Энэтхэгийн Таж Махал арабын ертөнцөд сүндэрлэнэ
2012-10-11

Персийн булан дахь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг барих гэж байна. Энэ нь Энэтхэгийн Таж Махалаас даруй дөрөв дахин том цогцолбор болох бөгөөд дэлхийн хамгийн гайхалтай хуримын ёслолын харш сүндэрлэнэ. Дубай бол угаасаа олон орны зочид төлөөлөгчдийн хөл огтхон ч татардаггүй дэлхийн эдийн засгийн чөлөөт бүсийн томоохон хот юм. Эртний Таж Махал харин монголчуудын түүхтэй ч холбоотой юм билээ. Дорны соёлт Энэтхэг оронд хөл тавих завшаан тохиолдож, ертөнцийн долоон гайхамшгийн нэг Таж Махалын босгоор алхаж, нүдээр үзсэн минь арваад жилийн өмнө юмдаг. Түүнээс хойш энэ уран барилгын аугаа гайхамшигт цогцолбор барилгын багананд хазайлт үүсч, хана туурганд нь сэв суусны улмаас их засвар хийх шаардлагатай болсныг гадаадын мэдээллийн агентлагууд дурдаж, ЮНЕСКО-гийн анхааралд орсон билээ. Энэтхэг орныг Таж Махалгүйгээр төсөөлөх аргагүй. Хэрэв та энэ оронд хөл тавьсан ч ертөнцийн долоон гайхамшгийн нэг Энэтхэгийн энэхүү билэгдлийг үзээгүй бол эртний соёлт ард түмэнтэй бүрэн танилцаж амжаагүй гэж хэлж болно. Нийслэл Шинэ Делигээс зүүн хойд зүгт орших Агро хотод алдарт Таж Махал цогцолбор дэлхийн олон хөлийн жуулчдыг соронзон адил татаж, эрхэмсэг төрхөөрөө он оныг элээсээр авай. Таж гэдэг үгийг монголоор хөрвүүлбэл титэм гэсэнтэй утга дүйх ажээ. Английн яруу найрагч Эдвин Арнолд “Энэ бол зүгээр нэг барилга биш. Амилсан гоо үзэсгэлэн билээ. Хайр дурлалыг хамгийн бодитойгоор харъя гэвэл Таж Махалыг хар. Би бүсгүй хүнийг эндээс л мэдэрдэг. Таж Махал бол гантиганд шингэсэн эмэгтэй” гэж хэлсэн байдаг. Алдарт Таж Махалыг Шах Жахан хааны тав дахь хатан Мутаз Махалын мөнхийн дурсгалд зориулж, 1632 оноос эхлэн 22 жилийн турш барьжээ.Тэгэхдээ дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг уран барилгачдыг ирүүлж шалгаруулсны эцэст Ираны Юстад Исагийн зураг төслөөр босгосон байна. Энэтхэгийн урлагийн бүхий л сор болсон дээжсийг энд бүрэн багтаасан гэж болно. Хаантан 1612 онд Махалыг хатнаа болгожээ. Хэдийгээр бүсгүй өмнө нь хоёр ч удаа нөхөрт гарч байсан боловч хаан, хатан хоёрын хайр дурлал чухам л үлгэр мэт сайхан байлаа. Хамтын амьдралын 19 жилийг туулахад ухаант хатны мэдлэг боловсрол хаант төрийн улс төрийн гол түшиг тулгуур болж байсныг түүх гэрчилдэг.Гэвч тэрээр 1631 оны зургадугаар сарын 17-ны өдөр 14 дэх хүүхдээ төрүүлээд 39-хэн насандаа хорвоогоос хальсан билээ.Тэр үед хаан аян дайнд явж байжээ. Хатныхаа бие чилээрхсэнийг сонсоод нутгийн зүг хүлгийн жолоо залсан ч нэгэнт хожимдсон байлаа. Асар ихээр гашуудсан Шах Жахан хаан хатныхаа шарилын өмнө “Чамайгаа мөнхжүүлэхийн тулд бүтээж болох бүхнийг хийнэ” гэж андгайлсан гэдэг. Ийнхүү Ямуна голын эрэг дээрх газрыг сонгож, олон уран барилгачны уран санаа, хосгүй зургаас шилдгийг нь шалгаруулжээ. Тэгээд Таж Махалыг зандан, хулс зэрэг олон янзын материалаас шилсээр хамгийн сүүлд цагаан гантигаар барихаар болсон байна. 6,7 метр өндөр оройтой, 95 ам. дөрвөлжин метр талбай бүхий гол барилга дөрвөн хэсгээс бүрддэг. Дөрвөн тасалгаа нь үндсэндээ  хааны гэр бүлийн дөрвөн гишүүнд зориулагдсан бөгөөд  Мутаз Махал хатны бунхан гол хэсгийг эзэлдэг. Хаалгаар оронгуут өмнөөс тулах хатны бунхан хэмжээгээрээ том ч сүрлэг барилгын дотор жижигхэн мэт харагддаг. Гэхдээ л чулуун урлагийн гайхамшиг мөнөөс мөн. Эрдэнийн 35 төрлийн чулууг Энэтхэг, Хятад, Шри-Ланка, Ирак, Йемен, Арабаас авчирч, баганан дээр нь Аллах тэнгэрийн 99 бурханы нэрийг сийлжээ. Гаднах цэцэрлэгт хүрээлэнг Персийн алдарт зураач Чербахын зургаар байгуулсан аж. Анх 580 ам. дөрвөлжин метр талбайд газар газрын 400 төрлийн ургамлын үр суулгажээ. Чухамдаа ертөнцийн хамгийн сайхан ургамлын дээжис байх  учиртай хэмээн үзсэн байж. Таж Махалыг улам хосгүй сайхан харагдуулахын тулд Ямуна голын голдрилыг ч өөрчилсөн байна. Харин энэхүү гайхамшгийг бүтээн босгоход зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээг ихэд нууцалсан гэдэг. Хүү нь Шах Жахан хааныг  65 настай байхад төрийн эрхээс зайлуулж, нэг хэсэг шоронд хорьсон хугацаанд энэ барилгын ажил хэсэг саатжээ. Гэвч 1666 онд хаан шоронгоос гарч ирээд Таж Махалыг барьж дуусгах ажлыг өөрийн биеэр удирдан хийлгэсэн түүхтэй. Монголчуудад нэн хамаатай нэгэн учгийг татахад Мутаз Махал хатныг монгол удмын хүн гэж энэтхэгчүүдийн дунд ярих нь бий. Нэг талаар энэ нь оргүй үг биш байж мэднэ. Яагаад гэвэл Энэтхэгийн хойд талын Накланд мужийн монголжуу царайтай хүмүүсийг Чингисийн их цэргээс үлдэж хоцорсон монгол угсаатнууд гэдэг. NTV телевизийн “Монголоо хайсан монгол нэвтрүүлэгт” нээрээ л бидний үсэрсэн цус, хугарсан ясны тасархай болохыг өгүүлсэн. Үнэхээр ч эмэгтэйчүүд нь манай монгол бүсгүйчүүдтэй үнэхээр төстэй юм билээ. Ийн эргэцүүлбээс алдарт Таж Махалын дотор монгол удмын хатан мөнхөд нойрсож буй юм болов уу. Х.Ариунбаатар
Shuud.mn
Сонин хачин
agi:
Ikh Mogol ulsyg baiguulssan Babur ni etsegeeree Chingisiin, ekheeree dogolon Tumuriin yr udmyn hun baisan gedeg
2012-10-13
Баяр:
Таж Махал бол Дэлигээс зүүн урд зүгт байдаг юм, би хоёр удаа очиж үзэж байсан, Тажикстаны Бабур хааны удмын Шах жахан хаан барьж байгуулсан гэдэг, Бабур хааны эхнэр болхоор Чингис хааны удмын гүнж байсан гэхээр яах араггүй Монгол угсааны хүн үүнийг бариулсан байгаа юм, Тайлбарлагч болхоор эртний Моголын удмын хаан бариулсан гэдэг юм, Могол гэдэг бол Монгол гэсэн үг юм
2012-10-11