Хүүхдэд газ худалдахгүй байх шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэх вэ
2012-09-28

Дархан-Уул аймагт дунд сургуулийн сурагч хичээлийн байрандаа  хий цацсаны улмаас  арван хүүхэд амьсгал нь боогдож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр уг хийг  эцэг эх нь хүүхэддээ өгсөн бөгөөд сурагч гар руугаа бага зэрэг цацсан гэж эхний мэдүүлэгтээ дурджээ.

Хий цацсан даруйд хүүхдүүдийн нүд аргаж, амьсгал боогдсон тухайгаа  мөрдөн байцаагчид мэдүүлсэн байна. Түүнчлэн хэрэг гарсан даруй сургуулийн удирдлага хүүхдүүдийг  яаралтай  эмнэлэгт хүргэсэн бол  тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн сургуулийн танхимыг хоргүйжүүлжээ.

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Халиунаас тодруулахад “Дархан-Уул аймгийн  аравдугаар баг “Од” цогцолбор сургуулийн  108 тоот танхимд  XI  ангийн сурагч амьсгал боогдуулах “Шок” нэртэй хий цацсаны улмаас арван сурагч  амьсгалын цочирдолд орж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг бүртгэгдсэн.

Уг хэргийг харьяа орон нутгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Одоогоор  амьсгал нь боогдсон хүүхдүүд эмнэлгийн  анхан шатны тусламж авч эмнэлгээс гарсан гэсэн мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд ахуй хэрэглээний газ үнэртэж мансуурсан тохиолдол  цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон юм. Тухайлбал, 2011 онд Баянгол, Налайх, Баянзүрх зэрэг дүүрэгт  хүүхдүүд мансуурсан тохиолдол арав гаруй удаа  гарсан байна.  Баримт татвал, Баянзүрх дүүргийн  зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрны подвалд  13-14 насны  таван хүүхэд 250 граммын   савтай ягаан өнгийн мансууруулах төрлийн  бодис үнэртэж  байгаад  хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан  хэрэг гарч байв.

Түүнчлэн өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-нд  Налайх дүүргийн хоёрдугаар хорооны 52-р байрны нэгдүгээр орцны давхарт 15 настай О нарын дөрвөн эрэгтэй хүүхэд 0,5 литрийн савалгаатай ахуйн хэрэглээний хийг гялгар уутанд хийж мансуурч байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн.

Тэд газ, цавуу, бусад химийн бодис үнэрлэж мансуурсан болохыг  нь  мэргэжлийн  байгууллага тогтоосон байдаг.  Эмч мэргэжилтнүүдийн сэрэмжлүүлж байгаагаар  химийн бодис нь хүүхдийн сэтгэцэд тодорхой хэмжээнд нөлөөлж түр зуурын мансуурал  үүсгэдэг. Түүнчлэн тархи мэдрэлд нь хор хөнөөлтэй аж.

Хэдийгээр мэргэжлийн байгууллагаас  насанд хүрээгүй хүүхдэд ахуйн хэрэглээний хийг худалдахгүй байх шийдвэрийг гаргасан ч уг худалдааг эрхэлж буй аж ахуйн нэгжүүд мөрдөхгүй байгаа нь хүүхдүүд хохирох бас нэгэн шалтгаан болж байна.

Тухайлбал, Мансуурлын эсрэг үндэсий төвд цавуу, бензин, олсны ургамал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмүүд хэрэглэсэн 133 эрэгтэй, 47 эмэгтэй хүүхэд хандан эмчлүүлжээ.

Мөн нэг гэр бүлийн хоёроос гурван охин мансууруулах ямар нэгэн бодис хэрэглэдэг байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүд, багш, асран хамгаалагчдад хандан бага насны хүүхдэд хараа хяналтаа сайжруулах, мансууруулах төрлийн элдэв бодисын хор хөнөөлийг ойлгуулах хэрэгтэй байгааг сануулж байна.

Н.Түвшин

 
Shuud.mn
Сонин хачин