Хаан таалал төгсчээ
2012-10-15

Камбожийн хаан Нородом Сианук таалал төгсчээ. Хаантан 89 насандаа зүрхний шигдээс өвчний улмаас Бээжин хотноо тэнгэрт хальсан тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Камбожид улс орон даяараа эмгэнэл зарлаад байгаа аж. Камбожийн талийгаач хааныг Азийн улс орнуудын эзэн хаадын дотроос тун сонирхолтой намтар, түүхтэй, гашуун дурсамжтай нэгэн гэдэг. Нородом Сианукыг 1922 онд Камбожийн эзэн хааны гэрт төрөхөд Энэтхэг, Хятадын хойгт Вьетнам, Лаос, Камбож бүрэлдэхүүндээ багтаасан колонийн улсыг Франц байгуулаад байлаа. 1941 онд Сианук 19 настайдаа хаан ширээнд залагдсан ба энэ үед Камбожийг япончууд түрэмгийлэн эзлээд байлаа. Улс орноо Францын колони байхад төрөөд, өөрийнх нь засаглалын үед Япон улсын түрэмгийлэлд орохыг нүдээрээ харжээ. Дайны дараа сульдсан Франц улс Ази дахь колониудаа захирч дийлэхээ байсан үед Вьетнам тэмцсээр тусгаар улс болсон. Энэ үед Сианук ч улс үндэстнээ толгойлон Францын харьяанаас албан ёсоор гарч чадсан юм. Гэсэн ч Вьетнамчуудын коммунизмын халдвар Камбожид ч мөн халдаж Улаан Кхмерчүүд гэж нэрлэгдсэн коммунистууд засгийн газрынхаа эсрэг 20 гаруй жил тэмцэж улмаар 1976 онд төрийн эрхэнд гарсан юм. Тэр даруй коммунистуудаас айсан Сианук хаан сайн дураар хаан ширээнээсээ татгалзаж, улсаа бүгд найрамдах хэмээн татгалзан, кхмерчүүдийн талд орсон гэдэг. Гэсэн ч коммунистуудын эвлэршгүй дайсан болох баяд, ноёдын хамгийн том төлөөллийнхөө хувьд эмээн зугтаж Хойд Солонгосыг зорьсон гэдэг. Нутгаа орхин, амь тэмцэж ирсэн хааныг Ким Ир Сен элэгсгээр хүлээн авч хэдэн жил орогнуулсан гэдэг. ...Нородом Сианук хаан ийнхүү хувь заяагаа даган хилийн чанадад амьдрах болсон. Азийн сүүлийн хаадаас хамгийн сул дорой хэмээн түүнийг өрнөдийнхөн хочилж байлаа. Төрөхөд нь л улс нь харийнхны дарлалд байсан, хаан ширээнд суухад нь мөн л өөр нэг улс халдаар ирж эзэлсэн. Францаас тусгаар тогтносон Камбожийн хаант улсын үед эх нутаг нь засгийн газар болон коммунистуудын дунд өрнөсөн иргэний дайны хөлд сүйтгэгдсэн. Улмаар эх нутгаа орхин зугатахаас аргагүй болсон гээд түүнд үргэлжид зовлонт цаг мөч нүүрлэж байж. Гэхдээ кхмерчүүдийн устгасан хэдэн сая сэхээтэн, баячуудын нэг болчихолгүй шинэ зууныг үзсэн түүнийг Азийн хаан нэртэй сүүлчийн азтай иргэдийн нэг хэмээдэг... Вьетнамчууд Энэтхэг, хятадын хойгийг нэгдмэл коммунист улс болгох санаархлаа хэрэгжүүлэхээр Камбожийг довтоллоо. Энэ үеэр Хятадын арми Вьетнамыг хүчирхэгжихээс болгоомжилж, залхаан цээрлүүлэхээр дайн зарлалаа. Сианук хаан энэ боломжийг ашиглан нутагтаа буцаж очжээ. Тэрбээр хаант засгийг сэргээх гэсэн хэдий ч дахиад л иргэний дайн өрнөж. Ингээд эцэст нь хүйтэн дайн дуусаж, ЗХУ  нуран унаснаар Вьетнам ч НҮБ-ын шахалтаар Камбожоос гарч тус орон ардчилал, зах зээлийн замыг сонгосноор Нородом Сианук дахин хаан ширээнд залагдаж, улс орныхоо бэлгэдлийн нэг болсон юм. Түүхчид түүний амьдралыг тэр чигээрээ маш ээдрээтэй, бөгөөд сонирхолтой нэгэн амьд түүх хэмээдэг байж. Хорьдугаар зууны хамгийн аймшигтай хүчирхийлэл, хядлагын амьд гэрч, бүхэл бүтэн нэгэн ард түмний мөхөл, сэхлийг нүдээрээ үзэж явсан ч тэднийхээ төлөө дорвитой зүйл хийч чадаагүй гашуун дурсамжтай язгууртан хэмээн Сианукыг бичдэг. Н.Өрнө  
Shuud.mn
Сонин хачин