УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн өмч, эд хөрөнгө завшсан хэргээр шалгаж байсан юм.Түүнийг өнгөрөгч 2010 оноос АТГ-аас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж гэм буруутайг нь нотолсон боловч Л.Гүндалай Улсын Ерөнхий прокурорт хандан “Гэм буруугийн талаар маргахгүй, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү “ гэсэн хүсэлт тавьсан байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газарт Улсын Ерөнхий прокуророос өнгөрөгч 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр албан тоот хүргүүлж хэргийг сэргээн шалгаж өөрийх нь хүсэлтээр албан тушаалын хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Харин Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг нь саяхан Авлигатай тэмцэх газраас сэргээн шалгаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнийг хэд хэдэн удаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дуудан мэдүүлэг авчээ.
Хэргийн талаар сануулахад, Экс гишүүнийг Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 150 дахь хэсэгт зааснаар буруутган шалгаж байгаа юм.
Н.Түвшин