3,11-р сургуулийн барилгыг буулгана
2012-09-25

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын ээлжит хурал өнөөдөр болжээ. Тэргүүлэгчдийн хуралд нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн Хан-Уул дүүргийн Тамгын газрын дансанд бүртгэлтэй байдаг “найрамдал”-ын цагаан хаалга, мөн дүүргийн “Буянт-Ухаа” цагаан хаалгыг нийслэлийн өмчөөс хасах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /НӨХГ/-ын дарга Ш.Төмөрбаатар оруулж хэлэлцүүлсэн байна. Тэргүүлэгчдийн хурлаас “Буянт-Ухаа” цагаан хаалгыг хэвээр нь үлдээж, найрамдлын цагаан хаалгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах нь зөв гэж тэргүүлэгчдийн хурлын олонх нь үзжээ. Түүнчлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах В.И. Лениний хөшөөг нийслэлийн Өмчөөс хасуулах талаар тогтоолын төсөл оруулж хэлэлцүүлсэн. Энэхүү хөшөөний суурь бэхэлгээ муудсан аж. Тэргүүлэгчид энэ тогтоолын төслийг хэлэлцэхдээ, "Өмчөөс хасч болно. Гэхдээ цааш нь өөр газар байрлуулах боломжгүй. Иймд тухайн хөшөөг өөрийн мэдэлд байлгах нэр бүхий иргэд байж болох юм. Тэдэнд ийм боломж олгох үүднээс зөөж байрлуулах нөхцөлтэйгээр суурин дээр нь дуудлагаар худалдвал яасан юм бэ" гэсэн санааг хөнджээ. Тэргүүлэгчдийн хурлын санал хураалтаар уг хөшөөг нийслэлийн өмчөөс хасах нь зөв хэмээн олонх нь үзсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3,11-р сургуулийн барилгыг буулгаж суурин дээр нь шинэ сургууль барих болсон тул тэдгээрийг мөн л нийслэлийн өмчөөс хасч 2013 оны эхний хагас жилд багтаан буулгаж, шинэ сургууль барихаар болжээ. Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн 38,73-р сургууль, тус дүүргийн 47,57 Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26-р  цэцэрлэгийн  ашиглалтын хугацаа дуусч байгаа тул БНХАУ-ын буцалтгүй тусламжаар суурин дээр нь шинээр сургууль цэцэрлэг барих болсонтой холбогдуулан тэдгээрийн эргэн тойрон дахь нийтийн өмчийг нийслэлийн данснаас хасах тогтоолын төслийг баталсан байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин