттай оролцож, титмийн эзэн болсондоо баяртай байгаа. “Mongolian beauty-2012” наадамд хүчтэй өрсөлдөгч олон байсан. Авьяас чадвар, мэдлэг оюун, гоо үзэсгэлэнгээрээ шилэгдсэн охид сүүлийн шатанд тунасан учраас би ялахын төлөө их хичээсэн. Тэргүүн миссийн титмийг Малайз улсад болох “Miss tourism international-2012” тэмцээнд оролцох эрх дагалдаж ирсэн. Мөн загварын төрлийн сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулахаас гадна “Шилмэл загвар” компаниас маш олон төрлийн урамшуулал өгч байгаа. -Тодорхой хэмжээний мөнгөн шагнал дагалдсан байх. Тэр шагналаа юунд зарцуулсан бэ? -Тэмцээнээс авсан мөнгөн шагнал миний хувьд, нэг их чухал биш. Тодорхой хэмжээний мөнгөн шагнал дагалдаж ирсэн нь үнэн л дээ. Тэр мөнгөө олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлдээ зарцуулна. -Тэмцээний шалгаруулалтаас аль нь хүнд байв. Бас аль үзүүлбэрт бусдаас давуу оноо авсан гэж бодож байгаа вэ? -Маш олон төрлийн шалгаруулалт болсон л доо. Хамгийн сонирхолтой бөгөөд хүнд шалгуур нь авьяас чадварын үзүүлбэр. Оролцогчдыг баг болгон хуваарилсан тул маш богино хугацаанд бэлтгэх шаардлага гарсан. Авьяас чадварын үзүүлбэрт бэлтгэхэд хүндрэлтэй зүйл цөөнгүй тохиолдсон. Гэхдээ тэмцээний үеэр хамгийн сонирхолтой нь энэ байлаа. -Олон улсын тэмцээнд оролцогчид өөрсдийн хэмжээнд бэлтгэдэг. Тэгвэл таны хувьд бодож, төлөвлөсөн зүйл юу байгаа бол? -“Miss tourism international-2012” тэмцээнд эртнээс бэлтгэж байсан л даа. Мэдээж хэрэг, эх оронд минь бус харийн нутагт зохиогдох тэмцээн гэдэг утгаараа илүү бэлтгэл шаардана. Гэхдээ олон улсын хэмжээнд өрсөлдөх бэлтгэл маань гайгүй түвшинд хүрсэн гэж бодож байна. Тэмцээн маань ирэх аравдугаар сарын сүүлээр юмуу арваннэгдүгээр сарын эхээр болох юм билээ. Шалгаруулалт нь сарын турш үргэлжилдэг гэсэн. Бараг шинэ жилийн үеэр тэнд байж таарах нь. Тэмцээнээ дөхүүлж байгаад хичээлээсээ чөлөө авна даа. -Миссүүд хэлний мэдлэгээ сайжруулах тал дээр бага анхаардаг юм шиг санагддаг. Үүгээрээ ч өөрсдийгөө бүрэн гүйцэд илэрхийлж чаддаггүй гэх шүүмжлэл бий? - “Mongolian beauty-2012” наадамд оролцож байхад англи хэлний мэдлэгээ сайжруул гэж их шахдаг байсан. Оролцогчид маань тэмцээний үеэр англи хэлний шалгаруулалтад орсон шүү дээ. Тиймээс би хэлний мэдлэгээ сайжруулж байгаад тэмцээндээ итгэлтэй оролцоно. Мөн хажуугаар нь герман хэл судалж байгаа. Өнгөрсөн жил энэ чиглэлээр суралцаж байсан, энэ удаа ч мөн үргэлжлүүлнэ ээ. -Мисс, модель хоёрын талаар хүмүүс одоо хэр нь маргалддаг. Харин энэ тэмцээний хувьд дээрх хоёр ойлголтыг нэгтгэж өгсөн юм шиг ээ? -Ерөнхийдөө, бусадтай л адилхан боддог. Модель хүн зөвхөн гадна талаасаа гоё харагдах гэж гангалаад байдаг юм биш. Өөрийнхөө дотоод ертөнц, мэдлэг оюунд анхаарсан, хувь хүний эрдэм чадал сайтай байх ёстой болов уу. Миний хувьд, загварын тал дээр байнгын бэлтгэл сургуулилт хийж, мэдлэг туршлагаа ахиулахыг хүсдэг. Харин мисс хүний хувьд, аль ч талаараа сайн сайхны билэгдэл болж чаддаг байх. Энэ ч утгаараа, хүнд байх хамгийн сайн сайхан чанаруудыг өөртөө агуулж чадсан байвал тэр жинхэнэ мисс болов уу. -Загварын ертөнцөд өсвөр насны охид хүч түрэн орж ирлээ. Үнэхээр энэ нь охидын сонирхол мөн үү, аль эсвэл загварын ертөнцийн бас нэгэн өөрчлөлт үү? -Загварын ертөнц сүүлийн үед маш их залуужиж байна шүү дээ. Манайд 17 настай мөртлөө 1.77 см өндөр нуруутай модель хүртэл байдаг гэхээр хүмүүс нэлээд гайхдаг. Загварын агентлагуудаас шинэ, залуу модель олноор төрж байгаа. Нас нь залуужихын хэрээр моделиуд мэдлэг боловсрол сайтай, богино хугацаанд туршлага хуримтлуулах боломжтой гэж үздэг. Миссийн тэмцээнд ч гэсэн, ялгаагүй. Би байнгын дасгал сургуулилт хийж, хоолны дэглэм бага хэмжээгээр барьж, фитнессээр хичээллэдэг учир аль алинд нь гологдохгүй ээ. -Ам бүл хэдүүлээ вэ. Дулмаа гэдэг тань түвд нэр байх аа? -Би айлын ганц охин. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Аав маань зураач. Ээж хөгжимчин. Дулмаа нэрийг манай эмээ өгсөн гэдэг. Анх ээж, аав хоёр маань сонсоод их дургүйцэж байсан юм гэнэ лээ. Би ч гэсэн, жаахан байхдаа энэ нэрийг солих юмсан гэж боддог байсан. Харин сүүлдээ энэ нэр маань их ховор, утга учиртай юм гэдгийг мэдээд больсон. Найзууд маань ч миний нэрийг товчилж дуудах дургүй. Угаасаа их богинохон нэр юм чинь юуг нь товчлох билээ. Надад найз нөхдийн хүрээлэл маш их бий. Байр, сургуулийн найзууд, загварын моделиудаас гадна тэмцээний оролцогчидтой хүртэл сайхан найз болсон. -Тэмцээнд оролцох үед чинь бүгдээрээ дэмжсэн үү? -Тийм ээ, эцсийн шатны шалгаруулалтад гэр бүлийнхэн маань бүгд ирсэн. Хамаатан садан, найз нөхөд гээд л бүгд цугласан байна лээ. Дунд сургуулийн сурагч юмуу их, дээд сургуулийн оюутан хүний хувьд, тэмцээнд оролцогчдод санхүүгийн асуудал их тулгардаг юм билээ. Мэдээж хэрэг, тодорхой нэгэн ажил хийдэггүй учраас гэр бүлийнхнээсээ байнга туслалцаа авна. Энэ тэмцээнд оролцоход гэрийнхэн маань их тусалсан. Яг нарийн тооцож үзээгүй ч гэлээ, багцаагаар нэг сая төгрөгийн зардал гарсан байх аа. Байнгын бэлтгэл сургуулилтаас гадна гоо сайхан, гадаад төрхөө анхаарах гээд л зардал ихтэй. -Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмшихээр шийдсэн бэ? -Одоохондоо төлөвлөөгүй ч гэсэн, хэлний боловсролдоо илүү анхаарна гэж бодож байгаа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө орос, англи хэлийг эзэмшинэ. Цаашдаа гадаадын их сургуульд суралцах бодолтой байгаа. Гэхдээ өөр мэргэжилтэй боллоо гээд загвар өмсөхөө болихгүй. “Шилмэл загвар” компаниас модель охидыг реклам сурталчилгаа, кино, клипэнд байнга тоглуулдаг. Загвар өмсөхөөс гадна би зураг зурах дуртай. Чөлөөт цагаараа дуу сонсч, бүжиглэдэг. Тэмцээний шалгуурт ч энэ төрлийн авьяасаа тодорхой харуулсан. -Ихэвчлэн ямар зураг зурдаг юм бэ? -Сэтгэлдээ “ургасан” юм бүхнийг зурах дуртай. Эсвэл таалагдсан зүйлээ харж байгаад зурдаг. -Загварын чиглэлээр хэдий хүртэл ажиллах бодолтой байна вэ? -Гадаадад сурахын хажуугаар томоохон агентлагт загвар өмсөхийг мөрөөддөг. Цаашид эх орондоо ирж, шинэ залуу загвар өмсөгчдөө өндөр түвшинд бэлтгэн, гадаадын нэр хүндтэй агентлагт ажиллуулах юмсан гэж боддог доо. Одоогоор сурч мэдэх зүйл их байна. Дөнгөж дунд сургуулиа төгсөх гэж байгаа учраас хийж бүтээхээр төлөвлөсөн бүхнээ ирээдүйд заавал биелүүлнэ гэж боддог. Шоу тоглолтод загвар өмсөх, клипний зураг авалтад оролцох гээд оройтсон үед гэрийнхэн маань их санаа зовдог. Иймэрхүү арга хэмжээнд оролцсон үедээ охид маань нийлээд таксидаж харьдаг. Гэрийнхэндээ төвөг учруулахгүй, санааг нь зовоохгүй гэхдээ аль болох хичээдэг. Нүүр будалтын хувьд, загварын дамжаанд төрөл бүрээр нь зааж өгдөг. Тэмцээн уралдаан, шоу тоглолтод оролцохдоо бид өөрсдөө буддаг. Шоу тоглолтууд янз бүрийн газарт зохиогддог болохоор нүүр будагч биднийг байнга дагаж явна гэж байхгүй шүү дээ. -Цаашид оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юу? -Ирэх жил “Miss Mongolia” тэмцээнд оролцох хүсэл бий. Үеийн охид маань энэ тэмцээн оролцож, нэлээд амжилт гаргаж байна. Монголын загвар өмсөгчид сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд маш амжилттай оролцож байгаа. Алхааны техникийн хувьд, манай моделиудыг үнэхээр чадварлаг гэдэг юм билээ. Үндэсний хувцсаараа ч тэр, бусдаас эрс ялгардаг. Харин тэд хэдхэн тооны тэмцээнд оролцоод байгаа нь жаахан шүүмжлэлтэй санагддаг. Үүнээс илүү ур чадвар сорьсон, томоохон тэмцээнүүдэд оролцож байвал сонирхолтой шүү дээ. Түүнээс биш, оролцдог тэмцээн нь цөөн байвал хэцүү. -Таны биеийн харьцааг сонирхвол? -Тэмцээний үеэр үзүүлж байхад өндөр 1.74 см. Биеийн харьцаа 81-60-88 байсан. Ангийнхан дотроо нэлээд өндөрт ордог шүү, би. Миний хоч “Тогоруу” гээд бод доо. Ер нь загварын охид маань янз бүрийн хоч авчихсан байдаг юм билээ. Заримыг нь анааш гэж байхад нөгөө хэсгийг нь тэмээ гэж хочилж байх жишээтэй. -Үлгэр дуурайлал авахыг хүсдэг моделиудаа нэрлээч? -Загварын ертөнцөд анх орж байхдаа хэн ямар чадвартай, бусдаас юугаараа ялгардаг гэх мэт давуу чанаруудыг нь ер анзаардаггүй байж. Харин жаахан удаад ирэхээрээ энэ бүхний ялгааг олж мэддэг юм билээ. Тухайлбал, топ модель Э.Одгэрэл эгчийн нүүрний хувирал болон тайзны алхааны техник бидэнд маш их үлгэр дуурайлал болдог. Топ модель Э.Сэлэнгэ багш шиг поз авах, Г.Уранцэцэг эгч шиг бие галбиртай болохыг хичээдэг гэх үү дээ. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин