Эрдэмтдийг хүлээн авч уулзав
2012-10-15

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өчигдөр эрдэмтдийг хүлээн авч уулзаж, үйлдвэрлэлийн салбарын судалгаа шинжилгээ, туршилт, шинжлэх ухааны хөгжлийн түвшин, гадаадын хөгжилтэй орнуудын туршилт, туршлага ололт нээлтийг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар ярилцжээ. Уулзалтад ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, яамны ТНБД Х.Золжаргал болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн эрдэмтэн багш гээд 30 гаруй доктор, профессор оролцсон байна. Лабораторид туршаад үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон олон технелоги, туршилт байгааг эрдэмтэд сайдад танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар эрдэмтдийг дэмжиж байсан түүх байхгүй, үргэлж гадаадын төсөл хөтөлбөрт хандаж, тусламж авдаг, санхүүгийн дэмжлэг байхгүй хэцүү байна гэдгээ хэлжээ. Харин ҮХАА-н сайд Х.Баттулга “Одоо наад гомдлоо зогсоо. Энэ Засгийн газар үйлдвэрлэлд ач холбогдол өгөөд аж үйлдвэрийн яам байгуулчихсан, та бүхэн тэр яаманд нь ирчихээд байна. Тийм учраас ажил хийгдэх нь тодорхой харин тэр ажилд хэрхэн гараа хөдөлгөж, яаж оролцох вэ гэдгээ ярилцъя” гэсэн саналыг эрдэмтдэд тавьсан юм. Мөн тэрээр онол, үйлдвэрлэл, эрдэмтдийн харилцан уялдаагүй байгаагаас ч нэлээд зүйл шалтгаалж байгааг хэлсэн байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой шинэ санаа, санаачилга, технологийг лабораторид туршсаны дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн өмнө туршилтын үйлдвэрт заавал хэрэглэж дахин туршдаг дэлхий нийтийн жишгийг манай улс хэрэгжүүлдэггүй, туршилтын үйлдвэр байгуулах боломж байдаггүй гэдэг дээр тэдний санал нэгдсэн. Үүнийг шийдвэрлэж, туршилтын үйлдвэрүүд байгуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох талаар ч ярилцжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин