Авлигын эсрэг арга хэмжээг зохион байгуулав
2012-10-08

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн талаар мэдээлэх, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгөх, иргэдийн сонирхсон асуултад хариулах, өргөдөл, гомдол, мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах зорилгоор “Авлигын эсрэг хамтдаа” ээлжит арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав. “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчиллаа. Авлигыг үүсгэж буй шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажилтнууд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт, ажиглалт хийсэн бөгөөд төрийн үйлчилгээнд оршиж буй нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар иргэдээс санал авав. Энэ оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжоор нийтийн албан тушаалтнуудад тогтоосон 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар уг арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагчдад арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүсэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулав.

Авлигатай тэмцэх газар twitter, facebook хуудас нээж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд идэвхтэй ажиллах болсноо “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээний үеэр зарлаж, танилцууллаа. Тус байгууллагын www.iaac.mn цахим хуудсын өнгө төрх өмнөхөөс өөрчлөгдөж, агуулга нь улам бүр шинэчлэгдсэн бөгөөд бусад төрийн байгууллагад үлгэр дуурайл болохуйцаар ажиллуулна гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин