ЮНИСЕФ: Дэлхийд гурван бүсгүй тутмын нэгийг хүүхэд байхад нь хүчээр гэрлүүлжээ
2012-10-10

Дэлхийд  20-24 хүртэл насны гурван бүсгүй тутмын нэгийг бүр хүүхэд байхад нь  бусдад эхнэр болгон хүчээр өгчээ. НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) аравдугаар сарын 11-нд НҮБ-ын ивээлд анх удаа тэмдэглэх Олон улсын охидын өдрийн өмнө  ийм тоо баримт тараасан байна. Танилцуулсан мэдээ сэлтээс үзвэл,  дээр дурдсан насны 23 сая охиныг 15 нас хүрэхээс нь  өмнө сүй тавиулжээ. Харин хэрвээ 20-49 насны эмэгтэйчүүдийг авч үзвэл, тэдний 41 хувь буюу 400 саяыг нь 18 нас хүрэхээс нь өмнө бусдад эхнэр болгон өгсөн байна.  Ийм явдал Өмнөд Ази (46%), Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнууд (37%), Латин Америк, Карибын тэнгисийн сав газрын орнуудад (29%) олонтаа тааралддагийг НҮБ мэдээлжээ.  Европын холбоо болон ТУХН-ийн орнуудад ийм тохиолдлын 11 хувь нь бүртгэгдсэн байна. Ер нь 18 нас хүрэхээс өмнө гэрлэхийг 103 оронд хориглосон бөгөөд НҮБ 193 гишүүнтэй юм. Жил бүр 10 сая охид, бүсгүйчүүд   энэ насанд хүрэхээс өмнө гэр бүлийн амьдралыг албадлагын дор эхэлж, зарим тохиолдолд найман настай охидыг өөрсдөөс нь 3-4 дахин ах хүнтэй гэрлүүлдэг  байна.  “Охид амьдралынхаа эцсийг хүртэл  боол – гэр орны боол, сексийн боол болж, харин тэдний эмнэлгийн тусламж, боловсрол олж авах, гадуурхагдахгүй байх, биеийн болоод сэтгэл санааны талаар эрх чөлөөтэй байх эрх зөрчигдөж байна” гэж Женевт байрладаг дээрх Сангаас тараасан хэвлэлийн мэдээнд дурджээ. ЮНИСЕФ  энэ сэдэвт олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулахыг оролдохдоо, ийм гэрлэлт нь хэтэрхий залуу эхийн хувьд маш аюултай эрт жирэмслэхэд хүргэдгийг онцлон тэмдэглэж байна. Хөгжиж буй орнуудад  15-19 хүртэл насны залуу эхээс төрж байгаа хүүхдийн 90 хувь нь  ийм гэр бүлд төрж,  төрөлтийн хүндрэл нь энэ насны охид эндэх гол шалтгаан болдог  ажээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин