Ангараг гариг дээр ус байсан нотолгоо оллоо
2012-09-28

Сансрын НАСА агентлагийн “Сониуч” өөрөө явагч хөлөг Ангараг гариг дээр эрт дээр үед ус байсан нотолгоо олжээ. Хөлөг нэгэн чулуулаг олсон нь хэзээ нэгэн цагт энэ гариг дээр ус урсаж байсны баримт болж байгаа аж. Канадын “Хотта” нуурын нэрээр уг хад чулууг нэрлэсэн бөгөөд чулууны тогтоц нь ус эсвэл салхинд элэгдэж ийм болсон байх хоёр хувилбар бий. Гэхдээ уг чулуу салхины нөлөөгөөр ийм хэлбэртэй болоход хэтэрхий том учир голын усанд л идэгдсэн байхаас өөр аргагүй болж байгаа юм. Эрдэмтэд уг чулуу олдсон хэсгийг голын хөвөө байсан гэж үзэж байна. Бас нэгэн чулуулгийг Линк хэмээн нэрлэсэн бөгөөд ийм хэлбэртэй болгоход нь нөлөөлсөн ус шагай эсвэл ташаа орчмоор татах хэмжээний ус байсан хэмээн Калифорнийн Их сургуулийн профессор, “Сониуч” хөтөлбөрийн хамтран шинжээч Виллиам Дитрих үзжээ. Хэдий хугацааны өмнө ус байсныг хэлэхэд хэцүү ч дунджаар хэдэн мянган сая жилийн тэртээ хэмээн Дитрих хэллээ. Сониуч хөлгийн гол зорилго Ангараг гариг дээр амьдрал байсан үгүйг судлах бөгөөд үүнд ус, эрчим хүчний эх үүсвэр, нүүрстөрөгч амин чухал билээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин